Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Цаазын ялгүй учир хүчиндэх, хүнийг санаатай алах гэмт хэрэг өссөн гэх ҮНДЭСЛЭЛТЭЙ юу?

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга 11 дүгээр сарын 27-нд бага насны хүүхдийг хүчирхийлэх, алах гэмт хэргийг үйлдсэн этгээдэд цаазын ял оноодог болгох саналыг Хууль зүй, Дотоод хэргийн сайдад хүргүүлсэн билээ.

Ингэхдээ “Монгол Улсын иргэдийн ухамсар, ёс суртахуун, хүн хүнээ дээдлэх соёл, зан заншлыг үгүйсгэсэн жигшүүрт гэмт үйлдлүүд улам бүр нэмэгдэж байгаа нь манай улс цаазаар авах ялыг халах цаг хараахан болоогүй байсныг илтгэж байна” хэмээжээ.

Тэгвэл цаазын ялыг халснаар хүнийг санаатай алах, хүчиндэх, хүүхдийн эсрэг гэмт хэрэг өссөн үү. Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан мэдээллээс харахад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэрэг өсөөгүй байна.

График 1: Хүчиндэх гэмт хэргийн тоо, жилээр

График 2: Хүнийг санаатай алах гэмт хэргийн тоо, жилээр

График 3: Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт  хэргийн тоо, жилээр

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо,

Цагдаагийн Ерөнхий Газар, Бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээ

Манай улс 2010 оноос хойш цаазын ял гүйцэтгээгүй. 2015 оноос шинэ Эрүүгийн хууль батлагдаж албан ёсоор цаазын ялгүй орон болсон. Тэгвэл дээрх тоо баримтыг харахад цаазын ялыг халснаар жигшүүрт гэмт хэргийн тоо өсөөгүй, харин ч бага зэрэг буурсан үр дүн анзаарагдаж байгаа юм.

Цаазын ялыг халах, гэмт хэргийн өсөлт хоорондоо хамааралгүй болох тухай МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан "Цаазаар авах ял нь онц хүнд гэмт хэргийг бууруулахад ямар ч үр нөлөөгүй гэдгийг маш олон судалгаа баталдаг. 

Социализмын үед 6 сартай хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг гарч байсан гэдэг. Тухайн үед цаазаар авах ял байсан ч ийм хэрцгий хэрэг гарч байжээ.

Канад улс 1975 онд цаазаар авах ялыг халсан. 2006 онд Канадын онц хүнд гэмт хэргийн гаралт 40 хувиар буурсан байдаг. Энэтхэг улсад 2004-2010 онд цаазаар авах ял гүйцэтгээгүй ч онц хүнд гэмт хэрэг 20 гаруй хувиар буурчээ.

Гэмт хэрэг гарахад олон хүчин зүйл нөлөөлдөг. Тухайлбал ядуурал, ажилгүйдэл, архидалт ихсэхээр гэмт хэргийн гаралт ихэсдэг нь тодорхой. Мөн бэлгийн дарамт, аливаа зүйлийг хүчээр шийдэх гэсэн хандлага нийгэмд их байна. Эдгээр асуудлыг шийдсэний дараа хүчирхийлэл тодорхой хэмжээнд буурна" гэсэн юм.