Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Цэрэг оргосны дараа Хойд Солонгос хилийн харуулуудаа бүгдийг сольжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт нэгэн цэрэг Зэвсэггүй бүсээр оргож ирсний дараа Хойд Солонгосын тал хилийн харуулуудаа бүгдийг нь сольсон болохыг Өмнөд Солонгосын тагнуулын эх сурвалж мэдээлжээ.

Арваннэгдүгээр сарын 13-нд Өмнөд Солонгос руу зугтаж ирсэн цэрэг хилийн харуулуудад буудуулж, хүнд шархдсан ч хэд хэдэн хагалгааны дараа ухаан ороод байгаа юм.

Цэргийг хил давуулж алдсаны төлөө харуулуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь сольсон бололтой. Мөн хилийн цэргийн зарим дарга офицерууд шийтгүүлж байх магадлалтайг эх сурвалж мэдээлжээ.

Хойд Солонгосын хилийн харуулууд оргодол цэргийг алдсанаас гадна түүний араас хөөж байгаад хилийн шугам давсан нь хоёр талын хооронд асуудал үүсгээд байгаа. Ингэснээр 1953 онд байгуулсан гал зогсоох гэрээг Хойд Солонгос зөрчсөнд тооцогдож байгаа юм.

Бас цэргийн жип машинтайгаар давхиж гарсан “72 цагийн гүүр”-ийг түр хугацаагаар хаажээ. 1976 онд Хойд Солонгосын тал энэ гүүрийг 72 цагийн дотор босгосон тул ийм нэр авсан юм байна.

Гүүрээр зөвхөн хоёр Солонгосын хооронд уулзалт, хэлэлцээр болох үед цэргийнхэн зорчдог ажээ.

Шархдсан оргодол цэргийг аврах ажиллагаанд оролцсон Өмнөд Солонгос, АНУ-ын зургаан цэргийн алба хаагчийг Армийн Хүндэт медалиар шагнаснаа НҮБ-ын командлагчийн газар мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Korea Herald