Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн ГҮН ХАР материалыг Пёнчаны олимпийн наадамд ашиглахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хүний гараар бүтээгдсэн хамгийн гүн хар өнгөтэй материал болох Vantablack-ийг хүний нүд ялгаж харж чаддаггүй.

Сансрын хар нүх л ийм байдаг байх гэмээр уг материал руу харсан хүн юу харж байгаагаа ойлгодоггүй гэнэ. Үнэндээ Vantablack нь ямар ч өнгөгүй материал.

Анх Британий Surrey NanoSystems компани энэхүү супер хар материалыг гурван жилийн өмнө гаргаж авчээ. Тэр цагаас хойш дизайнерууд, архитекторууд, агаарын техникийн инженерууд гээд салбар салбарын мэргэжилтнүүд тэдэн рүү цувах болсон байна.

Уг материал нь өөр дээрээ туссан гэрлийн 99.96 хувийг шингээж авдаг. Тус компанийн үүсгэн байгуулагчдын нэг Бэн Йенсен “Хэрвээ материал дээр туссан гэрэл эргэж ойхгүй бол хүнд юу ч харагдахгүй бөгөөд тархинд энэ бол хар өнгөтэй гэсэн мэдээлэл очдог” гэж тайлбарлаж байна.

Ийм материалаар бүрхэгдсэн биет үндсэнсээ 3 хэмжээст чанараа алдаж, бүхэлдээ хавтгай мэт харагддаг гэнэ.

Материалын нэг сантиметр квадрат талбай бүрт нэг тэрбум орчим нүүрсэн нано хоолойнууд жигд зайтай байрласан байдаг. Үүн дээр гэрэл тусахад эдгээр хоолойнуудын завсраар орсон гэрэл эргэж ойж чадалгүй үлдэж, материалыг халаадаг байна.

Үлгэрлэвэл хэдэн зуун метр өндөртэй шигүү, жигд ургасан моддын дунд хүн явж байхад гэрэл тусах боломжгүйтэй адил гэнэ.

Vantablack материалыг ирэх онд Өмнөд Солонгосын Пёнчанд болох өвлийн Олимпийн наадамд ашиглахаар болжээ. Наадмын үеэр Олимпийн хотхонд байрлах дөрвөн талтай байгууламжийг ийм материалаар бүрэн бүрж, олон мянган жижиг гэрлээр чимэглэх юм байна. Үүнийгээ “сансар огторгуйн тасархай” гэж нэрлэх ба харсан хүмүүст сансрын уудмыг ододтой нь тасдаад авчирсан мэт сэтгэгдэл төрүүлэх юм.

 

Эх сурвалж: CNN