Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхийн II дайн, түүхэн хүмүүстэй холбоотой Польш кинонуудыг үзүүлэхээр бэлдсэн байгаа"

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургууль, Бээжин дэхь Польш улсын Элчин сайдын яамтай хамтран найм дахь удаагаа "Польшийн кино" өдөрлөгийг энэ сарын 27, 28-ны өдөр зохион байгуулах гэж байгаа аж. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.


Өдөрлөгийн үеэр "Бортгонд нуусан амь" номын нээлт болно

 
Гэрэл зургийг mpa.mn

Сэтгүүлч, орчуулагч М.Ундрам "Энэ удаагийн кино өдөрлөг нь Польшийн агуу нийгмийн болон хүмүүнлэгийн зүтгэлтнүүдийг Монголчуудад таниулахад оршиж байгаа. 
Мөн дэлхийн хоёрдугаар дайны үеэр Германчуудад эзлэгдсэн Варшавын Геттогоос 2,500 хүүхэд аварсан гайхалтай Ирена Сендлерийн түүхээс өгүүлсэн "Бортгонд нуусан амь" номын нээлт энэ үеэр болж байгаа юм.

Энэ номыг зохиолч Жек Майер 2010 онд гаргаж, Америкт бестселлер болсон.

Холокост буюу Фашистууд Еврейчүүдийг хоморголон устгах харгислалын үеэр болсон гайхалтай баатарлаг үйлсийн түүх одоогийн АНУ-ийн Канзас мужид амьдардаг гурван охины амьдралыг хэрхэн өөрчилсөн тухай энэ номд гардаг.

Ирена Сендлерийн энэхүү баатарлаг үйлс 60 жилийн турш дарагдсан юм.  Энэ бол бодит түүхээс сэдэвлэсэн бүтээл.

"Бортгонд нуусан амь" номыг миний бие өнгөрсөн жил гаруйн хугацаанд орчуулсан. Ном арванхоёрдугаар сарын эхний долоо хоногоос эхэлж зарагдана" гэлээ.

Польшийн алдартай найруулагч, урлагийн хүмүүсийг урьж мастер хичээлүүдийг заалгадаг болсон

 
Гэрэл зургийг mpa.mn

СУИС-ийн Радио, Телевиз, медиа урлагийн сургуулийн кино телевиз тэнхимийн эрхлэгч Ц.Цэвээнсүрэн "СУИС-ийн радио, телевиз медиа урлагийн сургууль нь Польшийн кино өдөрлөгийг найм дахь удаагаа зохион байгуулж байна. Өмнө нь бид Польшийн кино хүрээлэнгээс ирсэн кинонуудыг орчуулж оюутан, залуус, сонирхогчдод үнэ төлбөргүйгээр гаргадаг байсан.

Сүүлийн жилүүдэд бид үйл ажиллагаагаа өргөжүүлж, кино өдөрлөгийн хүрээнд Польшийн алдартай найруулагч, урлагийн хүмүүсийг урьж мастер хичээлүүдийг заалгадаг болсон. 

Энэ жилийн кино өдөрлөгөөр бид дандаа Дэлхийн хоёрдугаар дайн, түүхэн хүмүүстэй холбоотой бодит түүхээс сэдэвлэсэн кинонуудыг үзүүлэхээр бэлдсэн байна. 
Үүний хамгийн гол кино нь "Бортгонд нуусан амь" буюу Ирена Сендлерийн түүх байгаа юм" гэлээ.

Кино өдөрлөг СУИС-ийн радио, телевиз медиа урлагийн сургуулийн байран дээр болох юм байна.

  • Арваннэгдүгээр сарын 27-нд Ирена Сендлерийн тухай кино 13:00 цагаас 
  • Арваннэгдүгээр сарын 28-нд "Амийг амиар" кино 14:00 цагаас тус тус гарах аж.