2017/12/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,436.27₮
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
B28
УЛААНБААТАР
-17°
|
-24°
B32
УЛААНБААТАР
-12°
|
-21°
15:00
S44
-16°
16:00
S44
-17°
17:00
S44
-20°
18:00
S44
-22°
19:00
S44
-22°
20:00
S44
-23°
21:00
S44
-23°
22:00
S44
-24°
23:00
S44
-23°
00:00
S44
-23°
01:00
S28
-24°
02:00
S28
-24°

Б.Али: Ах нарын үе нүүрсний хэрүүлээ хийгээд өнгөрч болох ч бид тийм байх ёсгүй

ikon.mn
2017 оны 11 сарын 29
iKon.MN

Хүүхэд хүүхдийнхээ асуудлыг ярилцаж, тодорхой шийдэл гаргахад хүүхдүүд өөрсдийн дуу хоолойгоо хүргэх зорилготой “Өсвөрийн парламент” гэх хөтөлбөр боловсруулж, УИХ-ын гишүүдийн дэмжлэгийг авсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн ахлах ангийн сурагч Б.Алитай уншигч та бүхнийг уулзуулъя. Тэрбээр, энэхүү төслөө ажил хэрэг болгох талаар олон хүмүүстэй уулзаж дэмжлэг авсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд хийхээр шийдсэн олон ажил нь томчууд бидний санаанд ч орохгүй, тэгсэн атлаа өнөөгийн нийгмийн хамгийн тулгамдсан асуудлыг олж харсан нь гайхалтай санагдаж байлаа.


-“Өсвөрийн парламент” хөтөлбөрөө танилцуулаач. Парламент гэхээр улс төртэй л хутгаж ойлгох гээд байгаа юм. Миний бодол зөв үү?

-Нэг талаар зөв ч нөгөө талаар буруу. Энд улс төр хамаарахгүй. АНУ 2030 онд Ангараг гарагийг клончлох талаар ярьж байхад бид эндээ нүүрсний хэрүүл хийгээд сууж байгаа.

Гэтэл Монголын залуу үед хүсэл мөрөөдөл, илүү сайхан ирээдүй хэрэгтэй байна шүү дээ. Бидний ах нарын үе нүүрсний хэрүүлээ хийгээд өнгөрлөө гэхэд миний үеийнхэн, бидний дүү нар ийм байдлаар явах ёсгүй гэж боддог юм.

Тэр бодлоороо сайхан ирээдүйнхээ төлөө хүүхдүүд бид өөрсдөө л зүтгэх ёстой гэж бодсон. Цаашлаад, нийгэмд хэзээ ч байж боломгүй аймшигт хэргийн хохирогч нь хүүхдүүд болж байна.

Гэтэл томчууд нэг удаа яриад, нийгэм сенсаци болгоод өнгөрдөг ч ийм хэрэг гаргахгүй байхын тулд юу хийх ёстой, ямар нөлөөллийн үйл ажиллагаа явуулах ёстой вэ гэдгийг ярьдаггүй.

Тиймээс хүүхдүүд бид яагаад асуудлаа дотроо ярилцаад, түүнийгээ шийдвэр гаргах төвшний хүмүүст уламжилдаг, шийдэл гаргах хүртэл нь тууштай явж болохгүй юм бэ гэж бодсон учраас энэ хөтөлбөрийг боловсруулсан. Ирээдүйгээ өөрсдөө бүтээх ёстой л гэсэн санаа.

-Загвар УИХ гэхээр пар­ламентын тогтол­цоо­гоор явна гэсэн үг биз дээ. 76 гишүүнтэй адилхан хууль яриад суух юм уу?

-Тэгж ойлгож болохгүй. Хэдэн хүүхдүүд нийлээд Төрийн ордонд орж ирээд нэг асуудал ярина гэсэн үг биш. Яахав, парламент шиг гишүүдээ сонгож, Удирдах зөвлөлөө баталж, тэдгээр гишүүдийнхээ саналаар шийдэл хүлээсэн, хүүхдийн төлөө хийх ёстой ажлуудаа эрэмбэлээд явах юм.

Хөтөлбөрийн хүрээнд зорилго боловсруулж, түүндээ үндэслэн зорилтууд тавьсан. Нийгэмд хамгийн гол нь зөвөөр хүргэх ёстой. Хүүхэд хүүхдийнхээ асуудлыг ярина. Бид хууль батлахгүй.

Зөвхөн бидэнд ийм асуудал байна, эсвэл хүүхдийн өмнө тулгамдсан асуудлыг ярих гэж байгаа бол ингэж нөлөөлөөч, энэ асуудлыг шийдэж өгөөч гэсэн саналаа гаргаж, түүнийгээ шийдвэр гаргах төвшний эрх мэдэлтнүүдэд хүргүүлнэ. Хүн болох багаасаа гэдэг шүү дээ.

Түүн шиг хүүхдүүд багаасаа зөв хүн болох төлөвшлөө олохын тулд шийдвэр гаргаж сурах, мөн өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэж, үе тэнгийн найзуудынхаа төлөө сэтгэл тавьдаг чадварт суралцах юм.

-Тухайлбал, та бүхэнд ямар шийдэл хүлээсэн асуудал байна. Төрийн томчуудын хувьд хүүхдийн хүчирхийлэл гэсэн ерөнхий том асуудлыг харж хууль батлахаас өөрөөр шийдсэн асуудал байдаггүй шүү дээ?

-Би өөрийнхөө жишээн дээр ярья л даа. Манай сургууль хотын захад байдаг. Сургуулийн номын сан хангалтгүй санагддаг учраас би Үндэсний төв номын санд ном унших сонирхол ихтэй.

Гэтэл сургуулиа тараад ном унших гэхээр хотын төв хүртэл түгжирч явсаар байгаад таардаг. Арайхийж ирээд л ганц ном дэлгэж байтал гэртээ харих болдог. Өөрөөр хэлбэл, дүүрэг болгонд ном унших орчин, номын сан байхгүй атлаа сургууль болгоны үүдэнд PC тоглоомын газар байна шүү дээ.

Тэгээд гэртээ очлоо гэхэд гар утас, компьютер тоглоомоос өөр сонголтгүй хүүхэд олон бий. Интернетээр зөв мэдээлэл гэхээс илүү ихэвчлэн буруу мэдээлэл авах нь их. Цаашлаад хүүхдийн сэтгэхүйд тохирохгүй бичлэг, ёс бус зүйл олон бий.

Тиймээс эхний ээлжинд дүүрэг, аймаг, сумын төв болгонд номын сан, ном унших төв байгуулах саналтай байна. Гэрийнх нь хажууд, эсвэл сургуулийнх нь хажууд номын сан, ном уншлагын төв байвал хүүхэд өөрсдөө уншина шүү дээ. Ийм бодлого ерөөсөө байдаггүй юм билээ.

Тэгээд, УИХ-аас хуульчлаад, эсвэл Засгийн газар журам гаргаад сар бүрийн эхний гурван өдрийг бүх нийтээр ном унших буюу ЕБС-иудад ном уншлагын өдөр бий болгомоор байгаа юм.

Энэ талаар Нийслэлийн ЗДТГ-т саналаа хүргүүлж болно. Мөн энэ гурван өдөр бүх PC тоглоомын газрыг хаах журам гаргах боломжтой. Тэгвэл нэг өдөр ч гэсэн хүүхэд номонд дурлаж, магадгүй цахим тоглоомоос илүү ном хэрэгтэй гэдгийг ойлгох ч юм билүү. Бидний зорилго бол нэг ч гэсэн хүүхдийг цахим тоглоомын донтолтоос хамгаалж, ном уншихын давуу тал, ач холбогдлыг ухуулж, сурталчлах.

Бидний ажлыг төр, засаг, шийдвэр гаргах төвшний хүмүүс дэмжих нь чухал юм. Ядахдаа л PC тоглоомын газарт насны хязгаар тавих ёстой. Гэтэл, 1-2 дугаар ангийн хүүхдүүд тэнд өдөржин шөнөжин тоглож байна шүү дээ. Ямар ч хяналтгүй. АНУ-д гэхэд хүүхдийн тоглох тоглоомыг насаар нь зааглаж өгдөг. Цахим тоглоомыг хорьдоггүй ч насны хязгаартай.

Гэтэл манайд байхгүй. Аллага, дайн тулаантай, зодолдсон, нэгнээ хөнөөсөн тоглоомыг нэгдүгээр ангийн хүүхэд ч тоглоод сууж байгаа. Мөн Барилга хот байгуулалтын яамтай хамтраад хотын зөв зураглалын дагуу мод тарих санаачлага гаргана. “20,000 мод” төсөл санаачилсан.

Үүнийг яам дэмжихээ илэрхийлсэн байгаа. Өөрөөр хэлбэл, нэг хүүхэд нэг мод гэсэн аяныг жил болгон зохион байгуулж, ахлах ангийн сурагчид хавартаа мод тарьдаг болмоор байгаа юм. Энэ нь байгаль эх дэлхийгээ хамгаалах, хотдоо өөрийн сэтгэлээр хандах, өөрөө гар бие оролцсон учраас ногоон байгууламжаа хайрлаж хамгаалдаг болох зэрэг олон эерэг үр дүнг бий болгоно.

 

-Өөрөөр хэлбэл, “Өс­вөрийн парламент” асууд­лаа гаргаж ирнэ. Бодит байдлыг хэрхэн засч залруулах, мөн хүүхдүүдэд юу хэрэгтэй байгааг хурлаараа хэлэлцэж шийдээд, ямар шийдэл хэрэгтэй байгааг төрд уламжлах нь ээ?

-Тийм. Би энэ хөтөлбөрийг боловсруулж байхдаа олон улс орны талаар судалгаа хийж үзсэн. Тухайлбал, өсвөр үеийг архи, тамхины буруу хэрэглээ, хорт зуршлаас хамгаалахын тулд улс орнууд өөр өөрийн өвөрмөц арга барилтай юм билээ.

Өсвөр насны хүүхдүүд архи, тамхи хэрэглэх, газ үнэрлэх нь маш их болсон. Миний мэдэх найзууд дунд ч тамхи татдаг хүүхдүүд байдаг. Гэтэл тэд дандаа л томчуудыг даган дууриадаг.

Адаглаад л дэлгүүрт ороход архийг олон янзаар нь гоёмсог шилтэй жирийтэл өрчихсөн, тамхийг нүднийх нь өмнө, хүний анхаарал татахаар тавьчихсан байдаг учраас хэрэглэж үзэх сэдэл шууд төрнө шүү дээ. Хүүхэд бид сониуч. Аливаа зүйлийг хэрэглэж, өөрөө туршиж үзэх сонирхолтой.

Гэтэл АНУ, Сингапур, Малайз зэрэг улс орнуудыг судлаад үзэхэд согтууруулах ундаа, тамхи зарахдаа заавал иргэний үнэмлэх шаарддаг юм билээ. Харин манайд ах, аав, ээж явууллаа гэвэл өгчихдөг.

Уг нь зарж болохгүй гэсэн хуультай ч хяналт байдаггүй. Гэтэл эдгээр улс орнууд хуулиас илүү хяналтдаа анхаардаг юм билээ. Насанд хүрээгүй хүүхдэд архи тамхи худалдсан болон тамхи авахуулахаар явуулсан хүнийг нь өндөр торгодог. Тиймээс хяналт сайжруулаач гэдэг шаардлагыг хүүхдүүд бид улстөрчдөд тавина.

Дээр хэлсэнчлэн, архи, тамхийг дэлгүүрт олны нүдний өмнө ил зардаг. Гэтэл Малайз зэрэг оронд архи, тамхийг дэлгүүртээ тусдаа цоожтой хаалганы цаанаас зардаг. Мөн хар торонд хийж өгдөг.

Энэ нь хүүхдэд харуулахгүй, тэдэнд таниулахгүй гэсэн санаа. Гадаа тоглоомын талбайд тоглож байгаа хүүхдийн хажуугаар архи аваад явж өнгөрөх нь мөн л сэдэл өгч байгаа хэрэг юм. Харин хар торонд, эсвэл цүнхэнд харагдахгүй хийгээд өгвөл хүүхэд олж харахгүй шүү дээ.

Тиймээс дэлгүүрүүд өөр буланд, харанхуй орчин, үгүй ядахдаа л наагуур нь тасалгаа хийгээд зарах ёстой юм. Мөн хар торонд, эсвэл нууц байдлаар авч гардаг гэх мэтээр маш энгийн өөрчлөлт л хэрэгтэй байгаа. Тиймээс энэ талаар ч төрийн бодлого гаргах төвшинд дуу хоолойгоо хүргэнэ гэж бодож байна.

-Хөтөлбөрийг чинь харж байхад чадах болов уу, тэр зүйлийг нь улстөрчид дэмжих болов уу гэж бодмоор, хатуухан хэлэхэд халгамаар зүйл ч олон юм. Тухайлбал, шинжлэх ухаан, технологийн төвтэй болох гэх мэтээр эрдэмтэн судлаачдын ч мөрөөдөл болсон зүйлийг та нар улстөрчдөд нөлөөлж хийлгэж чадах болов уу?

-Нөлөөлөхийн тулд бид шантрах ёсгүй. Хүүхдийнхээ үгийг сонсдог л төр юм бол бидний хүсэл мөрөөдлийг тэд ажил хэрэг болгох учиртай. Шинжлэх ухаан, технологийн төв байгуулах талаар саналаа гаргана. Монгол хүүхдүүд дэлхийд олон зүйлээрээ тэргүүлдэг болсон.

Оюун ухааны спорт, шатар, даам гэх мэт оюуны спортоор амжилт гаргаж байна. Тиймээс магадгүй 10 жилийн дараа АНУ шиг Ангараг гарагийг колончилох тухай яриад суухад болохгүй зүйл алга. Сансар судлал, хиймэл оюун ухааны талаар одоо ярих цаг нь болсон.

Бидэнд мөрөөдлөө туршиж үзэх, очоод бүтээл хийх төв байхгүй байна шүү дээ. Тиймээс энэ талаар өөрсдөө дуу хоолойгоо гаргах хэрэгтэй. Өнөөдөр биш юм гэхэд маргааш ийм төвтэй болохын тулд хүүхдүүд өөрсдөө тууштай явж, улстөрчдөд саналаа хүргүүлнэ.

Ирээдүйд яагаад Монгол Улсаас косметиксийн том компани гарч болохгүй гэж. Тийм компанитай болох мөрөөдөлтэй олон хүүхэд байгаа. Харин тэр хүүхэд төв дээрээ ирээд интернетээс хайгаад олоогүй мэдээллээ авч, бусад найзуудтайгаа шинэ санаагаа хуваалцмаар л байгаа шүү дээ.

Уруулын будаг хийж үзмээр л байгаа шүү дээ. Ер нь миний энэ хөтөлбөрийг уншиж үзээд, хийх гэж явж байгаа зүйлийг маань улстөрчид маш сайхнаар хүлээн авч, дэмжихээ илэрхийлсэн.

УИХ-ын нэр бүхий гишүүд болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар дэмжинэ гэж хэлсэн. Анхдугаар чуулганаа Төрийн ордонд хийхээр болж зөвшөөрлөө авчихсан.

-УИХ-аас нэн даруй батлаасай гэж бодож байгаа ямар хууль байна. Өсвөрийн парламентаа байгуулчихвал эхлээд ийм хуульд өөрчлөлт оруулмаар байна гэсэн бодол байна уу?

-Дээрх бүх асуудлаар төрийн шийдвэр гарах ёстой. Нөгөөтэйгүүр, өсвөр үеийнхний мэргэжил сонголтын талаар төр бодлогоор анхаарах ёстой юм. Тухайлбал, энэ жил ахлах ангиа төгсч байгаа миний найз сайн шүдний эмч болох мөрөөдөлтэй.

Тиймээс мэргэжлээ сонгохын өмнө шүдний эмнэлэгт очоод үнэхээр хүсч мөрөөдөж байсан мэргэжил нь мөн үү гэдгээ дадлага хийгээд судлах боломжийг төр бий болгох ёстой юм.

Цалинтай болон цалингүй дадлага хийж, ажилд нь тусалж, өөрийнх нь хүссэн мэргэжил мөн гэдгийг мэдэх хэрэгтэй. Үнэхээр хүний шүдийг эмчилж чадах хүн мөн үү гэдгийг ойлгосны дараа мэргэжил сонголтоо зөв хийнэ.

Гэтэл бодит байдалд хүүхдүүд ээж аавынхаа захиас, эсвэл найзынхаа хийсвэр төсөөлөл, эсвэл зурагтаар гоё харагдсан мэргэжлээ сонгодог. Дараа нь буруу сонголт хийснээ мэддэг. Ингээд л мэргэжилтэй ч ажилгүй хүмүүс нийгэмд бий болж байгаа юм.

Тиймээс үүнийг хуульчлаад өгчихвөл хүүхдүүд мэргэжлээ сонгохын өмнө өөрийнхөө хүссэн мэргэжлийн газар очиж дадлага хийдэг болно. Өнөөдөр ийм зүйл яриад орвол хүлээж авах байгууллага нэг ч байхгүй.

Уул уурхайн компаниуд бараг л хүүхэд юу хийж яваа юм гэсэн өнгө аястай ханддаг. Харин хуульчлаад өгчихвөл хүссэн ч эс хүссэн ч хүлээж авна шүү дээ. Ирээдүйн мэргэжил сонголт хийхдээ сэтгэл хөөрлөөр хандахгүй болно гэсэн үг.

-Чиний энэ бодлыг дэмжиж, чамтай хол­бог­дож, өсвөрийн парла­ментын үйл ажиллагаанд оролцох гэсэн хүүхдүүд яаж холбогдох юм бэ?

-Тун удахгүй манай “youthparliament.mn” сайт ашиг­лалтад орно. Түүгээр бидэнтэй холбогдож, өөрийн­хөө анкет, товч намтрыг ирүүлэх боломжтой. Мөн бид цөөхөн хэдэн асуултад хариулт аваад сонгон шалгаруулалтаа явуулна.

Эхний шатанд 150 хүүхэд шалгаруулж, түүнээсээ дараа­гийн шатанд 76-г сонгож парламентаа бүрдүүлэх юм. Мөн “Өсвөрийн парламент” фэйж хуудсаар болон 99688018 утсаар бидэнтэй холбогдож болно.

 

Эх сурвалж: dardas.mn

x