Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Орынбай: Казахстан улс хүндрэл бэрхшээлийг даван туулж, хөгжил цэцэглэлтийн замд гарсан

А.Намуун, iKon.mn
2017 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Казахстан улс жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нийг "Казахстаны Анхны Ерөнхийлөгчийн өдөр" болгон тэмдэглэж иржээ. Мөн арванхоёрдугаар сарын 16-нд Казахстан улсын Тусгаар тогтнолын өдөр тохиодог байна. Үүнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монголд суугаа Элчин сайдын яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Ж.Орынбай "Казахстаны төр засгийг үүсгэн байгуулагч анхны Ерөнхийлөгч Н.Назарбаев ард түмнийг гэгээлэг үйлст нэгтгэх, нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэх, олон улсын нийгэмлэгийн талархал, хүндэтгэлийг хүлээсэн дэлхийн болон бүс нутгийн энх тайвны санаачилгуудын зохиогчийн хувьд улсын гадаад бодлогын чиглэлийг тодорхойлох ажилд их хувь нэмэр оруулж байгаа.

Сайтар боловсруулагдсан дотоод, гадаад бодлогын ачаар Казахстан Улс улс төр, нийгэм, эдийн засгийн хямрал цочролд оролгүйгээр, хөгжлийн шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулж, дэвшил, хөгжил цэцэглэлтийн замд гарсан.

Түүнчлэн Анхны Ерөнхийлөгчийн баярын өдрийн хүрээнд 11-р сарын 27-нд Астана хотод зохион байгуулагдсан олон улсын парламентын бага хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Казахстаны парламентын бүлгэмийн дарга Д.Мурат оролцож байгаа нь улс хоорондын хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулж байна" хэмээн онцоллоо.

 
Гэрэл зургийг mpa.mn
Арга хэмжээний төгсгөлд Элчин сайдын яамны зүгээс Монгол Улсын боловсрол, спорт, нийгмийн салбарт хувь нэмрээ оруулсан дараах казах иргэдэд БНКазУлсын Соёл, спортын яам болон Элчин сайдын яамны талархлын бичгийг гардууллаа.
  • Монгол Улсын спортын салбарт өөрийн хувь нэмрээ оруулсан, дэлхийд анх Олимпын тэмцээнд оролцсон казах үндэстэй эмэгтэй Р.Алданыш;
  • Энэ жилийн наадмаар Улсын начин цол хүртсэн Б.Серик;
  • Бодибилдингийн Дэлхийн аварга Ж.Нурлан;
  • Таеквондогийн ITF Дэлхийн хоёр удаагийн аварга К.Сеитхан;
  • Монгол Улсын гавьяат тамирчин, Улсын харцага О.Бахыт

Түүнчлэн хоёр улсын хоорондын нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа Боловсролын салбарын тэргүүний ажилтан Б.Ардах болон Налайх дүүргийн оршин суугч Х.Майрагүл нарт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландины талархлын бичгийг гардууллаа.