Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

АСЕМ-ын орнуудын Боловсролын сайд нарын дараагийн чуулга уулзалт Румын улсад болохоор товлогдлоо

ikon.mn
2017 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

- СӨҮЛИЙН ТУНХАГЛАЛ БАТЛАГДАВ -

БНСУ-ын Сөүл хотноо АСЕМ-ын Боловсролын сайд нарын VI чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Тус чуулганд АСЕМ-ын гишүүн 53 орон болон олон улсын байгууллагуудын нийт  220 гаруй өндөр түвшний төлөөлөл оролцсон юм. Энэ нь боловсролын салбараар дамжуулан ази-европ тивүүдийн харилцаа, хамтын ажилллагааг өргөжүүлэхэд дэлхийн улс орнууд ач холбогдол өгч байгаагийн нэг үзүүлэлт гэж оролцогчид үзэж байна. Чуулга уулзалтаар АСЕМ-ын орнуудын ирэх 10  жилийн хамтын ажиллагааны талаар голлон ярилцлаа. Мөн Сөүлийн тунхаглал батлагдсан юм. 

Тунхаглалд  “STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженер болон математикийн мэргэжлүүд, бизнес эрхлэх ур чадварыг дэмжинэ. Үүнтэй холбоотойгоор бид илүү нягт хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээ амлан тунхаглаж байна.

Бид хамтарсан төсөл боловсруулах, оюутнуудын болон залуусын  хөрвөх чадварыг хөгжүүлэх зэргээр Европ болон Азийн дээд боловсролын байгууллагууд шууд харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагаагаа сайжруулах үйл ажиллагааг хөхүүлэн дэмжиж байна” гэжээ.  

АСЕМ-ын Боловсролын сайд нарын VI чуулга уулзалтын голлох хоёр сэдэв нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, багш оюутнуудын солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэх чиглэлд голлон хэлэлцүүлэг өрнүүлж туршлага солилцсон юм. Ирэх 10 жилийн хамтын ажиллагааныхаа хүрээнд ази-европын их дээд сургуулиуд хүссэн залууст  цахимаар суралцах боломжийг нээж өгөх, цахим сүлжээгээр тивүүдийг холбох саналыг оролцогчид дэмжиж байна.

Аж үйлдвэрийн хувьсгалын дөрөв дэх эрин үед буюу цахим технологийн эрчимтэй хөгжилтэй уялдуулан боловсролын салбар хэтийн төлвөө тодорхойлох шаардлагатай гэж чуулга уулзалтын оролцогчид санал нэгдэж байлаа.

АСЕМ–ын орнуудын Боловсролын сайд нарын дараагийн чуулга уулзалт Румын улсад  болохоор товлолоо.