Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Чечений удирдагч Рамзан Кадыров албан тушаалаасаа огцроход бэлэн гэлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Чечений БНУ-ын засгийн газрын тэргүүн Рамзан Кадыров албан тушаалаасаа огцроход бэлэн байгаагаа өнөөдөр өглөө телевизийн сувгаар ярихдаа хэлжээ.

Тэр өөрийг нь залгамжлах хүнийг Кремлийн сонголтоор шийдэх ёстой гэсэн байна. Эдүгээ 41 настай, 12 хүүхдийн эцэг Кадыров олон төрлийн хоббитой, хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байдаг нэгэн.

Мөн түүнийг өөрийн БНУ-д хүний эрхийг зөрчдөг, сөрөг хүчнийг хавчин гадуурхдаг, бэлгийн цөөнхийг дарамталдаг гэж буруутгадаг. Гэхдээ тэр ОХУ-ын төв засгийн газарт, ерөнхийлөгч Владимир Путинд үнэнч гэдгээ байнга илэрхийлдэг юм.

Исламын хөдөлгөөний тэмцэгч байсан Кадыров 2007 оноос хойш Чечений тэргүүнээр ажиллаж байгаа. Өнгөрсөн оны гуравдугаар сард түүний алба хаах хугацааг Путин сунгахдаа Оросын хууль дүрмийг Чеченьд хатуу дагах ёстойг сануулж байв.

Ярилцлагын үеэр түүнээс огцроход бэлэн эсэхийг асуухад Кадыров “Үүнийг бараг миний мөрөөдөл гэж хэлж болно” хэмээн хариулжээ.

“Юмсыг дэг журамд оруулахад над шиг хүмүүс хэрэгтэй байсан цаг бий. Харин одоо бид хөгжил дэвшил ярих цаг болсон. Чечений БНУ-д өөрчлөлт хийх цаг ирсэн” гэж тэр Россия 1 сувагт ярьсан байна.

Залгамжлагчийн тухай асуухад Кадыров “Энэ бол улсын эзний мэдэх асуудал” гэжээ.

Дараа нь тэр “Хэрвээ надаас асуувал энэ үүргийг дээд зэргээр биелүүлэх чадалтай хэд хэдэн хүн бий” гэсэн байна. Кадыровын энэ мэдэгдэл ирэх оны ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай давхцаж байгаагаараа онцлог болж байна.

65 настай Владимир Путин дахин сонгогдох төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ түүнийг өрсөлдөхөд Кадыров мэтийн хүмүүс сөргөөр нөлөөлж магадгүй гэсэн таамаг бий. Хоёр ч удаа дайны хөлд сүйрсэн Чеченийг Москва олон жил санхүүгээр дэмжиж ирсэн. Тус БНУ нь ОХУ-ын холбооны бүс нутгуудаас хамгийн их хөнгөлөлт, дэмжлэг эдэлдэг нутагт тооцогддог.

Путиныг шүтдэгээ нуугаагүй Кадыров түүний төлөө амиа өгөхөд бэлэн гэдгээ бас энэ үеэр хэлжээ.

Тэр бас 2015 онд алагдсан сөрөг хүчний удирдагч Борис Немцовын хэрэгт Чеченьчүүд холбоотой гэх мэдээллийг хатуу няцаасан байна.

 

Эх сурвалж: The Guardian