Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж: "Эрдэнэт" болон С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг Монгол төрийн завхарлын толь бичиг болж түүхэнд үлдэнэ

Ж.Баярсайхан, Үндэсний шуудан
2017 оны 11 сарын 29
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн даваа гаригт “Цензургүй яриа" нэвтрүүлэгт орсон юм. Уг нэвтрүүлгийн өмнөх дугаарт Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц оролцоод байсан билээ. Тиймээс түүний ярилцлага нийтийн анхаарлыг татаж байв. Ингээд нэвтрүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлсэн үгсээс түүн хүргэж байна.

  • Б.Хурц яриандаа “Эрдэнэт”, С.Зоригийн хэргийн асуудлаас болж ийм байдал үүссэн гэж үнэнийг хэлсэн. Хоёрдугаарт, тэр “Эрдэнэт”-ийн хэргийн ард байдаг Д.Эрдэнэбилэгтэй салшгүй холбоотой гэдгээ зөвшөөрсөн. Гуравдугаарт, “Эрдэнэт”-ийн асуудлаар хойшоо гарсан, оросуудтай уулзаж байсан. Өөрөөр хэлбэл, энэ далд луйварт гар бие оролцсон гэдэг гурван үнэнээ хэлсэн шүү.
  • Ц.Нямдорж Хууль зүйн сайдаар ажиллаж байхад С.Зоригийн амь насанд халдсан хэргийн ажлын хэсэг дөрвөн удаа өөрчлөгдсөн гэсэн. Энэ хэрэг дээр Аюулгүй байдлын зөвлөлөөс ажлын хэсэг гаргаж байсан шиг байгаа юм. 2000 оноос хойш надаас гадна Хууль зүйн сайд хийсэн таван хүн бий. Д.Одбаяр, Ц.Мөнх-Оргил, Х.Тэмүүжин, Д.Дорлигжав, С.Бямбацогт нар.

Энэ таван сайдын хэн нь ч Тагнуулын газар дээр шалгагдаж байсан энэ хэргийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Яагаад гэхээр Тагнуулын газар дээр явагдаж байгаа нууц, далд ажиллагаа Хууль зүйн сайдад ерөөсөө танилцуулагддаггүй. Тэгэхээр Ажлын хэсгийг Ц.Нямдорж өөрчилсөн гэдэг чинь худлаа. Хэрэв ажлын хэсэг өөрчлөх санал явж байсан бол тэр Тагнуулаас орсон санал. Тэгээд нууцын зэрэглэлтэй байсан учраас намайг оролцуулаад зургаан Хууль зүйн сайд үүнийг мэдэх ямар ч бололцоо байхгүй.

  • С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчийг илрүүлэх нэрийдлээр Тагнуулын байгууллага лав л 14 хүнийг хууль бусаар цагдаж хорьсон гэдгийг Б.Хурц хэлсэн. 15 дахь нь Ц.Амгаланбаатар, 16 дахь нь Т.Чимэгээ, 17 дахь нь Б.Содномдаржаа. Ингээд нийт энэ хэрэгт холбогдож хоригдсон хүний тоо чинь бараг 20 хүрлээ. Би шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг нь нууцаас гаргах саналаа Засгийн газарт оруулчихсан. Одоо ТЕГ-ын саналыг үндэслээд энэ долоо хоногт Засгийн газраар оруулаад тэр хэргийг нууцаас гаргана.
  • Надтай хамаагүй байдаг учраас Тагнуулын ерөнхий газрын байшинд би 1998 оноос хойш орж үзээгүй. Би хэрэг илрүүлэлтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор нотолгоо бүхий баримт олж өгсөн хүнд 500 сая төгрөгийн урамшуулал егнө гэсэн тогтоол Засгийн газраар оруулж батлуулсан. Тэр тогтоол одоо хүртэл хүчинтэй байгаа.
  • "Берлиний нисэх онгоцны буудал дээр нэг герман хүнийг холоос хараад зогсож байсан” гэж Б.Хурц дахиад нэг худлаа хэлж байна лээ. Д.Энхбатыг миний ойлгосноор Францаас хулгайлсан. Тэгээд Бельгиэр дамжуулаад Германы Элчин сайдын яамны подвалд нь байлгаж байгаад онгоцонд суулгаад наашаа явуулсан.
  • Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хил гэж байдаг юм. Тэр чинь Замын-Үүд, Алтанбулаг хоёр дээр дуусдаг. Тэрнээс гарах юм бол гадаад улсын хил хязгаарт халдсан хэрэг болж хувирна. Энэ тогтчихсон ёс. Тийм юм байхгүй хийсэн учраас хулгайн зэрэглэл рүү ороод Б.Хурцыг Англид баривчилсан.
  • Ж.Баатар намайг гүтгэсэн талаар 2004 оны нэгдүгээр сарын 8-нд 16 тоот шүүхийн тогтоол гарсан. Энэ тогтоолоор Ж.Баатарыг хоёр төрлийн хэрэгт шийтгэсэн. Эхнийх нь албан тушаал, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа төрийн нууц задруулсан.

Хоёрдугаарт, “Ц.Нямдоржийн Хятадын тагнуултай холбоотой гэж улс эх орноосоо урвах онц хүнд гэмт хэрэгт яллуулахаар гүтгэснээс Ц.Нямдоржид хохирол учирсан нь нотлох баримтаар тогтоогдсон тул” гээд ялыг нь өгсөн. Энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал нь мөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр болоод үүнийг баталсан. Ийм л юм болсон. Би 20 жил гүтгүүлж байгаа хүн.

  • Тусгай албаны ажиллагаа сүүлийн үед илт улс төрийн үйл ажиллагаа явуулдаг боллоо. Би үүнийг нь эсэргүүцэж удаан хугацаанд ярьж байгаа хүн шүү. Сүүлийн үеийн Ерөнхийлөгчийн сонгуулиудыг хар. 2009 онд Ц.Элбэгдорж солонгосчуудаас мөнгө авч байгаа бичлэг тарсан даа. Тэр бичлэг нь тусгай албаных байсан. 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цагдаагаас Ё.Отгонбаярын эхнэрийг 328 сая ам.долларын хадгаламжтай гэдэг мэдэгдэл хийсэн.

Тэгээд өмөөрөх хүн олдохгүй болохоор нь би гарсан юм. “Монголд 328 сая ам.долларын хөрөнгөтэй нэг айлын авгай байтугай банк байхгүй. Наадах чинь худлаа мэдэгдэл хийж байна” гээд хэлчихсэн чинь маргааш нь 328 сая ам.долларын хэргээ орхиод 36 данс ярьж эхэлсэн шүү дээ. Тэр хачин юмаараа Ё.Отгонбаярын амьдралыг сүйтгээд дууссан шүү. Дахиад сая өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар юу болов.

  • С.Зоригийн амь насыг хороосон хэргийн гүйцэтгэгчийг мөрдсөн материалыг нууцалж байгаа болохоор итгэхгүй байгаа юм. Захиалгаар хүн алсан гэж шийтгэчхээд захиалагчийг нь одоог хүртэл зарлахгүй байна. Захиалагчийг нь олж тогтоож байж тэр ял авсан гурван нөхрийг чинь ийм хэрэг хийсэн гэж яллах ёстой биз дээ. Тэр нь байхгүй болохоор би итгэхгүй байгаа юм.

Би ч бас харьцангуй өндөр мэдээлэлтэй хүн шүү дээ. Захиалагчаа зарлаач гэдгийг би эртнээс тавьж ирсэн. Хамгийн гол нь энэ хэрэгт холбогдсон хүмүүсийг барьж авахын өмнө Эрдэнэтэд балмад явдал болсон. Эндээс хүн явуулж тэр Б.Содномдаржаа гэдэг нөхөртэй зодоон үүсгүүлсэн. Т.Чимэгээ гэдэг эмэгтэйн хашаанд хүний шарил аваачиж хаяад сэтгэлийн дарамтад оруулж байгаад эд нар ажиллагаа хийсэн. Ингэж болох уу.

  • Цаашаа явах тусам улам осолтой болно. Би чинь эрх биш 10 жил прокурор хийсэн, хэрэг уншсан хүн. Ийм зүйлийг биеэрээ мэдэрдэг болчихсон мэргэжлийн хүн шүү дээ. Зөвхөн захиалагчийг нь ил болгоогүй байж, захиалгаар хүн алсан гэж шийтгэж байгаа нь энэ хэргийг цуцлах хангалттай үндэслэл болно. Хэргээ хүлээчихсэн гээд л эд нар яриад байгаа юм. Хэргийг яаж ч хүлээлгэж болдог. Хэрэг хүлээлгэж байгаад 30 мянган хүнийг 1930-аад онд егүүтгээ биз дээ.
  • Би Б.Хурцын ярианаас нэг юм ажигласан. Хуулийн талаар үнэхээр А байхгүй. Тагнуулын газрын дарга нотолгоотой л зүйл ярих ёстой.
  • “Эрдэнэт” дээр Б.Хурц бол аюултай сонирхолтой хүн. Д.Эрдэнэбилэгийн хуурай дүү нь дээ. Эд нарын хамтын компани ч бий. Д.Эрдэнэбилэг, Б.Хурцын гэр бүлийн хүний нийлсэн компани байгаа шүү. Аль 2006 онд байгуулагдсан. Бизнес нэгтэй юм наадах чинь. Тэрнээс Тагнуулын дарга хүнд 49 хувийг худалдаж авах ямар хамаа байсан юм.
  • Тэр тагнуулын ажилтныг юу гэж ярихыг нь би мэдэхгүй шүү дээ.. Намайг 1990 онд Хятад яваагүй гэдгийг бүгд мэднэ.
  • Миний хариулт дотор АТГ гэж байхгүй. Прокурор, цагдаа, тагнуул гурваас асуусан. “Тийм бичиг байхгүй байна аа” л гэж би хэлсэн. Би яагаад тийм зүйл хэлсэн юм гэхээр ийм бичиг ирсэн гэдгийг Ц.Нямдорж сайд мэдэж байгаа гэж Б.Хурц Байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн. Би мэдэхгүй ээ. Б.Хурц ярьсан байхаар нь гурван газраас тодруулсан. Аль, аль нь байхгүй гэсэн. Энэ бичгийн тухайд их сэжгийн бичиг л дээ.

Би Б.Хурцын ярьсан зүйлийг сонссон. Хойд Солонгос надад энэ бичгийг өгсөн гэж байгаа юм. Тагнуулын даргад гэсэн үг шүү дээ. “Тэгэхээр нь би бүртгэлгүйгээр АТГ-т явуулчихсан” гэж ярьсан. Улс хоорондын харилцааны асуудал гэж байдаг юм л даа. Гадаад яамаар дамжиж тэр бичгүүд чинь явдаг юм. Тэрнээс Монгол Улсын тагнуулын эрхэм дарга нэг Элчин сайдтай уулзаад хувийн зурвас авч байгаа юм шиг авчхаад тэрийгээ өөртөө бүртгэлгүй АТГ-т шидчихдэг чинь ямар учиртай юм бэ.

Энэ асуудал яагаад зургаадугаар сард сөхөгдөв. Л.Болд их ноцтой зүйл ярьсан байсан шүү. Ерөнхийлөгчийн сонгуульд би нэр дэвшихээ мэдэгдчихсэн байсан. Тэр үед миний талаар нэг юм дэлбэлэх нь гэсэн яриа байсан юм. Явж явж энэ болж таарлаа гэж ярилцлага өгсөн шүү.

  • Ямар ч байсан Солонгосын Элчин сайд Монголын тагнуулын даргад бичиг дамжуулж байгаа нь өөрөө сэжгийн асуудал. Тэрэндээ хүрэхийн бол одоо Хойд Солонгост Б.Хурцын найз Элчин сайд хийж байгаа шүү. С.Цоггэрэл гэдэг хүн. Хувийн шугамаар авчихсан юм биш биз дээ гэж хүртэл бодогдож байна.  Яагаад бичиг ийм хачин байдлаар дамжив гэдэг шалгах асуудал.
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс халагдсан гээд байгаа Үржнээгийн Отгонбаяр гэж хүн байгаа юм. Наадах чинь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан биш. Шүүхийн шийдвэрийн удирдлагад шүүхийн шийдвэрт ажиллаж байсан хүн л байх ёстой. Цагдаад ажиллаж байгаа хүмүүсээс цагдаад дэвшүүлэх ёстой. Энд тэндээс хүн авчирч тавих зарчим минийх биш. Хоёрдугаарт наадах чинь ахлах дэслэгч цолтой тагнуулд ажиллаж байсан хүн юм билээ.

Шүүхийн шийдвэрт ирээд шууд дэд хурандаа болсон. Дөрвөн сарын дотор хурандаа болсон. Ийм юм байж болох уу. Шүүхийн шийдвэрт насаараа ажилласан өч төчнөөн хүнээр яагаад ажлыг нь хийлгэж болдоггүй юм. Ийм үндэслэлээр наад хүн чинь явсан. Систем жаахан шударга байх ёстой биз дээ. Яахаараа ахлах дэслэгч цолтой хүнийг танил талаараа авчраад дөрвөн сарын дотор хурандаа болгодог юм.

  • “Эрдэнэт”-ийн асуудал шийдвэрлэгдэх төгсгөлийн шатанд орж байхад, С.Зоригийн хэрэг ил болгох гэж байхад над руу яагаад энэ дайралт эхлэв ээ гэдэг асуултыг чи асуусангүй. Төгсгөлийн шатандаа бүх зүйл орж байна. Амь тавих гэж байна. Энэ хоёр дээр бүх булхай нь гарч ирчих гээд амь тавьж байна шүү дээ.
  • “Эрдэнэт'', С.Зоригийн хэрэг бол Монгол төрийн завхралын толь бичиг болж түүхэнд үлдэнэ. Нэг нь улсын талыг хулгайлсан гэдгээрээ, нөгөөх нь Монголын хуулийн байгууллагын завхралын жишээ болно. Тухайлбал, Б.Хурц гүйцэтгэгчийг Эрдэнэтээс л олох гээд байна аа даа. Дараа нь “Ажил хийсэн хүмүүсээ мэдэхгүй, би хүмүүсээ хамгаалж байна” гээд бултаад байсан. Гүйцэтгэх ажил, мөрдөлт бүгд тагнуул дээр хийгдэж байгаа.
  • Тагнуулын байгууллага сүүлийн үед монголчуудыг хилсээр шийтгэдэг газар болж хувирсан. Аюултай юм хийж байгаа. “Галдан бошигт” сангийнхан гээд гурван хүн бараг хагас жил шоронд суусан. Эх орноосоо урвасан хэрэгт аваачаад шоронд хийчихсэн. Би танихгүй л дээ. “Өглөөний сонин”-д гарсан ярилцлагыг нь уншаад

Тагнуулын газрын дарга Б.Ариунсан руу ярьсан. “Та нар үзэгнээс өөр барих зэвсэггүй гурван сэтгүүлчийг төрийн эрх хууль бусаар авах гэлээ гэж шоронд хийсэн нь үнэн үү” гэж асуусан. “Үнэн” гэсэн. “Хуулиа уншаарай. Ямар зэвсэгтэй, ямар цэрэгтэй яаж төрийн эрх авах юм” гэсэн. Дараа нь Эрдэнэбат прокурор руу ярьж “Та нар хүн хэлмэгдүүлж байна шүү. Хуулиа уншаарай" гэсэн. Хоёулаа болно гээд байсан шүүх дээр очоод бут авхуулсан.

Дараа нь М.Батчимэгийн туслах гээд нэг ядарсан эмэгтэйг эх орноосоо урвасан гэж бүтэн жил хорьсон. Тэр үед Б.Хурцыг өрөөнд ороод ирэхэд нь Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийг уншиж өгсөн юм. “Та нар эх орноосоо урвасан хэрэг гэдэг чинь Монгол Улсын батлан хамгаалах хүчинд хохирол учруулахын тулд гадаадын тагнуулын байгууллагад элссэн гэдэг үгтэй юм. Энэ хүүхэн чинь яаж цэргийн хүчин чадлыг сулруулдаг юм Наад хэрэг чинь шүүх дээр очоод унана шүү” гэж хэлсэн.

Анхан шатны шүүх дээр очоод унасан байна лээ. Би хүн хэлмэгдүүлэхийг үзэж чаддаггүй. Миний мэргэжлийн юм, энэ. Хууль мэддэггүй хүмүүс ийм завхрал хийдэг байхгүй юу.

Зураг