Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Францын Засгийн газар Онцгой байдлын албанд НИСДЭГ ТЭРЭГ нийлүүлэх саналыг хүлээн авчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд хатагтай Элизабет Барсак, БНХАУ дахь БНФУ-ын Элчин сайдын яамны Иргэний хамгаалалтын атташе, дэд хурандаа Фрэдэрик Ломм, БНФУ-ын “Софэма” группийн дэд ерөнхийлөгч ноён Франсуа Фрэдэрик Тиссеран, нисдэг тэрэг хариуцсан мэргэжилтэн ноён Марк Монжу, “Дэсотэл” группийн экспорт хариуцсан захирал ноён  Марк Ларив,  гал унтраах тусгай зориулалтын машин үйлдвэрлэл хариуцсан захирал ноён Алайн Пэррү нарын зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа .

БНФУ-ын Софема, Дэсотэл  группуудын төлөөлөгчдийн Монгол улсад хийж буй ажлын айлчлалын гол зорилго нь Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, аврах болон гал унтраах ажиллагаанд ашиглаж буй техник тоног төхөөрөмжтэй танилцах, Монгол Улсын Онцгой байдлын албанд нисдэг тэрэг ашиглах, гал унтраах, аврах үндсэн албаны автомашин нийлүүлэх төслийг санхүү, техникийн талаас эцэслэн шийдвэрлэхийн тулд нөхцөл байдалтай газар дээр нь танилцах юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал энэ оны 09 дүгээр сард БНФУ-д ажлын айлчлал хийх үеэрээ, 2010 онд МУ-ын Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий удирдах газар хооронд байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг шинэчлэх, хоёр талын харилцан хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах, улмаар Монгол Улсын Онцгой байдлын албанд нисдэг тэрэг нийлүүлэх чиглэлээр яриа хэлэлцээрүүдийг хийж тодорхой саналуудыг тавьж байсан. Энэхүү айлчлалын үр дүнд өнөөдөр Франц Улсын төлөөлөгчид Монгол Улсын Онцгой байдлын албатай танилцаж байгаа үйл явдал юм.

Төлөөлөгчид Монгол Улсад айлчлах үеэрээ монгол орны нөхцөл, онцлог, аврагч, гал сөнөөгчдийн аврах ажиллагаа явуулахад тулгарч буй хүндрэл, бэрхшээлтэй газар дээр нь танилцана.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамны төлөөлөл, Иргэний нисэхийн ерөнхий газар болон Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн холбогдох хүмүүстэй уулзах, нисдэг тэрэг авчрахад тавигдах нөхцөл, татвар хураамж, сургалтын төв байгуулахад хууль эрхзүйн талаас тавигдах шаардлагыг судлах, аврах, гал унтраах автомашин, техник тоног төхөөрөмж, алба хаагчдын ажил, үүргээ гүйцэтгэж буй нөхцөл байдалтай танилцах юм.

Уулзалтын үеэр, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Монгол Улсын Засгийн газрын барьж буй бодлого, зорилтын нэг асуудал нь Онцгой байдлын албыг чадавхижуулах, өөрийн гэсэн нисдэг тэрэгтэй болгох явдал байгаа. Өнгөрсөн зун монгол орны ихэнх нутгийг хамран гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдал нь Монгол Улс аврах, эрэн хайх ажиллагаанд ашиглах нисдэг тэрэгтэй болох зайлшгүй шаардлагатай байгааг харуулсан.

Монголын ард түмэн ч Онцгой байдлыг албыг бэхжүүлэх, нисдэг тэрэгтэй болгох зорилгоор сэтгэл зүрхээрээ нэгдэж, хандив тусламж үзүүлэх дэмжлэг үзүүлж байна.

Онцгой байдлын албанд нисдэг тэрэг нийлүүлэх Монголын талаас тавьсан санал, хүсэлтийг БНФУ-ын Засгийн газар хүлээн авч, судалгаа хийхээр та бүхэн манай улсад айлчилж буйд талархаж байна. Онцгой байдлын алба аврах, эрэн хайх ажиллагаанд нисдэг тэрэг ашиглах, өөрийн гэсэн нисдэг тэрэгтэй болох эхний алхам тавигдаж байгаад баяртай байна” гэлээ.

Төлөөлөгчид 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсад ажиллана.

 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар