Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Руанда улс 30,000 “боол” хүлээж авахад бэлэн гэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Ливи улсад Сахарын цаадах Африкаас ирсэн дүрвэгчдийг дуудлага худалдаагаар зарж байгаа дүрс бичлэг интернэт ертөнцөд тарсан юм. Африкийн улсуудын холбоо (African Union) өнгөрсөн Мягмар гарагт “боолын худалдаа” Ливи улсад явагдаж байгааг хүчтэй эсэргүүцэн, Африкийн улс орнуудыг тэдгээр дүрвэгчдэд туслахыг уриалжээ.

Тэгвэл энэ уриалгын хариу болгож төв Африкийн Руанда улс тив нэгтэй 30,000 дүрвэгчийг нутагтаа хүлээж авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Тус улсын гадаад хэргийн сайд Луиз Мушикивабо “Бид одоо Ливид боолчлогдож байгаа дүрвэгчдэд хэрхэн тусалж чадахаа хэлэлцэж байна. Тоо хэмжээний хувьд Руанда 30,000 хүнийг хүлээж авах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гаргалаа” гэжээ.

Тэр бас “Руанда жижигхэн. Гэхдээ бид тэднийг багтаах зай гаргаж чадна” гэж твиттер хуудсандаа бичсэн байна. “Руандагийн улс төрийн бодлого, өнгөрсөн түүхийн сургамж хүмүүнийг үхэр мал мэт зарж байхыг хараад суухыг бидэнд зөвшөөрөхгүй” гэж тэр нэмжээ.

1994 онд Руандад нутгийн туци угсаатны эсрэг геноцид явагдаж, 800,000 хүнийг аймаглан устгасан гашуун түүх бий. Жижиг газар нутагтай Руандагийн хүн ам 12 сая.

Өнгөрсөн долоо хоногт тарсан дүрс бичлэгт Африкаас Европыг зорин цагаачилж яваа хар арьст иргэдийг Ливийн зэвсэгт бүлэглэлүүд боол болгон нэг хүнийг $400-аар зарж байгаа гардаг юм.

Тэднийг хойд Африкийн арабууд хөдөө аж ахуйд ажиллуулахаар авч байжээ.

Ливи улс нь Газрын дундад тэнгисийн эрэгт оршдог ба Африкийн дүрвэгчдийн Европ хүрэх гол зам болдог юм. Европын гүрнүүд Африкаас ирэх дүрвэгчдийн урсгалыг зогсоохын тулд Ливийн эрх баригчидтай хамтран ажиллаж байгаа. Үүний үр дүнд Ливид хашигдсан дүрвэгчид хүний наймааны хохирогч болох нь нэмэгдсэн юм.

Зөвхөн энэ онд 8,800 дүрвэгч Ливиэс буцаж эх нутагтаа ирсэн гэх тоог Олон Улсын Цагаачлалын байгууллага гаргажээ.

 

Эх сурвалж: Japan Times