Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнсний хаягдал тосоор цэнэглэсэн Хятадын нисэх онгоц АНУ хүртэл нислээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хоёр жил гаруйн өмнө Хятадын хамгийн том хувийн агаарын тээврийн компани болох Хайнань Айрлайнз хүнсний хаягдал тосоор цэнэглэсэн нисэх онгоцоор 156 зорчигчийг Шанхайгаас Бээжин хүртэл тээвэрлэж байв.

Тодруулбал уламжлалт дизель түлшийг ресторануудаас цуглуулсан хаягдал тостой хольсон био түлшээр ниссэн юм. Тэгвэл энэ долоо хоногт тэд анх удаа гадаад нислэгт энэхүү холимог түлшээ ашиглаж, Бойнг 787 нисэх онгоц Бээжингээс АНУ-ын Чикаго хот хүртэл 186 зорчигч, нислэгийн багийн 15 гишүүнтэйгээр амжилттай нисэж хүрсэн байна. Уг холимог түлшний 15 хувь нь хүнсний хаягдал тос бол үлдсэн хэсэг нь онгоцны энгийн шатахуун юм.

Түлшийг үйлдвэрлэгч нь Хятадын төрийн өмчит China Petrochemical компанийн салбар Zhennan Refining and Chemical ажээ.

Тус компани жил бүр ресторануудаас 100,000 тонн хаягдал тос цуглуулах боломжтой гэж Синьхуа агентлагт мэдээлсэн байна. Ийм төрлийн био түлш нь дан дизельтэй харьцуулахад байгаль орчинд хор нөлөө багатай гэдгийг эрдэмтэд баталсан байдаг. Био түлш хэрэглэснээр нислэгийн компаниудын ялгаруулдаг хүлэмжийн хийг 80 хувь хүртэл бууруулж болох гэнэ.

Ерөнхийдөө ийм түлшийг ургамлын тосноос гаргаж болох ч дээрх тохиолдолд хүнсний хаягдал тос ашигласан нь илүү хямд өртөгтэй болгож байгаа ажээ.

Дэлхийн бусад авиа компаниуд ч био түлш рүү алхам алхмаар шилжиж байна. АНУ-ын United Airlines өнгөрсөн оноос эхлэн зарим чиглэлийн нислэгтээ био түлш ашиглаж эхэлсэн. Нидерландын KLM Royal Dutch компани өнгөрсөн оны есдүгээр сард Лос Анжелесийн нислэгээ био түлшээр гүйцэтгэж байхаар болсноо зарласан юм. Хонг Конгийн Cathay Pacific 2019 оноос эхлэн АНУ-ын бүх чиглэлдээ био түлш ашиглахаа мөн зарлажээ.

 

Эх сурвалж: Quartz