Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Пёнчан 2018” өвлийн олимп анх удаа 5G сүлжээ ашиглаж, роботууд танд үйлчилнэ

Ч.Болортуяа
2017 оны 11 сарын 30
iKon.MN

2018 оны өвлийн олимп ирэх хоёрдугаар сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох гэж байна. Харин 2020 оны зуны олимп Япон улсын нийслэл Токиод зохион байгуулагдах бол 2022 оны өвлийн олимп БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болно.

 

Үүнийг Олимпын наадмын түүхэн дэх Азийн эрин үе эхэлж буй үйл явдал хэмээн Пёнчаны өвлийн олимпыг зохион байгуулагчид гадаадын сэтгүүлчдэд танилцуулж байлаа. Солонгосын Хэвлэл Мэдээллийн Сангаас зохион байгуулсан олон улсын “KPF Journalism Conference”-нд оролцсон гадаадын 20 гаруй орны сэтгүүлчдэд “Пёнчан 2018” өвлийн олимпын бэлтгэл ажил болоод онцлог содон зүйлсээ танилцуулсан юм.

2018 оны хоёрдугаар сарын 9-25-ны хооронд буюу 17 хоног олимпын наадам зохион байгуулагдах бол гуравдугаар сарын 9-18-ны хооронд буюу 10 хоног паралимпийн наадам болно.

1988 оны Сөүлийн зуны XXIV олимпоос хойш 30 жилийн дараа Өмнөд Солонгосчууд олимпын наадам зохион байгуулахаар сонгогдсон нь түүхэн үйл явдал юм гэж тэд үзэж байна.

Дэлхийд интернэтийн хурдаараа тэргүүлдэг Солонгосчууд (29Mbps) XXIII өвлийн олимпоор технологийн олон шинэ давуу талыг ашиглахаар бэлдэж байгаагаа танилцуулж байгаа нь онцлог байв.

Тухайлбал дэлхийн улс орнууд түрүүлж нэвтрүүлэхээр уралдаж буй 5G технологи буюу дараа үеийн өндөр хурдны утасгүй сүлжээг ашиглахаар төлөвлөснөө зарлаад байна.

Тэд 5G сүлжээтэй автобус, virtual reality буюу бодит дүрслэл бүхий контентууд, тамирчдын онооны үзүүлэлт зэргийг өндөр хурдны интернэтийн сүлжээг ашиглан нэвтрүүлэх юм байна.

5G сүлжээг Internet of Things (IoT) буюу бүх төхөөрөмж сүлжээнд холбогддог болох эриний гол дэд бүтэц байна гэж үзэж байгаа.

“Пёнчан 2018” өвлийн олимпын үеэр роботууд үзүүлбэр үзүүлж, зарим үйлчилгээний үүргийг гүйцэтгэх юм байна.

Мөн энэ удаагийн олимпын наадмыг ямар нэгэн хэлний саад бэрхшээлгүй дэлхийд хамгийн сайн автомат орчуулга, орчуулгын технологоор дамжуулан зохион байгуулахаа Солонгосчууд мэдэгдлээ.

“Пёнчан 2018” өвлийн олимпоор нийт 102 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөнө. Олимпт дэлхийн өнцөг булан бүрээс 20,389 сайн дурын ажилчин энэ үеэр ажиллах юм байна.

Сөүлээс Пёнчан хот руу автобусаар гурван цаг явах ч хурдны галт тэргийн сонголт байгаа юм. Олимпын арга хэмжээнүүд Пёнчан, Каннын гэж хоёр хотод болох бөгөөд хотууд аль хэдийнээ хурдны галт тэргээр холбогдоод байна. 

 

Нийт 12 байгууламжинд тэмцээн уралдаанууд болох бөгөөд зургааг нь Солонгосчууд шинээр барьж бэлэн болгоод байна. 

 
 

Бидний зочилсон нээлтийн стадиум гэхэд анх удаа буцаад буулгах зориулалтаар хийгдсэн цэнгэлдэх хүрээлэн аж. 

“Пёнчан 2018” өвлийн олимпод урьдчилсан тооцооллоор ойролцоогоор 90 орны тамирчин оролцох төлөвлөгөөтэй байгаа юм байна. Гэхдээ олимпын эрх авах үйл явц дуусаагүй байна.

Монгол Улсын хувьд энэхүү олимпод урьдчилсан байдлаар хоёр тамирчин оролцох нь тодорхой болж байгаа бол ирэх оны нэгдүгээр сарын 16-нд яг хэчнээн тамирчин ямар бүрэлдэхүүнтэй оролцох нь тодорхой болох аж. Монголын Олимпын Хорооны мэдээлж буйгаар Монгол Улс тэшүүр, цана, биатлоны төрөлд оролцохоор бэлдэж байна. 

 

Өвлийн олимпын нээлт, хаалтын тасалбар гэхэд 400 мянгаас гурван сая төгрөгийн хооронд борлогдож байна. 

Өвлийн олимпын билет захиалгыг та ЭНД дарж хийх боломжтой.