Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганхуяг: Монгол Улс 5-10 жилийн хугацаанд ЭРЧИМ ХҮЧ экспортлогч орон болох боломжтой

У.Сарангэрэл, Үндэсний шуудан
2017 оны 11 сарын 22
Үндэсний шуудан
Зураг зураг

Монголын анхны салхин цахилгаан станцыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Салхит" хэмээх газар дөрвөн жилийн өмнө байгуулсан “Ньюком” групп хоёр дахь станцаа өлгийдөн аваад удаагүй байна. “Цэций” салхин цахилгаан станц өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад орсон бөгөөд 25 салхин турбинтай, Монгол Улсын төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбох 32 км гаруй урттай цахилгаан дамжуулах агаарын шугамд холбогджээ. Дээрх хоёр төслийг удирдаж ажилласан “Ньюком” группийн Эрчим хүч, дэд бүтэц хариуцсан захирал Д.Ганхуягтай ярилцлаа.

-Эдийн засгийг авч явах гол эх үүсвэр нь дэд бүтэц гэдгийг хэн хүнгүй л ярьдаг. Дээрээс нь Монгол Улсыг сэргээгдэх эрчим хүчний диваажин гэх нь бий. Энэ орон зайг танай “Ньюком” групп ашиглахаар хичээж байна. Хоёр ч салхин цахилгаан станц барьчихлаа. Ер нь манайд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хууль, эрх зүйн орчин хэр бүрдсэн байдаг вэ Ямар нэгэн хүндрэл бэрхшээл байдаг уу?

-“Салхит” цахилгаан станцыг барих үед дэлхий дээр сэргээгдэх эрчим хүч эрчээ авч, ‘агаарын бохирдолтой тэмцэх гол хүчин зүйл болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Бид “Салхит”-ын төслийг долоон жил хариуцаж хийсэн. Энэ жилүүдэд олон л бэрхшээлтэй таарч байсан. “Цэций” салхин цахилгаан станцын ажлыг гурван жилд багтааж хийлээ. Эхний төслөөс нэг дахин бага хугацаанд хийсэн гэсэн үг. Тэгэхээр дараа дараагийн төсөл илүү хурдан бүтэх байх.

Одоо Сайншандад 50 мегаваттын салхин цахилгаан станц баригдаж байгаа. Энэ намар барилгын ажил нь эхэлсэн. Ирэх жил гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. 50 мегаватт суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станц 100 мянган өрхийн жилийн хэрэглээ​ гэсэн үг. Оюутолгой дайны уурхайг хангаж чадахгүй. 300 мегаваттын хүчин чадал шаардлагатай болно. Тэгэхээр Оюутолгойн ойролцоо нарны юм уу, салхин цахилгаан станц бариад тодорхой хэсгийг нь хангаж болно. Энэ асуудлыг Оюутолгой дээр яриад явж байгаа.

Ер нь манайхан нэг зүйл рүү ташуурдаг. Манай улс ганцаараа дэлхийд зэс, нүүрсний нөөцтэй юм шиг загнадаг байлаа шүү дээ. Гэтэл яг үнэндээ дэлхийн олон оронд байгалийн нөөц бий. Тэрийгээ гол нь хэрхэн ашиглаж, эргэлтэд оруулж байна вэ гэдэг нь чухал. Хууль, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг нь хангах хэрэгтэй. Дэлхийд капитал буюу хөрөнгө чөлөөтэй урсаж байгаа шүү дээ. Эрсдэл бага, ашигтай зүйл рүү хөрөнгө чөлөөтэй урсдаг.

Засгийн газар “Сэргээгдэх эрчим хүчийг дэмжинэ” гээд олон улсын өмнө амлалт авсан. Сэргээгдэх эрчим хүч хөгжсөнөөр хүлэмжийн хий болон агаарын бохирдлыг бууруулах сайн талтай. Монгол Улс газар нутгийн хувьд дэлхийд 18-д ордог. Газар нутаг томтой улсад нийт дүнгээрээ үзэхэд сэргээгдэх эрчим хүчний нөөц өндөр гардаг. Тиймээс манайд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх маш том боломж бий. Гол нь төр, засгийн тогтвортой бодлого хэрэгтэй байгаа юм. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд гурван шатыг дамжих ёстой.

-“Цэций” салхин цахилгаан станцын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Хэр хэмжээний цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай юм бэ?

-50 мегаваттын чадалтай “Цэций” салхин цахилгаан станцын төслийг “Жайка” болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлсэн. Төслийн ерөнхий гүйцэтгэгч болон турбин нийлүүлэгчээр Дани Улсын “Вестас” компани ажиллалаа. Төслийн туслан гүйцэтгэгчээр “Ньюком” группийн охин компани болох “Ньюком майнинг сервис” компани ажиллаж, авто зам, засвар үйлчилгээний төвийн барилга, салхин турбины суурь барьж байгуулах болон төслийн кемпийн үйл ажиллагааг хариуцан ажилласан.

“Цэций” салхин цахилгаан станц нь импортоор авч буй цахилгааны хэмжээг бууруулна. Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлж буй нөлөөллийг бууруулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх болно. Тухайлбал, хүлэмжийн хийн ялгарлыг жилд ойролцоогоор 230 мянган тонноор бууруулж, жилд 180 мянган тонн нүүрс, 1.2 сая тонн ус хэмнэнэ гэж  тооцсон.

УЛАМЖЛАЛТ БОЛОН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФЫН УУЛЗАХ ЦЭГ ЦАГ ХУГАЦААНААС ХАМААРНА

-Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд гурван шатыг дамжих ёстой гэж та хэлсэн. Тодорхой тайлбарлахгүй юу?

-Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ 1,000 мегаватт суурилагдсан хүчин чадал дунд эргэлдэж байна шүү дээ. Хятад, Оросоос 20 хувийн цахилгаанаа импортолж авч байгаа. Эрчим хүчний хараат. Тиймээс бид импортын хараат байдлаас эхний ээлжид гарах хэрэгтэй. Хоёрдугаарт, улс орны аюулгүй байдалтай холбоотой салбар учраас тодорхой хэмжээний нөөцтэй байх ёстой.

Ямар нэгэн асуудал гарахад эрчим хүчний нөөцтэй, дулаанаар хангагдаж байх ёстой юм. Гэтэл манайд тийм зүйл алга. Тиймээс дор хаяж 10-20 хувийн эрчим хүчтэй нөөцтэй байх хэрэгтэй. Гуравдугаарт, эрчим хүчээ экспортолдог болох хэрэгтэй. Эрчим хүчний салбар систем дээр ажилладаг. Бие биеэсээ харилцан хамааралтай, үүрэг хүлээж ажилладаг. Бие дааж тоглож чаддаггүй.

Энэ онцлогийг харахад дэд бүтцийн салбарт хувийн хэвшлийнхэн ороход хэцүү байдаг. Манай улс сэргээгдэх эрчим хүч дээр тодорхой хэмжээний зорилт тавьсан. Монгол улс их тарсан системтэй. Гэтэл эх үүсвэр нь Улаанбаатартаа төвлөрсөн. Тэгэхээр ийм системд хэрхэн зохицох уу гэдэг асуудал байна.

-Салхин цахилгаан станцын тарифыг хүмүүс өндөр байна гэж ярьдаг юм билээ. Үнэ тарифаа хэрхэн тогтоодог вэ. Мэдээж хувийн байгууллага учраас ашиг хардаг байх тийм үү?

-Энийг хүмүүс маш зөв ойлгох хэрэгтэй. Олон жилийн өмнө дөрөвдүгээр цахилгаан станц барьж байх үед хойд хөрштэй хийсэн гэрээ, хэлэлцээр, санхүүжилт тооцох схем зэрэг бизнесийн зарчим өөр байсан. Одоогийн манай цахилгаан станцууд жилийнхээ үйл ажиллагааг хангахад шаардлагатай зардлаа хаагаад тарифаа тогтоодог. Гэтэл өнөөдөр шинэ төрлийн станц баригдлаа гэхэд зах зээлээ дагаад санхүүжилтийн зардал, зээлийн буцаан төлөлт, өөрийн хөрөнгийн үр ашиг гээд бизнесийн зарчмаа дагахаас өөр аргагүй шүү дээ.

Өнөөдөр нүүрсний шинэ станц барихад тариф нь хамгийн багадаа 7-8 центийн хооронд байх юм байна гэдгийг Эрчим хүчний зохицуулах хорооноос албан ёсоор мэдэгдсэн. Үүнтэй харьцуулахад сэргээгдэх эрчим хүчний тариф өндөр биш. Нарны эрчим хүч сүүлийн үед маш хурдтай арилжааны хэлбэрт орсон. Маш их үйлдвэрлэгч бий болсон. Зах зээлд өрсөлдөөн их болохоор эрэлт, хэрэгцээний балансаасаа хамаараад үнэ нь буурдаг. Салхин цахилгаан станцын тариф тодорхой хэмжээгээр бууж байгаа.

Уламжлалт болон сэргээгдэх эрчим хүчний тарифын уулзах цэг цаг хугацаанаас хамаарах байх. Зөвхөн хоёр тоо хараад л “Сэргээгдэх эрчим хүч эдийн засагт хүндрэл учруулна. Төсөв дээр ачаалал нэмнэ” гэж ярих юм. Манайд нийтлэг сэтгэлгээ байдаг. Цахилгаан гэдэг зүйлийг үнэгүй юм шиг ойлгодог. Цахилгаан дулаан үйлдвэрлэхэд зайлшгүй зардал гардаг. Тодорхой хэмжээний эрсдэл хүлээдэг бизнес шүү дээ.

Тэгэхээр цахилгаан, дулаан тодорхой хэмжээний үнэтэй, найдвартай, тогтвортой байх ёстой. Үүний. тулд бид тодорхой хэмжээний тогтоосон тарифын дагуу төлбөрөө төлөх ёстой гэдэг зарчмыг олон нийт ойлгох ёстой байгаа юм. ОХУ болон Хятадаас авч байгаа цахилгааны үнэ орон нутагт үйлдвэрлэж байгаа сэргээгдэх эрчим хүчээс илүү үнэтэй шүү дээ.

-Ер нь та бүхэн ирээдүйд юунд хүрнэ гэж зорьж байгаа вэ?

-“Ньюком" группийн хувьд анх харилцаа холбооноос эхлээд тодорхой хугацаанд дэд бүтцээ голчилсон салбарт хөрөнгө оруулагч, илүү найдвартай дотоодын түнш байх зарчмыг барьж ирсэн. Дэд бүтцийн салбар бол бие дааж тоглолт хийж болдоггүй түвэгтэй салбар шүү дээ. Эрсдэлтэй, зохицуулалт өндөртэй салбар. Засаг төрийн үйл ажиллагаанаас ихээхэн хамаарна. Гадна, дотнын хөрөнгө оруулагчдын хувьд дэд бүтцийн салбар эрсдэл өндөртэй.

Гэхдээ мэдээж аль ч улс оронд дэд бүтцийн салбар нь найдвартай, тогтвортой байж урт хугацаанд эдийн засаг нь өснө. Тэгэхээр манай группийн гол зорилго бол эрчим хүчний салбар болсон. Дунд болон урт хугацааны хоёр зорилго байна. Дунд хугацаандаа Тавдугаар цахилгаан станцыг барьж байгуулна.

ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРИХ ГАЗАР НЬ МАРГААНТАЙ БАЙГАА

-Тавдугаар цахилгаан станцыг барих асуудлыг олон жил ярилаа. Танайх 2012 онд тавдугаар цахилгаан станцыг барих тендерт ялсан. Энэ ажил урагшилж байна уу?

-Тодорхой хэмжээнд урагшилж байна. “Эгийн гол” төсөлтэй харьцуулахад яагаа ч үгүй. Эгийн голын төслийг 20 гаруй жил ярьсан. Тэрэнтэй харьцуулахад Тавдугаар цахилгаан станц залуу байна гэж үзээд байгаа шүү дээ. Тендерт 2012 оны долоодугаар сард ялсан боловч тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж 2013 оны наймдугаар сард нээгдсэн.

-Хэзээнээс баригдаж эхлэх вэ?

-Гэрээ, санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй байгаа. Ер нь удаашралтай байна.

-ТЭЗҮ, судалгаа нь бол хийгдчихсэн биз дээ?

-ТЭЗҮ-гийн хүрээнд бүх зүйл нь хийгдсэн. Одоо эцсийн гэрээнүүд, Засгийн газартай холбоотой тодорхой асуудлууд үлдсэн. Үүн дээр төр, засгийн зүгээс хэрхэн дэмжих вэ гэдэг асуудал яригдана. Уг төсөл маань Монголд яригдаж байгаа төслүүдээс ахисан төвшний, олон улсын жишиг, стандарт дагуу хийгдэж байгаа. Нийт 450 мегаватт суурилагдсан хүчин чадалтай. Тавдугаар цахилгаан станц ашиглалтад орвол эрчим хүчний хэмнэлттэй эргэлдэгч буцламтгай шаталтат технологийг ашиглах юм.

Ингэснээр эрчим хүчний нийлүүлэлтийн найдвартай, тогтвортой байдалд нөлөөлөхгүйгээр бага түлш зарцуулан хүхрийн давхар исэл, азотын исэл болон бусад хорт бодисын ялгаруулалтыг одоогийн дулааны цахилгаан станцуудтай харьцуулахад асар ихээр бууруулна. Энэ технологи Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн байгууллагуудын стандартад нийцсэн. Олон Засгийн газарт дэмжигдээд суурь гэрээнүүд нь зурагдчихсан. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ нь яамаар батлагдсан.

-Одоо санхүүгийн асуудал нь хүлээгдээд байгаа юм уу?

-Тийм. Санхүүгийн хаалт хийх хэмжээнд хүрч чадахгүй яваад байна. Уг нь Азийн хөгжлийн банк болон олон улсын байгууллагаас санхүүжих төлөвлөгөөтэй байгаа. Ер нь бид Тавдугаар цахилгаан станцаа магтахаа больё гэдэг шийдэлд хүрсэн. Бүх төслийг магтаад байвал бүгд л ач холбогдолтой юм шиг харагдана. Яригдаад байгаа олон төслүүдээ үнэлээд хоёр зүйл тодорхойлчих хэрэгтэй.

Нэгдүгээрт, аль нь хэрэгтэй юм бэ. Хоёрдугаарт, алийг нь хийж чадах вэ гэдгээ тодорхойлоод хэрвээ Тавдугаар цахилгаан станц эхний байруудад орвол бид төслөө хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэдэг зарчмын асуудал ярьж байгаа. Бидэнд итгэл үнэмшил байгаа учраас хийж чадна.

-Тавдугаар цахилгаан станц төслийн бүх зүйл нь шийдэгдээд баригдахаар болбол хэдэн жилийн хугацаа шаардлагатай вэ?

-Хэзээ барихаасаа шалтгаална. Ер нь бол дөрвөн жил хангалттай гэж үзэж байгаа. Засгийн газраас шийдсэн газар нь Хөлийн гол. Өөрөөр хэлбэл, Налайх руу явдаг “Ургах наран” хорооллын эсрэг талд барихаар болсон. Дулааны цахилгаан станцыг хотоос хол барьж болдоггүй юм. Газрын тухайд асуудалтай байгаа юм билээ. Үүн дээр Засгийн газар хичээж ажиллах ёстой байх.

-Дунд хугацаандаа Тавдугаар цахилгаан станцыг барих юм бол урт хугацаандаа ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Эрчим хүч манай улсад маш бодитой салбар болно. Зүүн хойд Азийн улс орнуудыг эрчим хүчний системд холбох, хэрэглээ өндөртэй газар руугаа үйлдвэрлэл өндөртэй газрууд нь эрчим хүчээ нийлүүлэх тухай асуудал яригдсан. Ингээд Монгол эрчим хүч нийлүүлэх боломжтой орноор тодорхойлогдсон. Нар, салхины том хэмжээний цахилгаан станц бариад Азийн орнуудад эрчим хүчээ түгээх зорилготой ажиллах хэрэгтэй.

Энэ бол хамгийн том зорилт юм даа. Нэгэнт барьчихвал нар, салхины цахилгаан станц хувьсах зардал багатай байдаг. Ямар нэгэн нүүрс, уснаас хамаарахгүй. Найдвартай нийлүүлэгдэх эрчим хүч болж чаддаг. Экспортын хувьд маш том тулгуур болох боломжтой. Эдийн засаг урт хугацаанд хөгжих боломж нээгдэнэ гэсэн үг.

-Азийн орнууд руу Монгол Улс эрчим хүч нийлүүлэх боломжтой гэж та хэллээ. Хэрэв бүх боломж нь хангагдаад манайх эрчим хүч нийлүүлэгч орон болоход хэдэн жилийн хугацаа хэрэгтэй вэ?

-Цаг хугацааны хувьд хэцүү. Асар их зардал гаргаж бүтэх мега төсөл шүү дээ. Ер нь Монгол Улс 5-10 жилийн дотор эрчим хүч экспортлогч орон болох боломжтой. Гэхдээ энэ дан ганц Монголоос шалтгаалахгүй. Хоёр том хөршийн бодлого ямар байх вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Хэрэв нар, салхиа экспортолдог болчихвол эрчим хүчний урт хугацааны гэрээ хийгддэг. Маш тогтвортой урт хугацааны бизнес болох юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад урт хугацааны валютын орлого орж ирэх боломж олдоно гэсэн үг.

-Дэд бүтцийн салбарын ашиг урт хугацаанд гардаг. Ер нь танайх салхин цахилгаан станцаасаа хэр зэрэг ашиг хүртэж байгаа вэ?

-Эрчим хүчний ашиг бага байдаг. Манайхан хэд нугалж ашиг хүртэнэ гэж ярьдаг. Тийм биш. Ямар ч байсан банканд мөнгөө хадгалуулснаас тодорхой хэмжээний ашигтай. Гол нь гэрээ, хэлэлцээр нь тогтвортой байх хэрэгтэй. 70 хувь нь зээлээр санхүүжсэн учраас зээлээ хүүтэй нь төлнө. Энд дор хаяж арав гаруй жилийн хугацаа шаардагдана. Тэрнээс хойш тогтвортой ашиг гарна. Ер нь бол ашиг гэхээсээ илүү нийгмийн хариуцлага хүлээж байна даа.

Зураг