2017/12/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,436.29₮
B28
УЛААНБААТАР
-17°
|
-24°
B32
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B34
УЛААНБААТАР
-10°
|
-20°
20:00
S44
-22°
21:00
S44
-22°
22:00
S44
-23°
23:00
S44
-23°
00:00
S44
-23°
01:00
S44
-24°
02:00
S28
-24°
03:00
S28
-24°
04:00
S44
-24°
05:00
S44
-26°
06:00
S44
-26°
07:00
S44
-26°

О.Ариунаа: Би аавынхаа “Ардын элч”-ийн Ариунаа

Ч.Гантулга
2017 оны 11 сарын 27
Зууны мэдээ

Гэрээсээ гараад эргэж ирээгүй аавынх нь орон зай одоо ч гэрт нь, сэтгэлд нь дутуу. Гэвч 100 жил өнгөрөвч зохиол бүтээлээрээ уншигчдын дунд мөнх амьдарсан эрхэм зохиолчийн намтрыг эргэн сөхөхөд содон байх болов уу. Төрийн шагналт, зохиолч Чойжамцын Ойдовын мэндэлсний 100 жилийн ой тохиож байна.

Энэ цагийн хүүхэд, залуус түүнийг “Цолмон”, “Солонго”, “Чөтгөртэй бууц”, “Далан худалч” бүтээлээр нь андахгүй.

Харин театрын уран бүтээлчид Төрийн шагнал хүртсэн “Зам” жүжгийнх нь тухай одоо ч ярьдаг билээ. Тэртээ 1947 онд бичсэн тус жүжигтээ өнөөгийн Монгол Улсын хөгжлийг урьдчилан харсан нь суу билэгт зохиолчийн алсын хараа гэлтэй. Хэдий 46 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч зохиол бүтээлээрээ өнөөг хүртэл бидний дунд амьдарч буй эрхэм зохиолчийн охин О.Ариунаатай дурсамж хүүрнэн, аавынх нь түүхийг сийрүүллээ.

ЗОХИОЛДОО ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ НЭРИЙГ МӨНХӨЛЖЭЭ

 
Гэргий Л.Лидатайгаа.

Ч.Ойдов есөн хүүхэдтэй, өнөр өтгөн айлын өрхийн тэргүүн байв. О.Ариунаа энэ айлын зургаа дахь хүүхэд. Аав нь дэндүү балчирт нь өөд болсон ч тэрээр гэгээн дурсамжаа сэтгэлдээ нандигнан хадгалжээ. Цэрэг малгай тавьчхаад инээмсэглэн алхах аавынхаа төрхийг охин нь үргэлж санадаг. Зохиол бүтээлээрээ түмэндээ хүндлэгдсэн их зохиолч гэртээ халамжит хань, эгэл жирийн монгол аав байсан гэж охин нь хуучиллаа. Аав нь түүнийг “Ардын элчийн Ариунаа” гэж өхөөрддөг байж. Учир нь 1957 онд төрсөн охиныхоо нэрээр 1959 онд бичсэн зохиолын баатраа нэрлэсэн юм. “Ардын элч” киног мэдэхгүй хүн үгүй.

Зохиолчийн охиныг багад нь хүүхдүүд “Ардын элчид гардаг Дүлзэн. Ариунаа хүүхэнд дурладаг Дүлзэн. Адаг сүүлд нь алуулдаг Дүлзэн” гэж нэрлэдэг байжээ.  Мөн О.Баясгалан гэж том хүүгийнхээ нэрээр нэрлэсэн кино нь Монгол кино нэгтгэлийн архивд хадгалагдаж байна. “Жаргалын зам” дуурийн Халиунаагийн ари нь О.Ариунаагийн дараагийн дүүгийнх нь нэр аж. Энэ мэт хүүхдүүдийнхээ нэрийг бүтээлдээ мөнхөлсөн нь өнөөдөр сайхан дурсамж, бахархал болон хүүхдүүдийнх нь сэтгэлд үлджээ. О.Ариунаатай аавынх нь талаар дурсамж сөхлөө.

-Аавын тань мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд ямар ажил амжуулав?

-Аавынхаа насны ойд зориулж олон ажил хийхээр төлөвлөсөн. Үүний эхлэл нь болгож СУИС-тай хамтарч эрдэм шинжилгээний бага хурал хийлээ. Одоо гурван боть номыг нь хэвлүүлэхээр бэлдэж байна. Архивыг нь цэгцлэхэд хэвлэгдэж амжаагүй бүтээл олон байна. Бүгд хуучин монгол бичгээр. Тэдгээрийг ШУА-ийн н.Ууганбаатартай хамтраад, кирил үсэг рүү хөрвүүлж байна. Мөн “Далан худалч” жүжгийг нь тавиулчих санаатай ярилцаж байгаа.

 
Төрийн шагналт, зохиолч Ч.Ойдов их зохиолч, соён гэгээрүүлэгч Б.Ренчинтэй дотно нөхөрлөдөг байжээ.

-Ч.Ойдов зохиолчийг уншигчид зөвхөн зохиол бүтээлээр нь мэддэг. Харин таны аав хувь хүнийхээ хувьд ямар хүн байсан бэ?

-Цаг хугацаа өнгөрөх тусам аавтайгаа өнгөрүүлсэн сайхан дурсамжууд сэтгэлд тодорч, дэндүү нандин санагддаг болчхож. Аавыг өнгөрөхөд бага дүү минь таван сартай, том ах IX ангид байсан. Биднийг багаас ном их унш гэж захидаг байлаа. Том ах маань зурах авьяастай учир зургийн ном их авчирна. Гэртээ байхдаа уцаарладаггүй, их тайван хүн байсан нь санаанд тод үлдсэн дээ.

Охин О.Ариунаа нь аавынхаа тухай ингэж ярьсан юм. Зохиолч Ч.Ойдов 1963 онд таалал төгссөн билээ. Том хүүхэд нь сургуулийн ширээнээс салаагүй, дэрсхэн есөн хүүхдээ, өөрийнхөө болон хадам ээжтэйгээ 12 хүний амьдралыг залгуулах хэцүүхэн даваа эхнэр Л.Лидад нь иржээ. 33 насандаа бэлэвсэрч үлдсэн бүсгүй амьдралд бууж өгөхийг хүсээгүй аж. Хүүхдүүдээ өлсгөхгүй, гэдэс цатгалан, эрүүл энх өсгөх сөн гэсэн ганцхан хүслийг сэтгэлдээ тээж, амьдралын хатууг нуруундаа үүрчээ.

Тиймээс хүний мууд дурладаггүй, хов ярьж, хүн муу хэлдэггүй их нийтэч, хүлцэнгүй хүн байжээ. Энэ зан нь амьдралд нухлуулж, хатуужсаных нь илрэл байсан болов уу гэж охин нь дурсаж байв. Зохиолч Ч.Ойдов гэргийтэйгээ “Бөмбөгөр ногоон театр”-ын хашаанд анх танилцсан түүхтэй. Ч.Ойдовыг театрт гэрэлтүүлэгч  байх үед гэргий нь ээж аавынхаа хамт театрын хашаанд амьдардаг байжээ. Ийнхүү заяаны ханиа олж, их хотын хаяанд Ч.Ойдовынх гэдэг нэгэн айл өрх тусгаарлажээ. Тэгвэл Зохиолч Ч.Ойдов гэж хэн байв …

ХОЁР ДАЙНД ОРОЛЦСОН ЗОХИОЛЧ

 
Ч.Ойдов зохиолч есөн хүүхэдтэй өнөр өтгөн айлын өрхийн тэргүүн байв

Ч.Ойдов 1917 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг Билэгт хэмээх газар төржээ. Эцэг нь язгуур угсаатай, эрдэм номтой хүн байсан учир хүүгээ таван настайд нь нутгийн мэргэн Рааш-Онолтоор бичиг үсэг заалгуулжээ. Гэвч 1930-аад оны их хэлмэгдүүлэлт зохиолчийн гэрийг дайраад гарсан юм. Аав Чойжамц нь тайж угсаатай учир хөрөнгийг нь нэг бус удаа хурааж, эцэст нь таван гунж, унах морь, ачих шар төдийхөнтэй үлджээ.

1929 онд аав нь өөрийг нь баривчлахаар хүн ирж буйг мэдээд эхнэр, хоёр хүүгээ орхиод зугтсан түүхтэй. Үүнээс хойш аавтайгаа холбоо тасрав. Хожим сонсох нь хар агуйд бүгж, амь хоргодож байгаад хожим нь Архангай аймаг руу дүрвэн одсон гэж хэл дуулснаас цаашгүй. Элбэг хангалуун амьдрал энэ үеэр эцэс болж, амьдрахын тулд улаач, бичээч зэрэг ажил хийжээ. Хар бууцан дээрээ ганц гэрээр үлдсэн тэд нутаг сэлгэн Уянга сум руу нүүхдээ өөрийнхөө овгийг эх Цэрэнгийн нэрээр сольсон юм. Ингэхдээ эцгийн өгсөн Ойдов-Цогзол нэрээ Ойдов болгон өөрчилжээ.

Ийнхүү 1936 онд Улаанбаатар хотод ирж, Амгалангийн клубт гэрэлтүүлэгчээр ажилд оров. Ч.Ойдов нь зохиолчдын дундаас ганцаараа хоёр дайнд оролцсон гэдгийг нь онцлох нь зүйтэй. Амьдралын хатуу хөтүүг үзэж, ажил хийж сурсан түүнд цэргийн таван жил хэцүү байсангүй. 1939 оны Халхын голын тулалдаанд Тамсагбулагт холбоочин цэрэг, Чөлөөлөх дайны үед “Улаан-Од” сонинд сурвалжлагч байсан учир дайны халуун цэгээс мэдээ бэлтгэж байжээ.

Үүний дараа “Бөмбөгөр ногоон театр”-тай хувь заяагаа холбов. Гэрэлтүүлэгчийн албатай тэрээр энэ театрт ажилласнаар утга уран зохиол, театрын урлагт ухаангүй дурлав. Ийнхүү утга зохиолын бүлгэмд суралцаж, анхны зохиол болох “Долоодой хүү”-гээ өлгийдсөн аж. Энэ үе нь их зохиолчийн амьдралын өрнүүн намтрын дөнгөж эхлэл юм.

“ДАЛАН ХУДАЛЧ” ЖҮЖИГ МОНГОЛЫН УТГА ЗОХИОЛЫН ТҮҮХЭНД ХУВЬСАЛ ХИЙВ

 
1950-иад оны хэвлэл мэдээллийн салбарын анхдагчдын хамт

Зохиолч Ч.Ойдовын бүтээлд хүүхдэд зориулсан бүтээл голлох байрыг эзэлдэг. Хамгийн том бүтээлийнх нь нэг болох “Далан худалч” жүжиг нь Монголын театрын түүхэнд шинэ үзэгдэл болсон гэж театрын түүхийн хуудаснаа бичээстэй бий. Үүнд  “Хошин шог үзэгдлийн анхны суурийг тавьсан” гэжээ. Тухайн үедээ төв театраас гадна орон нутгийн театруудын тайзнаа хамгийн олон удаа тоглосон бүтээлээр шалгарч байв. Үүнээс гадна 1958 онд бичсэн алдарт “Их жанжин Сүхбаатар танаа” зохиол нь 1959 онд “Ардын элч” кино болсон нь өнөөгийн бидний үзэх дуртай, сэтгэлд хоногшсон бүтээлийн нэгээр зүй ёсоор нэрлэнэ. Зохиолч Б.Ойдов 1947 онд “Зам” жүжгээрээ Төрийн соёрхол хүртсэн юм.

Жүжгийн утга санаа нь

Өнөр сайхан манай орон
Өнө мөнхийн саруул замтай
Өмнө нь байгаа өргөн зам
Өөдөө дэвших хөгжлийн зам …. гэсэн дөрвөн мөртөд багтжээ.

Зам, тээвэр төдийлөн хөгжөөгүй 1940-өөд оны үед эх орны ирээдүйн хөгжлийг ийнхүү бүтээлдээ тусгасан нь өнөөгийн бидний амьдарч буй нийгэм, их хотын хөгжлийг харжээ хэмээн судлаач, шүүмжлэгчид дүгнэсэн байдаг. Зохиолчийн гэрээр тухайн үеийн алдартай зохиолчид очдог байж. Үүнээс Б.Ренчин гуайтай дотно нөхөрлөдөг байсныг гэрэл зургууд гэрчилнэ. Мөн Ц.Дамдинсүрэн, Д.Намдаг, Л.Ванган, Б.Дамдинсүрэн, зураач Л.Намхайцэрэн, кино найруулагч Д.Жигжид Ц.Доржпалам гэсэн эрхэм зохиолчийн дотнын найз байв. Үүнээс хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэнтэй гэр бүлийн найзууд байжээ.

ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭД ӨРТСӨН ОН ЖИЛҮҮД    

Авьяас билэг нь асгарч, нэр алдраа цуурай­туулж явсан эрхэм хүмүүний хувийн амьдрал нь дардан байсангүй. Багаасаа хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөж, аавыгаа алдсан. Сураг тасарсан аавыгаа олно гэсэн итгэл найдвараа алдаж, сэтгэлдээ бэтгэрч явснаар бага нас нь өнгөрсөн. Харин идэр насандаа эсэргүүний хүүхэд гэсэн нэр салсангүй. Гэвч тэрээр элдэв шахалт дарамтаас зугтсан удаа байхгүй. Харин ч зохиолчийнхоо үүргийг биелүүлж, өөрийн бүтээл туурвилаараа хэлэх үгээ дайдаг байв. Энэ талаар охин О.Ариунаа нь ингэж ярьсан юм.

-Таны сэтгэлд аавтайгаа өнгөрүүлсэн сайхан дурсамж олон байдаг байх. Бидэнтэй хуваалцаач?

-Аав минь их даруухан, төлөв хүн байсан. Юм бүхнийг цаасан дээр буулгаж, тэмдэглэдэг байсныг нь санаж байна. Жаахан байхдаа аавтайгаа “Улаанбаатар” ресторанд очиж байснаа тод санадаг. Их л гоё газар ирлээ гэж бодож билээ. Намайг тэврээд л. Ээж минь хүүхдүүдээ өсгөхөөс илүү гарч, зохиол бүтээлийг нь эмхэтгэж чадаагүй гэж ярьдаг байсан. Аавыг өнгөрсний дараа олон хүн ирж, судалгаа шинжилгээ хийхээс гадна дипломын ажил бичнэ гээд бүтээлүүдээс нь авсан ч эргүүлж өгөөгүй юм билээ.

-Аавыгаа их санадаг байв уу?

-Бага байхдаа аавынхаа эзгүй орон зайг их үгүйлдэг байсан. Санах бүртээ хүүхэд насныхаа дурсамжийг бодно. Би аавтайгаа унтдаг байлаа. Аав минь нэг удаа хөлөө хугалчихсан. Би шохойноос нь айгаад унтаагүй. Дэндүү балчиртаа алдчихсан учир их санадаг байсан. Үргэлж “аав хааччихсан юм бол” гэж боддог байсан санагдана.

Зургаан настайдаа аавгүй болсон бяцхан охины сэтгэлд эдгээр дурсамж тод үлджээ. Ч.Ойдовынх СУИС-ийн урд талын байр, хуучнаар 120 айлын орон сууцанд  амьдардаг байж. Нэг өрөө байрандаа олуулаа бужигнаж, амралтын өдрөөр шүлэг найраглал уншдаг байсан есөн хүүхдэд аавгүй амьдрал тийм амар байсангүй. Хэдийгээр нэртэй зохиолчийн хүүхдүүд ч гэлээ элбэг хангалуун амьдралыг туулаагүй. Байгаа хоолоо тэнцүүхэн хувааж, багадсан хувцсаа ээлжлэн өмссөөр хүн болжээ.

Ухаан суухын цагтаа аавынхаа амьдралын түүхийг ойлгож, мэддэг болсон үедээ “Хэрэв аав минь байсан бол” гэсэн нууцхан харуусал тээж явснаа охин нь нуусангүй. Зохиолчийн амьдралын сүүлийн жилүүдэд амжилт бүтээлд нь алга таших нэгэн байхад атаа жөтөө санагч цөөнгүй байжээ. Тэд хувьсгалчийн баг өмсөж, зохиолчийн тухай худал бүхнийг үнэн мэтээр ярьж, хүмүүст буруу ойлголт төрүүлж байв. Энэ бол насан туршид нь дагаж явсан өнөөх хэлмэгдүүлэлтийн хар сүүдрийн уршиг байв.

1963 оны тавдугаар сард зохиолчдын хорооноос Ч.Ойдовыг дууджээ. Сэлэнгэ аймгийн Ерөөд очиж тэндхийн ажилчдын амьдралыг судалсан зохиол бичих үүрэг өгөв. Зохиолч гурав хоноод ирэхэд олон хувцсаар яах вэ гээд, хүүхдүүдээ үнсэж, гар цүнхээ бариад гэрээсээ инээмсэглэн гарчээ. Гэвч очсон даруйд нь баривчилжээ. Тухайн үед “Ардын элч” кино нэрд гарсан байсан учир зохиолчийг таньдаг нэгэн сайхан сэтгэлт хүн оргуулсан гэдэг.

Гэртээ ирээд гундуухан “Намайг худал хэлж явуулсан байна. Зохиолчдын хорооныхонтой уулзана” гээд гэрээсээ гарсан аав нь эргэж ирсэнгүй. Энэ өдрийн орой нь Зохиолчдын хорооны урд талын сааданд аав нь амьсгал хураалаа гэсэн мэдээг сонсжээ. Ийнхүү их зохиолчийн халуун амь цэл залуухан 46 насандаа тасарсан юм. Гэвч тэрээр өнөөг хүртэл зохиол бүтээлээ бидний дунд мөнх амьдарсаар байна.

x