Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Роберт Мугабэ $10 саяын тэтгэмж авч, гэр бүлээрээ дархлагдахаар боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Зимбабве улсын 93 настай ерөнхийлөгч Роберт Мугабэ огцрохдоо цэргийнхэнтэй маш сайн тохиролцоо хийж чадсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

37 жил улс удирдсан Мугабэ яг хэдийг тэтгэмж болгон авч байгаа нь тодорхойгүй ч хэлэлцээрт оролцсон эрх баригч намын албаны хүн мөнгөний хэмжээг хамгийн багадаа $10 сая гэсэн байна.

Гэр бүлээрээ ямар нэг ял шийтгэл хүлээхгүй халдашгүй дархан эрх эдлэхээр болсон Мугабэ гэрээнд гарын үсэг зурмагцаа $5 саяыг бэлнээр авч, үлдсэн мөнгийг ойрын саруудад цувуулж авахаар болжээ.

93 настай дэлхийн хамгийн ахмад ерөнхийлөгч агсны авч байсан жилийн $120,000-ын цалинг нас барах хүртэл нь үргэлжлүүлж олгохоор болсон байна.

Мөн түүний 52 настай эхнэр Грэйс Мугабэ үүний талтай тэнцэх тэтгэмжийг насан туршдаа хүртэхээр болжээ.

Мугабэгийн 37 жилийн засаглалын хугацаанд Зимбабве улсын эдийн засаг доройтож, хэт инфляцид баригдан, ажилгүйдлын хэмжээ 80-аас дээш хувьд хүрсэн юм. Хүн амын дундаж наслалт 60 болсон нь дэлхийд доогуур орох үзүүлэлт.

Тэргүүн гэр бүл асан нийслэл Хараре дахь “Хөх дээвэрт” харшдаа үргэлжүүлэн амьдрах юм. Тэдний эрүүл мэндийн үйлчилгээ, туслах хүн хүч, хамгаалалт, гадаад аялалын зардлыг бүгдийг Зимбабвегийн төр даахаар болжээ.

Өнгөрсөн Баасан гарагт Зимбабвегийн шинэ ерөнхийлөгч Эммерсон Мнангагва тангараг өргөж ажилдаа орсон юм. 75 настай Мнангагва Зимбабвед шинэ эрин эхэлж байгааг зарлаж, улс орныхоо эдийн засгийг өөд татахаа амлажээ.

Тэр бас үндсэн хуулийг хүндэтгэж, ирэх оны наймдугаар сард ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахаа мэдэгдээд “Ард түмний дуу хоолойг сонсох ёстой” гэж мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: The Guardian