Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Халиунсүрэн: Мэргэжлийн дуучдын уралдаан энэ жил анх удаа зохион байгуулагдах гэж байна

А.Намуун, iKon.mn
2017 оны 11 сарын 22
iKon.MN
 

Монголын урлагийн ажилтны холбоо, Д.Лувсаншарав сан, Д.Лувсаншаравын үр хүүхдүүд хамтран Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын нэрэмжит “Мэргэжлийн дуулаачдын улсын анхдугаар уралдаан”-ыг энэ сарын 24-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байгаа аж.

Уралдаанд төв орон нутгийн мэргэжлийн театр чуулгуудаас нийт 50 гаруй уран бүтээлч оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад "Бидний багш, сурган хүмүүжүүлэгч,Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын 90 насны ой энэ жил тохиож байгаа нь хөгжмийн урлагт тохиож буй онцлог үйл явдал юм. Энэ хүн Монголын хөгжмийн урлагт авьяас билиг, оюун ухаанаа зориулж олон бүтээлүүд хийж бүтээсэн. 

Түүний 90 насны ойг тохиолдуулж Монголын Урлагийн Ажилтны Холбоо болон бусад мэргэжлийн урлагийн байгууллагууд хамтран “Мэргэжлийн дуулаачдын улсын анхдугаар уралдаан”-ыг зохион байгуулах гэж байна. 

Энэхүү уралдаан нь залуу авьяастнуудын урын санг арвижуулах, залуу дуучдыг төлөвшүүлэн тогтоох, тэднийг аливаа тэмцээнд ороход нь дадлагажуулах зорилготой юм.
Уралдаанаар олон сайхан залуу авьяастнууд төрнө гэдэгт итгэлтэй байна.

Уралдаан нь зөвхөн энэ жил зохиогдоод дуусахгүй. Уран бүтээлчдийн хүсэж хүлээдэг, урын сангаа арвижуулдаг уламжлалтай уралдаан болно.

Д.Лувсаншарав багш маань амьдралынхаа 70,80 жилийг Монголын хөгжмийн урлагийн бүх төрлүүдээр өөрийнхөө уран бүтээлийг хийж, ард түмнээ соён гэгээрүүлж ирсэн гавьяатай хүн билээ.

"Д.Лувсаншаравын амьдрал, уран бүтээл" үзэсгэлэн гарна
 
Гэрэл зургийг mpa.mn

Д.Лувсаншаравын охин МУСТА Л.Халиунсүрэн "Аавын маань мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан олон арга хэмжээ явагдана. Анхдугаар уралдаанаас гадна Эрдэм шинжилгээний хурал болох бөгөөд "Д.Лувсаншаравын амьдрал, уран бүтээл" гэсэн үзэсгэлэн гарна. Мөн энэ сарын 29-нд УДБЭТ-т хүндэтгэлийн тоглолт болно.

Тиймээс Монголын ард түмнийг эдгээр арга хэмжээнүүдэд оролцохыг урьж байна.

Найрал дууны уралдаан бол жил бүр явагддаг. Харин Мэргэжлийн дуучдын уралдаан нь энэ жил анх удаа зохион байгуулагдах гэж байна. 

Аав маань 300 гаруй дуутай, 9 дуурьтай. Уралдаанд түүний дуунуудаас шилж дуулуулна. Энэхүү уралдаан маш үр дүнтэй, сайхан үйл ажиллагаа болно. Оролцох дуучдадаа амжилт хүсье" гэлээ.