Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Араб “Арабын НАТО”-г байгуулж, террористуудыг газрын хөрснөөс арчихаа амлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман 40 орчим муслим улсуудын батлан хамгаалахын сайд нарыг нутагтаа цуглуулж, “Арабын НАТО”-г байгуулж байгаагаа зарлалаа.

Цэргийн шинэ эвслийн үндсэн зорилго нь ямар нэг улс орон, шашны урсгалыг онцлохгүйгээр террористуудыг газрын хөрснөөс арчиж, Ойрх Дорнодод энх амгалан байдал тогтоох гэнэ.

Анх 2015 онд Саудын Арабын батлан хамгаалахын сайд байсан ханхүү IMA (Islamic Military Alliance) буюу Исламын цэргийн эвслийг санаачлан байгуулж байжээ. Гэвч тэр цагаас хойш энэ байгууллага цаасан дээр л оршиж байсан юм. Харин өчигдөр ханхүү Мохаммед энэ байгууллагыг “Islamic Military Counter Terrorism Coalition (IMCTC)” буюу “Арабын НАТО” болгон өөрчилж, терроризмийн эсрэг тэмцлийг гол зорилгоо болгож байгаагаа зарласан байна.

Ханхүү энэ үеэр “Өнөөдөр бид терроризмтай хийх тэмцлээ эхэлж байна. Муслим улс орнуудад тэдний ялагдлыг үзэх хүртлээ бид тэмцэх болно” гээд “Өнгөрсөн жилүүдэд манай ихэнх улс орнуудад террористууд ажиллагаагаа явуулж байсан. Энэ бүхэн өнөөдрөөс эхлэн төгсгөл болно” гэжээ.

Гэвч 41 гишүүн улстай Исламын НАТО исламын шийт урсгалынхан голлодог ганц ч улсыг багтаагаагүй байгаа юм. Хүн амын дийлэнх нь шийт урсгалыг дагадаг орнуудад Иран, Сири, Ирак ордог. Тиймээс Арабын НАТО нь сунит урсгалынхны эвсэл болж байна.

Мөн Саудын Араб тэргүүтэй орнуудаас эдийн засгийн хориг тавиад байгаа Катар улс энэ эвсэлд багтаагүй байна.

Пакистаны чөлөөнд гарсан генерал Рахил Шариф террористуудтай хийх тэмцлийн ерөнхий командлагчаар томилогджээ. Тэд бас Исламын шашны нэрийг барин террорист ажиллагаа явуулах үзэгдлийг зогсооно гэдгээ энэ өдөр зарласан байна.

Гэхдээ уг эвслийн гол дайсан нь Иран тэргүүтэй шийт урсгалыг баримтлагчид байх магадлалтай. Өнгөрсөн долоо хоногт ханхүү Мохаммед Ираны шашны тэргүүнийг “Ойрх Дорнодын шинэ Гитлер” хэмээн нэрлэж байсан юм. Саудын Араб Ойрх Дорнодод болж байгаа тогтовргүй байдлын гол өдөөгч нь Тегераны эрх баригчид гэж үздэг.

Сүүлийн жилүүдэд Ойрх Дорнодын бүс нутагт нийт 70,000 орчим террорист халдлага гарч, 200,000 орчим хүний амь үрэгдээд байгаа юм. Арабын армиуд цаашдаа тагнуулын мэдээлэл солилцох, хамтарсан бэлтгэл сургуулилалт явуулахаар тохиролцсон байна.

 

Эх сурвалж: Russia Today