Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британий ханхүү Харри Америк жүжигчин бүсгүйтэй сүй тавилаа

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Олон сарын турш яригдсаны эцэст Британий ханхүү Харри жүжигчин бүсгүй Меган Марклтай сүй тавьжээ.

Тэдний сүй тавьсныг өчигдөр буюу Даваа гарагт Британий хатан хааны ордноос зарласан байна. Хосуудын хуримыг 2018 оны хавар хийхээр болсныг бас зарлажээ.

Ханхүү Харри 33 настай бол Лос Анжелест энгийн Америк гэр бүлд төрсөн Маркл 36 настай. Тэд 2016 оны долдугаар сард Лондон хотод найз нарынхаа зуучлалаар танилцсан байна.

Тэд өнгөрсөн есдүгээр сард болсон Invictus Games наадмын үеэр анх удаа олны өмнө хамтдаа ил гарсан юм. Ханхүү Харри нь Их Британий хаан ширээг залгамжлах тав дахь хүн. Гэхдээ удахгүй түүний ах ханхүү Уилльямс, гүнж Кэйт нар гурав дахь хүүхдээ төрүүлснээр тэр зургаа дахь угсаа залгамжлагч болно.

Язгууртны хатуу дэгтэй амьдралд дургүй нь мэдэгддэг Харри ах шигээ нүсэр тансаг хурим хийлгүй, энгийн байдлаар хуримлах магадлал өндөр байна.

Анхандаа түүний найз бүсгүйн сонголтыг Хатан хааны гэр бүл тийм ч таатай хүлээж аваагүй юм. Маркл өмнө нь гэр бүлтэй байсан. Тэр 2011 онд кино продюсер Тревор Энгельсонтой Ямайка аралд гэрлэж байжээ.

Үүнээс хоёр жилийн дараа тэд салж байсан юм. Британий язгууртнуудыг өмнө гэрлэж байсан хүнтэй дэр нэгтгэхийг зөвшөөрдөггүй байсан. 1936 онд Хаан Эдвард VIII өмнө нь гэр бүлтэй байсан Америк бүсгүй Уоллис Симпсонтой гэрлэснээр хааны титмээсээ татгалзаж байв. Харин сүүлийн жилүүдэд энэ байдал зөөлөрсөн юм. Тухайлбал Харригийн эцэг ханхүү Чарльз гэр бүлийн тогтворгүй байдлаараа алдартай нэгэн гэгддэг.

 

Эх сурвалж: Time.Com