Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дайн гарвал иргэдээ Өмнөд Солонгосоос татах төлөвлөгөөг Японы засгийн газар боловсруулж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ Солонгосын хойгт дайн дэгдвэл Өмнөд Солонгост оршин суугаа иргэдээ нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг Японы засгийн газар гаргаж эхэлсэн тухай эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.

Уг төлөвлөгөөг Японы засгийн газрын бүх яамдад тарааж, иргэдийг нисэх болон усан онгоцоор хэрхэн татах, яам агентлагууд ямар ямар үүрэгтэй ажиллахыг тайлбарлах гэнэ.

Жуулчидтай нийлээд голдуу Сөүл орчимд байнга оршин суугаа 38,000 япон иргэнийг нүүлгэхээр тооцоог хийж байгаа ажээ. АНУ-ын ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсон болон Ким Жон Уны үед Хойд Солонгосын зэвсэглэлээр хөөцөлдөх нь улам эрчимжсэн тул ийм төлөвлөгөө боловсруулахад хүрсэн байна.

Сүүлийн саруудад Пёньян хоёр ч удаа Японы нутаг дэвсгэрийг давуулан баллистик пуужин харваж туршаад байгаа. Япон улс Солонгосын хойгийн орчимд АНУ, Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилалтаа эрчимжүүлээд байгаа бол саяхан Дональд Трампын айлчлалын үеэр их хэмжээний зэр зэвсэг АНУ-аас худалдаж авахаар болсон юм.

Нүүлгэх төлөвлөгөө ёсоор эхлээд Японы гадаад хэргийн яам иргэдээ даруй Өмнөд Солонгосоос агаарын замаар орхин явахыг анхааруулах гэнэ. Үүний дараа үлдсэн хүмүүсийг Өмнөд Солонгосын эргийн Бусан хот руу шилжиж, тэндээсээ Японы Цушима арал руу усан онгоцоор зорчихыг зааварлах аж. Тэндээсээ Японы өөрийгөө хамгаалах хүчний нисдэг тэргээр гол арлуудад хүрэх юм байна.

Төлөвлөгөөг эцэслэн батлахаасаа өмнө Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр хянуулна гэжээ.

 

Эх сурвалж: Japan Times