Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанкны хэвлэлийн бага хурлаас бэлтгэсэн ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 11 сарын 22
iKon.MN

Монголбанкнаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Хэвлэлийн хурлаар активын чанарын үнэлгээ, зээлийн хүү, инфляци, ханш, Мөнгөний бодлого, макро эдийн засаг, эрх зүйн шинэчлэлүүдийн талаар хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан

 
Гэрэл зургийг MPA.mn
 “Банкуудын активын чанарын үнэлгээний дүн 12 дугаар сарын дундуур гарна. Үүнд харилцагч, хадгаламж эзэмшигчид санаа зовох зүйлгүй. Нэгдүгээрт, бидэнд хадгаламжийн даатгалын систем бий. Хоёрдугаарт банкуудад өөрийн хөрөнгөө дахин нэмэгдүүлэх хугацаа өгнө. Хугацааны эцэст банкууд өөрийн хөрөнгөө дахин нэмэгдүүлж чадахгүй бол төр хөрөнгө оруулахад бэлэн байгаа
“Зээлийн мэдээллийн тухай хууль байдаг. Зээлийн мэдээллийн сан Монголбанканд байршиж байна. Аливаа нэгэн хуулийн этгээдэд зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоогүй. Зөвшөөрөл хүссэн гурван хүсэлт ирсэн байгаа. Үүн дээр Монголбанк ажиллаж, зохих хариуг нь өгнө”

Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа

 
Гэрэл зургийг MPA.mn
Үнийн тогтвортой байдлыг Төв банкны гол зорилго гэж хуулинд тодорхой болгосноор ханшийг тогтвортой байлгах орчныг ч давхар бүрдүүлнэ. Төв банк дан ганц интервенц хийж ханшийг тогтоодог биш макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн савлагааг бодит сектор, санхүүгийн зах зээлд үүсгэхгүй байвал ханш өөрөө тогтвортой байна гэсэн үг”
“Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээс өндөр хамааралтай эдийн засагтай. Ханшийн савлагаа Монгол Улсын эдийн засагт үүсч буй эмзэг байдал. Энэ эмзэг байдлыг эмчлэхийн тулд суурь шалтгааныг эмчлэх хэрэгтэй. Эдийн засгийн төрөлжилт эмзэг байдлыг бууруулахад хамгийн чухал. Төрөлжилтийн бодлогыг уул уурхайн үнийн өсөлтийн таатай үед хийх нь үр дүнтэй байдаг. Хамгийн сүүлд Малайз улс энэ бодлогыг маш амжилттай хэрэгжүүлсэн”
2018 онд инфляцийг 8 хувьд тогтворжуулна гэж Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгасан байгаа. Инфляцийг тогтворжуулах нь иргэдийн амжиргааг хамгаалахад чухал нөлөөтэй. Нөгөө талаас эдийн засгийн өсөлт нь иргэдийн амьдралд тусгалаа олохын тулд үнийн өсөлтийг тодорхой түвшинд барьж байх ёстой. Энэ ч утгаараа дэлхийн олон Төв банкууд үнийн тогтвортой байдлыг үндсэн зорилтоо болгодог. 8 хувьд тогтворжуулах нь яагаад чухал юм бэ гэвэл инфляци нь хүлээлтээр өдөөгддөг. Инфляцийн хүлээлт өсөх юм бол инфляци өсдөг. Хүлээлтийг Төв банк хяналтандаа авч чадахгүй бол цаашдаа инфляцийг хэзээ ч хяналтандаа байлгаж чадахгүй

Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир

 
Гэрэл зургийг MPA.mn
“Монголбанк зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийг боловсруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Өндөр хүүгийн гол шалтгаан нь Монгол Улсын эдийн засгийн гадаад шокын эмзэг байдал. Ийм нөхцөлд бодлогын хүү тогтворжих бололцоо алга. Хоёрдугаарт инфляци. Төсвийн сахилга баттай холбоотойгоор инфляци тогтвортой биш байна. Валютын нөөц хангалттай хуримтлагдаагүй учраас ханшийг тогтоох боломж, орон зай хумигдмал. Суурь эдийн засгийн асуудлуудыг шийдэхгүйгээр зээлийн хүүг хүчээр буулгаад үр дүнгүй
“Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн нэг зүйл байдаг. Банкны салбараас гарч буй бүх зээлэнд хавтгайрсан хязгаар тогтоох нь эдийн засагтаа маш том сөрөг үр дагавартай. Санхүүгийн зуучлал зогссоноор зээлийн хүртээмж буурч, хөрөнгө оруулалт, ажлын байрны өсөлт зогсоно. Харин тухайн нэг секторыг дэмжихийн тулд зорилтот зээлд хязгаар тогтоох эрх зүйн зохицуулалт байх шаардлагатай гэж харж байна. 8 хувийн зээл бол үүний жишээ юм”

Хууль, эрх зүйн газрын захирал Б.Ганбат

 
Гэрэл зургийг MPA.mn
“Одоо байгаа Банкны тухай хуулинд гадаадын банкны салбар, төлөөлөгчийн газруудтай холбоотой зохицуулалтууд байгаа. Шинээр орж буй хуулийн төсөлд энэ зохицуулалтыг хөндөөгүй”
“Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр “Монголбанк зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож болно” гэж оруулж байгаа. Энэ нь заавал тогтооно гэсэн үг биш бөгөөд нээлттэйгээр оруулсан заалт юм. УИХ дээр олон талаас нь хэлэлцэж хамгийн зөв хувилбарыг нь гаргах байх гэж үзэж байна”