Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ирээдүйн олимпын аваргуудын тэмцээн болов

ikon.mn
2017 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Бага насны хүүхдүүдийн Спорт авиралтын тэмцээн Зайсан дахь “Голден Вилл” спорт авиралтын клубын зааланд Улс тунхагласны өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 26-нд амжилттай болж өнгөрлөө. Тэмцээн 4-6 нас, 7-9 насны ангиллаар хоёр дахь жилдээ ийнхүү зохион явагдлаа.

Уулын спортын нэгэн төрөл болох Спорт авиралтын төрөл нь манай улсад 1985 оноос эхлэн хөгжиж ирсэн билээ. Өдгөө дэлхий даяар нийт 35 сая хүн энэ спортоор сонирхогчийн болон мэргэжлийн түвшинд хичээллэдэг гэсэн тоо мэдээ бий. Тийм ч учраас Олон улсын олимпын хорооноос Спорт авиралтын тэмцээнийг 2020 онд Токиод зохиогдох зуны олимпын төрөлд албан ёсоор оруулахаар болсон юм.

Монголын хүүхэд залуучууд, тамирчдын хувьд ч гэсэн энэ төрлийн спортоор өргөнөөр хичээллэх, тив дэлхийн болон Олимпын их наадамд амжилттай оролцох үүд хаалга улам бүр нээлттэй болж байна.

Тэмцээнд 30 орчим бага насны хүүхдүүд бүртгүүлж хурд, хүч чадлаа сорив. Тэмцээн нэлээд “ширүүн” өрсөлдөөнтэй болж, эцэг эхчүүд, хөгжөөн дэмжигчид хүүхдүүдийг өхөөрдөн дэмжиж байсан нь тэмцээнийг улам сонирхолтой болгож байв. Тэмцээн яг л насанд хүрэгчдийн дунд зохиогддог тэр л дүрэм журмаар явагдаж, авиралтын цагийг секундээр хэмжиж бяцхан тамирчдыг үзүүлэлтээр нь байр эзлүүлсэн юм.

Тэмцээний эцсийн дүн гарахад шагналт байранд орж чадаагүй зарим хүүхдүүд уйлж, нүдэндээ нулимастай ээж ааваараа аргадуулж байсан бол алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон хүүхдүүд, тэдгээрийн эцэг эхчүүд бөөн баяр хөөр болж байв. 

Тэмцээнд оролцсон бүх хүүхдүүдэд зохион байгуулагчдын зүгээс бэлэг гардуулж өгөв.

 

Энэхүү тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар “Улаанбаатар Залуусын Оролцоо” ТББ болон түүний дэргэдэх “Улаанбаатар Аялагч” клуб ажилласан юм. Хамтран зохион байгуулагчаар МУҮХ болон зарим клуб, компани идэвхтэй оролцов. Манай улсад ийм төрлийн тэмцээнийг хүүхэд залуучуудын дунд тогтмол зохион байгуулж байх нь хүүхэд залуучуулын бие бялдрыг хөгжүүлэх, энэ төрлийн спортыг олон нийтэд сурталчилан таниулахад чухал ач холбогдолтой юм.
 

О.Батсайхан /Олон улсын уулчдын холбооны Залуучуудын комиссын гишүүн/