АТГ-аас өнөөдөр 11 дүгээр сард хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Сэтгүүлчид хэвлэлийн бага хурлын үеэр цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл авсан юм.
-Хойд Солонгосоос 300 мянган ам.доллар нэхэмжилсэн бичиг ирсэн, ирээгүй гэж яриад байна. Б.Хурц дарга АТГ-т шилжүүлсэн гэсэн бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тийм бичиг ирээгүй гэсэн. Энэ талаар албан ёсны мэдээлэл өгөөч?
-300 мянган ам.долларын нэхэмжлэл ирсэн эсэхтэй холбоотой гомдол АТГ-т ирсэн. Нягтлах, нарийвчлан шалгах ажиллагаа үргэлжлээд явж байна.
-IV цахилгаан станцын дарга Анхбаяр гэдэг хүн 42 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн Эрдэнэт үйлдвэр рүү шахсан. Үүнд нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нөлөөлсөн гэдэг мэдээлэл явж байна. Хоёрдугаарт хүү Анхбаяртай нь холбоотой шахааны асуудал яригдаж байгаа. Энэ тухай мэдээлэл өгнө үү?
-Ц.Нямдорж сайдын хүүхэд “Эрдэнэт үйлдвэр”-т бараа бүтээгдэхүүн шахсан гэх хэрэг шалгагдаагүй. ТЭЦ 4-ийн захирлаар ажиллаж буй Анхбаяртай холбоотой асуудлыг шалгасан. "Эрдэнэт үйлдвэр”-т Анхбаяр гэдэг нэртэй хүн бараа бүтээгдэхүүн шахсан асуудал байхгүй. Энэ асуудлыг шалгаад бид хаах саналтайгаар Нийслэлийн Прокурорын газар шилжүүлсэн.
-УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хоёр ахыг шалгасан тухай мэдээлэл байна?
-Ж.Батзандан гишүүний хоёр ахтай холбоотой гомдол 2015,2016 онд шалгагдаж, тус тус хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдэж байсан юм билээ.
-Авто Тээврийн Үндэсний Төвийн албан тушаалтан Өмнөговиос ирсэн хүнээс 20 сая төгрөг авч байгаад газар дээрээ баригдсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-АТҮТ-ийн албан тушаалтантай холбоотой хэрэг шалгагдаж байна. Шалгагдаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй.