Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Uber алдагдсан мэдээллээ нууцлахын тулд хакеруудад $100,000 төлсөн нь илчлэгджээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

2016 онд гарсан кибер халдлагын улмаас 57 сая хүний мэдээллийг такси дуудлагын Uber компани алдаж байсан нь өчигдөр ил болжээ.

Алдагдсан датад таксины жолооч нарын болон үйлчлүүлэгчийн аль алиных нь хувийн мэдээлэл байсан байна. Үүнийгээ нуун дарагдуулахын тулд Uber мэдээллийг хулгайлсан хакеруудад $100,000 төлж, устгуулж байсан гэнэ.

2016 оны аравдугаар сард болсон энэ хэргийн талаар тус компани өчигдөр анх удаа мэдээлсэн юм. Uber-ийн өмнөх гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Травис Каланик энэ талаар мэдэж байжээ. Тэр 2009 онд компанийг байгуулалцаж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад өнгөрсөн зургаадугаар сард дотоод засаглалын хямралын улмаас ажлаа өгсөн юм.

Дараа нь есдүгээр сард түүний халааг иран гаралтай бизнесмэн Дара Хосровшахи авсан.

Хэргийн талаар саяхан мэдсэн шинэ гүйцэтгэх захирал Хосровшахи мэдэгдэлдээ “Ийм явдал болох ёсгүй байсан. Би энэ хэргээс зугтахгүй. Бид нэгэнтээ бизнес хийх арга замаа өөрчилж байгаа тул үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг тэргүүнд тавьж, хичээн хөдөлмөрлөх ёстой” гэжээ.

Алдагдсан мэдээлэл дотор олон улсын 50 сая хэрэглэгчийн нэр, имэйл, утасны дугаар, 7 сая жолоочийн хувийн мэдээлэл багтсан байна. Уг хэрэгт хариуцлага хүлээж, Uber компанийн хоёр ажилтан халагджээ.

Тэдний нэг нь мэдээллийн аюулгүй байдал хариуцсан дэд захирал Жо Сулливан байсан бол нөгөө нь хуульч Крэйг Кларк гэнэ.

Болсон явдлын тухай мэдээлсний дараа Нью Йорк мужийн ерөнхий прокурор Эрик Шнайдерман хэрэг нээн шалгаж эхэлснээ мэдээлжээ.

2009 онд байгуулагдсан, хамгийн амжилттай яваа стартап компаниудын нэг Uber дотрох бизнесийн буруу соёл, хүйсээр ялгаварлах асуудлууд удтал яригдсаны эцэст гүйцэтгэх захирал нь солигдож, шинэчлэл хийж эхлээд байгаа юм.

 

Эх сурвалж: Tech Insider