Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

АСЕМ-д 20.8 тэрбум төгрөгийг зарцуулснаас 14.8 тэрбумын зөрчил илэрчээ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АСЕМ-тай холбогдуулан Үндэсний Аудитын Газраас санхүүгийн тайлангийн болон гүйцэтгэлийн аудит хийхэд АСЕМ-ын үйл ажиллагааг зохион байгуулж явуулсантай холбоотой хэд хэдэн зөрчлүүд илэрчээ. Тиймээс Үндэсний Аудитын Газраас ажлын хэсэг томилогдон АСЕМ-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд эрсдэлийн аудитыг эхлүүлж байгаа талаар өнөөдөр мэдээллээ.

Үндэсний Аудитын газрын санхүүгийн газрын захирал, тэргүүлэх зэрэгтэй аудитор Ц.Наранчимэг "АСЕМ-д 23.6 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөв батлагдсан. Үүнээс 20.8 тэрбум төгрөгийг зарцуулсан. Санхүүгийн тайлангийн аудитын шалгалтаар 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн.

Тиймээс АСЕМ-тай холбоотой асуудалд зайлшгүй аудит хийх шаардлагатай, эрсдэлтэй асуудал байна гэж үзсэн. Аудитад АСЕМ-тай холбоотой бүх байгууллагын удирдлагуудыг оролцуулж төсөв хөрөнгийг захиран зарцуулсан байдалд шалгалт хийнэ. 

АСЕМ-д зориулж Улсын төсөв, Нийслэлийн төсөв, Гадаадын хандив, тусламж, Хөгжлийн банкны хөрөнгө болон бусад эх үүсвэрээс хөрөнгө бүрдүүлж, зарцуулсан.

Мөн бид энэ асуудлаар зарим байгууллагуудад газар дээр нь очиж шалгалт хийнэ. Эрсдэлийн аудитын дүн гуравдугаар сарын 20-нд эцсийн байдлаар гарна" гэв.

Гадаад харилцааны сайдын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар АСЕМ-тай холбоотой дараах зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:

  • Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар нь Ази, Европын дээд түвшний Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас албан ёсны шийдвэр гараагүй байхад Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт "АСЕМ"-ыг зохион байгуулах үйл ажиллагаанд зориулж БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 578 иж бүрдэл зочид буудлын тавилга, цагаан хэрэгслийг 13 аж ахуйн нэгж, 21 иргэнд бэлэн мөнгөөр болон зээлээр худалдсан, 4,787 ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж /сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдэл/-ийг 33 төрийн байгууллагад шилжүүлсэн байна.
  • Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирал О.Заяамандах нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр "НЬЮ ТЕРРАВОКС" ХХК-тай БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 6,955 нэгж орчуулгын тоног төхөөрөмжийг түрээслүүлэхээр 3 жилийн хугацаатай "Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ" -г байгуулсан байна. Тус гэрээнд түрээслэгч тал нь гэрээний хугацаанд түрээслүүлэгч талаас зохион байгуулах арга хэмжээг өөрийн зардлаар үнэ төлбөргүйгээр хариуцан ажиллаж, гэрээний хугацаа дууссанаар тоног төхөөрөмж түрээслэгч талд үнэ төлбөргүйгээр шилжихээр түрээсийн төлбөрийг тусгасан байна.
  • БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 5,572 нэгж ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж /сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдэл/-өөс 4,787 ширхгийг 33 төрийн байгууллагуудад тэдний хүсэлт болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан бус шийдвэр /цохолт/-ээр үнэ төлбөргүй шилжүүлсэн, иргэд, аж ахуйн нэгжүүдэд 785 ш тавилгыг 103.0 сая төгрөгөөр худалдсанаас 97.3 сая төгрөгийн төлбөрийг аваагүй байна.
  • "АСЕМ"-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 70.4 сая төгрөгийг ГХЯ-ны сайд, ажилтнуудын тус үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдолгүй гадаад томилолтын арга хэмжээнд, 117.9 сая төгрөгийг ГХЯ-ны байр болон гаднах талбайн засварт зарцуулсан байна.
  • Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 63/37 дугаар зөвлөмж, 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4/77 дугаар албан бичгээр ГХЯ-д ирүүлсэн чиглэлийн дагуу "АСЕМ"-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 12,429.6 сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний ханган нийлүүлэгч, гүйцэтгэгчтэй “шууд” худалдан авах гэрээ байгуулан ажилласан байна.