Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Мөнхбат: Бид өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоонд хана хэрэм босгож байна

Б.Ану
2017 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Ардчиллыг бэхжүүлэх, ил тод байдлыг сайжруулах, манлайлах чадвараа хөгжүүлэх, хүсэл мөрөөдөлтэй залуустай нэгдэн нийгмийн сайн сайхны төлөөх төсөл хэрэгжүүлэх сонирхолтой 100 залууг шалгаруулан эерэг үр дүнд хүрэх зорилготой “Lead Mongolia” хөтөлбөр амжилттай үргэлжилж байна.  

“LEAD Mongolia” хөтөлбөрийг “USAID Mongolia”-ын санхүүжилтээр “World Learning” байгууллага хэрэгжүүлж байгаа юм. 

Энэ хөтөлбөрийн хүрээнд 2016-2017 онуудад Монгол Улсын өнцөг булан бүрээс 100 өөр үзэл бодол бүхий залуусыг тодорхой нөхцөл шаардлагын үүднээс шалгаруулан 70-ыг нь АНУ-д, 30-ыг нь Монголд эрчимт сургалтанд хамруулан өөрсдийн төслийг хэрэгжүүлэхэд нь бүх талын туслалцаа, дэмжлэг өгсөн юм. 

30, 30, 40 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр залуус хөтөлбөрт оролцсон бөгөөд групп бүр дотроо мөн гурваас дөрвөн багт хуваагдан нийгмийн сайн сайхны төлөө төслүүдээ хэрэгжүүлж байна. 

LEAD Mongolia хөтөлбөрийн 2017 оны оролцогч, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажиллаж амьдардаг Н.Мөнхбатын тэргүүлж буй төслийн талаар түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна. “Lead Talks” нэртэй энэхүү төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгож, хүндэтгэн, тэдэнд ажлын байрны бололцоо, боломжийг нэмэгдүүлэх үндсэн зорилготой аж. 

Өнөөдөр Монгол Улсад зам тээвэр болон үйлдвэрлэлийн ослоос болж олон хүн бэртэж гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж буй. Энэ талаар хийсэн нарийн тооцоо судалгаа байдаггүй ч Монгол улсад байгаа нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 35 хувь нь төрөлхийн, 65 хувь олдмол хөгжлийн бэрхшээлтэй байна. 


 

- Та бүхний хэрэгжүүлж буй нийгмийн сайн сайхны төсөл их анхаарал татлаа. Төслийнхөө талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?
- Бид ажилгүйдэл ядуурлыг бууруулах сэдвийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх,  хөдөлмөр эрхлэлтийг сайжруулахад нөлөөлөх төслийг санаачлан, хэрэгжүүлж байна. 

Төслийг хэрэгжүүлэгч манай баг гэхэд 15 гишүүнтэй бөгөөд багийн бүрэлдэхүүнд хөгжлийн бэрхшээлтэй гурван оролцогч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй нэг оролцогч бий. 

Монгол улсад 20-24 насны залуусын 30 хувь нь ажилгүй гэсэн статистик тоо байдаг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд ажилгүйдэл 70 хувь байгаа нь энэхүү төслийг боловсруулах үндэслэл болсон. 

Манай нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ташаа ойлголт, сөрөг хандлага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоонд хана хэрэм босгож, хөдөлмөрийн зах зээлд өөрсдийн ур чадвар, эзэмшсэн мэргэжил боловсролоо бүрэн дүүрэн үнэлүүлэхэд саад учруулсан хэвээр байна. 

Иймд манай баг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ажил олгогч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамарсан “Хандлагаа өөрчилье, Хамтдаа хөгжье” уриатай “Lead Talks” арга хэмжээг дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хийхээр хийхээр зорьж байна. 

Энэхүү арга хэмжээ нь:
• “Lead Talks”, 
• ”Lead Expo”, 
• “Lead Job Fair” гэсэн 3 хэсгээс бүрдэж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор USAID, World Learning, Оюу Толгой ХХК ерөнхий ивээн тэтгэгчтэйгээр тус тус ажиллаж байна.

- Маргааш болох “Lead Talks” үндсэн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
- “Lead Talks” арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй ч бэрхшээлээ даван туулж амжилтанд хүрсэн зургаан илтгэгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү хандсан үйл ажиллагаа эрхэлж буй хоёр илтгэгч нийтдээ найман үндсэн илтгэл тавих юм. 

 Илтгэлийн дундуур хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлагийн үзүүлбэрүүд байх бөгөөд шоу гэдэг утгаараа танхимын уур амьсгалыг бүрдүүлэх нь маш чухал юм. 

 

Уг арга хэмжээний ерөнхий зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, ерөнхий найруулагчаар төрийн соёрхолт найруулагч Б.Наранбаатар нар ажиллаж байна. 

Харин “Lead expo” арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй ч өөрсдөө баялаг бүтээн ажиллаж хөдөлмөрлөж байгаа иргэдээ сурталчлах, нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн гаргаж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах зорилготой арга хэмжээ давхар болно. 

“Lead Job Fair” арга хэмжээ нь нэг талаас ажил олгогч аж ахуйн нэгжүүд ХБИ-д зориулсан ажлын байрны талаарх мэдээллийг хүргэх, нөгөө талаас ХБИ дээрх ажлын байруудад ажиллахад ямар ур чадвар эзэмшсэн, хэрхэн өөрсдийгөө бэлдэх талаас мэдээлэл өгөх, мөн тохирсон ажлын байруудад хөдөлмөр зуучлалын ажлууд мөн хийгдэнэ.

Уг арга хэмжээ маргааш буюу энэ сарын 28-ны өдрийн 14:00 цагт “Holiday Inn” зочид буудалд болно. 

Маргаашийн арга хэмжээний дараагаас хойш буюу ирэх сарын 3-ны өдрөөс эхлэн 2018 оны гуравдугаар сарын 31-ны өдрийг дуустал орон даяар төслийн сурталчилгааны буюу нөлөөллийн ажлуудыг үргэлжлүүлэн хийнэ. Түүнээс цааш энэхүү үйл ажиллагааг Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн үндэсний төв үргэлжлүүлэн авч явахаар болсон байгаа.

Мөн энэхүү арга хэмжээг 21 аймагт жижигрүүлсэн хувилбараар зохион байгуулах зорилго бий. 

- Төслөө хэрэгжүүлээд явахад хүндрэл бэрхшээлтэй зүйлс тулгарч байна уу?
- Төсөл маань цаг хугацааны хувьд нэлээн давчуу, төслийн багийн гишүүд бүгд дор бүрнээ ажил амьдралтай, газар зүйн байршлын хувьд хязгаарлагдмал зэрэг бэрхшээлүүд байсан ч хийж бүтээж буй зүйлс минь хүний сайн сайхны төлөө тул уулзсан хүмүүс, байгууллагууд маш сайн дэмжиж, оролцож, өнөөдрийн байдлаар бэлтгэл ажлууд маань бүрэн хангагдаад явж байна.  

Энэхүү арга хэмжээнд маань өөрсдийн цаг зав, сэтгэл зүрх, санхүү зэрэг олон зүйлсээр тусалсан бүхий л байгууллагууддаа баярлаж талархсанаа илэрхийлье.