Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Харри Поттер номын нээлт ба ид шидийн ертөнц

МОНСУДАР
2017 оны 11 сарын 28
Монсудар
Зураг зураг

Дэлхий даяар хагас тэрбумаас их хувь борлогдож, номын зохиолчоо хамгийн баян зохиолч эмэгтэй болгож чадсан “Харри Поттер” цуврал зохиолын эхний дэвтэр одоогоос 20 жилийн өмнө 500-хан хувь хэвлэгдэн гарч байсан билээ. Өнгөрсөн 20 жилийн туршид үе үеийн хүүхэд багачууд, залуучуудын зүрх сэтгэлд томоохон байр суурийг эзлэж чадсан энэхүү гайхалтай бүтээлийг монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр “Монсудар” хэвлэлийн газар эрхлэн гаргаж буй тухай бид өмнө нийтэлж байсан. 

Тэгвэл монгол хэлээрх  “Харри Поттер ба Философийн чулуу”, “Харри Поттер ба Нууцат өрөө” номын нээлт энэ сарын 25-ны өдөр “Интерном” номын дэлгүүрийн төв салбар дээр зохиогдлоо. Номын нээлтийн арга хэмжээг “Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцийн эрхлэгч Б.Амарсанаа нээн үг хэлсэн юм. 

 

Номын орчуулагчаар “Гал мөсний дуун”, “Хосолмол” гэх мэт залуучуудын дунд аль хэдийнээ бэстселлер болж чадсан бүтээлүүдийн орчуулагч Н.Энхнаран ажиллсан бөгөөд тэрээр номын нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирж уншигчидтай энэхүү бүтээлийн талаар чөлөөт ярилцлага хийсэн юм.

Хөтлөгч түүнээс хэрвээ Харри Поттер зохиолын аль нэг дүрд хувирах боломж олдвол хэнийг сонгох вэ хэмээн асуухад: 

- Хермионагийн дүрийг эргэлзэлгүйгээр сонгох болно. Ж.К.Роулинг өөрийн өгсөн ярилцлагадаа ч мөн Хермиона бол түүний бага насны тусгал хэмээн өгүүлсэн байдаг. Хермионагийн патронус болох халиу бол номын зохиолчийн хамгийн хайртай амьтан юм.

Мөн номыг уншиж байх явцад Хермионагийн хичээлээ хийж буй байдал, аливаа зүйлийг үргэлж сониучирхан, сурч мэдэхийн тулд тасралтгүй хөдөлмөрлөдөг зан чанар нь надад үнэхээр их таалагдаж байсан хэмээсэн юм.

Мөн Харри Поттер зохиолыг эхлэн уншиж буй уншигчдад энэхүү бүтээлийг унших 3 шалтгааныг нэрлээч хэмээхэд: 

- “Хүүхэд бүхэн үлгэрт дуртай байдаг. Гэхдээ үлгэрээс хавь илүү шидтэний ертөнц, уран төсөөллийн ертөнцийг Ж.К.Роулинг бүтээж чадсан. Тийм ч учраас энэ ном дэлхийн бүх хүүхдийн хамгийн хайртай номуудын нэг болсон юм.   

Хүүхэд насны хамгийн чухал зүйл болох анд нөхдийн үерхэл нөхөрлөлийн талаар энэхүү бүтээл тун дэлгэрэнгүй өгүүлдэг. Зохиолын 3 гол баатрын үлгэр дуурайлал багачуудын хүмүүжилд тун эерэг нөлөө үзүүлэх болно.  

Үнэнч нөхөрлөлийнхөө ачаар тэд өөрсдөдөө тулгарч буй бүхий л хүнд бэрх асуудлыг даван туулахыг хичээн чармайж буй нь үнэхээр гайхалтай. Энэ бүтээл тэр чигээрээ хүүхдэд урам зориг өгөх, тэднийг сайхан сэтгэлтэй хүн болгохын төлөө бичигдсэн” хэмээн хариулсан юм. 

 

Номын нээлтийн арга хэмжээн дээр номыг урьдчилсан захиалсан нийт хэрэглэгчид дундаас тодорсон азтан, мөн “Монсудар” хэвлэлийн газраас зохион байгуулсан “Харри Поттер-той танилцсан миний түүх” уралдаанд тэргүүлсэн зохион бичлэгийн эзэд хүрэлцэн ирж шагналаа гардан авсан юм.

Мөн нээлтийн арга хэмжээний үеэр “Potterheads of Mongolia” группын үүсгэн байгуулагчид хүрэлцэн ирж энэхүү цуврал зохиол тэдний амьдралд ямар гайхалтай олон өөрчлөлтийг авчирсан талаарх түүхийг хүрэлцэн ирсэн зочидтой хуваалцсан билээ. Энэхүү группийн зүгээс арга хэмжээн дээр шившлэгийн тэмцээн, косплей уралдаан гэх мэт зочдыг хөгжөөх, “Харри Поттер” зохиолын талаар хүүхэд багачуудад илүү дэлгэрэнгүй мэдээлэл олгох сонирхолтой уралдаан тэмцээн зохион байгуулсан нь арга хэмжээг тун ч сонирхолтой болгож чадсан. 

 

Нээлтийн арга хэмжээний туршид хүүхэд багачууд хуваарилагч бүх малгайг өмсөн өөрсдийгөө аль тэнхимийн сурагч гэдгээ тодорхойлж, амтат цөцгийтэй шар айргийг амтлан, Харри Поттертой цугтаа зургаа авахуулан цагийн тун хөгжилтэйгээр өнгөрүүлж байв.

Арга хэмжээнд хүүхдээ дагуулж ирсэн эцэг эхчүүд энэхүү номыг хүүхдүүддээ авч өгөх нь элбэг харагдсан бөгөөд эхний хоёр хуудсыг уншихад л орчуулгын хувьд яг л төрөлх хэл дээрээ уншиж буй мэт сэтгэгдэл төрж байна хэмээн олон олон эцэг эхчүүд энэхүү зохиолын талаар тун ч өндөр сэтгэгдэлтэй байсан юм. 

 

Хаа саагүй жанч өмссөн хүүхдүүд гүйлдэн, өөр хоорондоо саваагаар тулалдан, энэхүү номыг л уншсан хүний ойлгох үг хэллэгүүдээр ярилцах нь яг л есөн бүхэл дөрөвний нэг тавцан дээр гэнэт газардчихсэн мэт мэдрэмжийг надад төрүүлж байлаа.