Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Шинжлэх ухааны салбарынхан оны шилдгүүдээ тодрууллаа

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 11 сарын 26
iKon.MN

Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 96 жил, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-т зориулсан баярын хурал болж 2017 оны шилдэг бүтээлийн эздийг тодрууллаа.

Дэлхийн хувь заяа шинжлэх ухаанаас бүрэн хамаарах болоод байна

 

Баярын хурлыг нээж ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл үг хэлсэн юм. Тэрбээр "Хүн төрөлхтөн түүхэндээ бий болгосон, нийгэмд хамгийн өргөн хүрээнд ач тусаа өгч байдаг, гайхамшигтай, том бүтээл, эрхэмсэг шинжлэх ухаанд цаг зуурын бэрхшээл цалин мөнгөний гачаалыг үл хайхран хоёргүй сэтгэлээр зүтгэж, хувь нэмрээ оруулж яваа та нараараа бид ямагт бахархдаг.

Хүмүүн хэмээх бодгалийн хувь заяа нь түүний мөрөөдөл, мөрөөдөлдөө хүрэх зүтгэл хоёроор тодорхойлогдож байдаг бол хүн төрөлхтөн болоод манай цэнхэр гарагийн хувь заяа шинжлэх ухаанаас бүрэн хамаарах болоод байгаа нь глобал уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратеги, даян дэлхийн ногоон хөгжлийн үзэл баримтлал зэрэг дэлхийн хэмжээний бодлогын баримт бичгүүдэд хэдийнээ тусгалаа олоод байна.

Энэ цаг Монгол орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийг улам эрчимжүүлэх, шинэ үеийн монголчуудыг эрүүл бие бялдартай, саруул ухаантай, цэвэр ёс суртахуунтай хувь хүн болгон төлөвшүүлэхэд манай орны шинжлэх ухаан, боловсролын байгууллага эрдэмтэн мэргэдийн гүйцэтгэх үүрэг хариуцлага, эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна" гэлээ.

Жил бүрийн шинжлэх ухааны ажилтны өдрөөр оны шилдэг бүтээлийн шагналыг олгодог уламжлалтай. Энэ жил шилдэг бүтээлийн эздээс гадна Алтан гадас одон, тэргүүний ажилтны тэмдэг болон шинжлэх ухааны жуух бичгээр шагнасан юм.

БСШУСЯ-ны 2017 оны Шинжлэх ухааны шилдэг бүтээлийн эзэд

1-р байрт

  • МУИС-ийн доктор,П.Дэлгэржаргал, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн доктор Б.Батсүрэн нарын багийн “Монголын түүх” 5 боть

2-р байрт

  • ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн доктор, академич Ж.Тэмүүжин “Нүүрсний үнсний шинж чанар, иж бүрэн боловсруулалт, хэрэглээ” бүтээл

3-р байрт

  • ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн доктор Г.Долмаа “Гумины бодисууд ба тэдгээрийн нанокозитын биологийн идэвх” судалгаа
  • МУИС-ийн доктор Х.Тэрбиш, МУБИС-ийн доктор Х.Мөнхбаяр, доктор М.Мөнхбаатар “Монгол орны хоёр нутагтан” бүтээл
  • Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн доктор, профессор Ч.Чимэдрагчаа, академич Б.Дагвацэрэн, доктор Б.Дэжидмаа, доктор Б.Нямдэмбэрэл нарын багийн “Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг түүхий эд, эмийн фармакопей” сэдэвт бүтээл

Тусгай байрт

  • ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн доктор, академич Д.Содномдоржийн “Энергийн гайхамшиг ба түүний хувирлууд”
  • СУИС-ийн харьяа Соёл урлаг судлалын хүрээлэнгийн доктор Б.Баатархүү “Монгол Улсын Тувачууд”
  • ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэнгийн доктор Б.Бүрэнбаатар нарын багийн “Монпоур” малын дусаалгын бэлдмэл бүтээл тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн  шагналын эзэд болсон юм. 

“Нүүрсний үнсний шинж чанар, иж бүрэн боловсруулалт, хэрэглээ” бүтээлээрээ энэ жил хоёрдугаарт байрт орсон Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн доктор, академич Ж.Тэмүүжингээс түүний бүтээлийн талаар тодрууллаа.

Үнсийг ашиглан цементгүй бетон буюу шинэ төрлийн холбогч материал үйлдвэрлэх боломжтой

 

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн доктор, академич Ж.Тэмүүжин "Дэлхий нийтэд дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг хэрхэн ашигладаг, өмнө нь ашиглаж байсан туршлагад үндэслэн Монгол орны төвийн бүсийн дулааны голлох цахилгаан станцуудыг үнсийг судаллаа.

Эдгээрийг боловсруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болохыг гаргаж ирсэн. Түүнчлэн гэр хорооллын өрхүүд өргөнөөр ашигладаг Налайх, Алагтолгой, Багануурын нүүрсний үнсийг ашиглах боломжийг тогтоосон урьдчилсан судалгааны үр дүнгээ тусгасан.

Цахилгаан станцын үнсийг цацраг идэвхтэй гэдэг үндэслэлээр хэрэглэдэггүй байсан бол судалгааны үр дүнд бага хэмжээгээр бетонд холиход дэлхийн болон Монгол Улсын барилгын материалд тавигдах стандартаас давах хэмжээний цацраг ялгаруулахгүй гэдгийг мэдсэн.

Түүнчлэн Дөрөвдүгээр цахилгаан станцын үнсийг ашиглан цементгүй бетон буюу шинэ төрлийн холбогч материалыг үйлдвэрлэх боломжтой, ямар нэгэн цацрагийн асуудалгүй гэдгийг гаргаж ирсэн" гэсэн юм.