Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Финландын компани дэлхийд анх удаа шавьжаар хийсэн талх худалдаанд гаргалаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Финландын хүнс, нарийн боовны Fazer компани өчигдөр буюу Пүрэв гарагт дэлхийн анхны шавьжаар хийсэн талх худалдаанд гаргажээ.

Улаан буудайн гурилнаас гадна хатаасан хүрэлзгэнийг тээрэмдэж гаргасан гурилтай энэ талх нь ердийн талхнаас илүү тэжээллэг гэнэ. Нэг талханд 70 орчим хүрэлзгэнэ орсон бөгөөд үнэ нь 3.99 евро болжээ.

Харьцуулбал энгийн талхны үнэ 2-3 евро байдаг гэнэ.

“Шинэ талх нь уурагны сайн эх үүсвэр болохоос гадна шавьжны орцтой хүнсэнд хүмүүсийг дасгах ач холбогдолтой” гэж тус компанийн инновацийн захирал Жухани Сибаков ярьжээ.

Хүнсний шинэ эх үүсвэр олох, уураг тэжээл авахдаа амьтны амь үрэхгүй байх хүсэл нэмэгдэхийн хэрээр Өрнөдийн орнууд шавьжийг сонирхох болсон юм.

НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллага 2013 онд шавьж үржүүлж, хүнсэнд хэрэглэхийг дэмжих хөтөлбөр зарласан ба ийм хямд, эко хүнс нь 2030 онд 9 тэрбумд хүрэх хүн төрөлхтний хүнсний хэрэгцээг хангах чухал эх үүсвэр болно гэсэн таамаглал гаргасан байна.

Энэ сард Финланд улсад шавьжийг үржүүлж, хүнсэнд ашиглахыг хуулиар зөвшөөрснөөр Британи, Нидерланд, Бельги, Австри, Дани гэсэн бусад Европын улсуудтай нэгдсэн юм.

Fazer компани шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахаар өнгөрсөн зунаас эхлэн бэлдэж, хууль гарахыг хүлээж байжээ.

 

Эх сурвалж: Reuters