Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Тэрбумтнууд, язгууртнууд хүүхэддээ Мандарин хэл заалгахыг чухалчилдаг болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 29
iKon.MN

Хүн эх хэлнээсээ гадна хоёр дахь хэл сурах нь олон талын ач холбогдолтой. Тархины хөгжил, эрүүл мэндээс гадна танин мэдэхүй, боловсролын чухал нөлөөтэй.

Харин яг одоогийн байдлаар дэлхий дахинд Мандарин хэл хамгийн эрэлттэй хэл болоод байна. Зарим тэрбумтнууд, язгууртнууд үр хүүхэддээ багаас нь Мандарин хэл заалгаж эхэлжээ.

Хятад хэлэнд Мандарин, Кантон гэсэн хоёр том аялга байдаг ба Мандарин аялгатай Хятад хэлээр 1 тэрбум орчим хүн ярьдаг.

Ирээдүйн улс төр, бизнесийн амьдралд энэ хэл маш чухал байр суурьтай болохоор байгаа юм.

Дараах олны танил тэрбумтнууд, язгууртнууд хүүхэддээ Мандарин хэл заалгаж байгаа ажээ.

 

Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безосын гэр бүл

 

Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безос, түүний эхнэр Маккензи нар дөрвөн хүүхэдтэй. Саяхан Маккензи хатагтай Vogue сэтгүүлд ярихдаа “Бид хүүхдүүдээ олон зүйлд суралцуулах гэж хичээдэг. Жишээ нь цаг уурын янз бүрийн нөхцөлд аялуулах, хоол хийх, инкубаторт тахиа үржүүлэх, Мандарин хэл, Сингапурын математикийн хөтөлбөр, олон төрлийн спорт тоглоом гэх мэт…” хэмээн өгүүлжээ.

 

Фэйсбүүкийн Марк Зукербэргийн гэр бүл

 

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукербэрг хэдхэн жилийн өмнөөс Мандарин хэл судалж эхэлсэн ч маш хурдан сайжирсан байдаг. Тэр саяхан 30 минутын турш энэ хэлээр бусдын асуултад хариулж, ярилцсан нь үүнийг харуулж байна. Түүний эхнэр Присцилла Чан Вьетнамд цагаачилсан Хятад гэр бүлээс гаралтай. Тэр Кантон хэлээр чөлөөтэй ярьдаг аж.

Тэд охин Максдаа Мандарин хэл заалгаж эхэлжээ. Марк өөрийн фэйсбүүк хуудсандаа хиймэл оюунт туслагчаар охиндоо Мандарин хэл заалгаж байгаа видеог үзүүлсэн байна.

 

АНУ-ын ерөнхийлөгч Трампын гэр бүл

 

АНУ-ын ерөнхийлөгчийн том охин Иванка Трамп, түүний нөхөр Жаред Кушнер нар гурван хүүхэдтэй, тэдэндээ Мандарин хэлтэй асрагч хөлсөлдөг. Тэдний том охин, 5 настай Арабела хэлний ур чадвараа хэд хэдэн удаа олон нийтэд харуулаад байгаа билээ.

 

Британий хатан хааны гэр бүл

 

Их Британий ханхүү Уилльям, гүнж Кэйт Мидлтон нар хоёр хүүхэдтэй. Том хүү, 4 настай Жорж нь саяхнаас Лондоны Томас Баттерси цэцэрлэгт явж эхэлжээ.

Уг цэцэрлэг ханхүү Жоржид Мандарин хэл зааж байгаа гэнэ. Түүний эцэг ханхүү Уилльям хэдэн жилийн өмнө Хятадын сар шинийн баярыг тохиолдуулан Мандарин хэлээр мэндчилгээ дэвшүүлж байв.

 

Эх сурвалж: Business Insider