Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Исламын улс” төгсгөл болсныг Ираны ерөнхийлөгч зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Ираны ерөнхийлөгч Хассан Рухани өнөөдөр үндэсний телевизийн сувгаараа үг хэлэхдээ “Исламын улс бүлэглэл” төгсгөл болсныг зарлалаа.

Өнөөдөр бас Ираны Хувьсгалт Гвардийн командлагч хошууч генерал Кассим Солеймани зэвсэгт хүчний хэвлэлд гаргасан мэдэгдэлдээ Сири, Иракт үйл ажиллагаа явуулж байсан террорист бүлэглэл бүр мөсөн устгагдсаныг зарласан юм.

Гвардийн мэдэгдэлд террористуудыг дарахад чухал үүрэгтэй оролцсон Ливаны Хезболлах зэвсэгт бүлэглэлд талархлаа илэрхийлжээ.

Ираны зэвсэгт хүчин 2014 оноос хойш Сирийн ерөнхийлөгч Башар Аль Асадын засаглалыг хамгаалж, босогчид болон террористуудтай зэрэг дайтаж байв.

Энэхүү цэргийн ажиллагаанд Ираны дайчдаас гадна тэдний элсүүлсэн Афганистаны цагаач дайчид зэрэг нийтдээ 1,000 гаруй хүн амь үрэгдсэн гэдэг.

Өчигдөр буюу Даваа гарагийн орой Ливаны нийслэл Бейрут хотноо Хезболлах бүлгийн тэргүүн Хассан Насраллах мэдэгдэл хийж, хэрвээ Иракийн засгийн газар ялалтаа зарлавал дайчдаа Иракаас гаргахаа мэдэгдсэн байна.

Өнгөрсөн Ням гарагт Ираны бүс нутгийн гол өрсөлдөгч Саудын Араб Кайрт болсон Арабын Лигийн уулзалт дээр Ойрх Дорнодын улс орнуудыг Ираны эсрэг нэгдэн тэмцэхийг уриалсан. Саудын Араб Ираныг бүс нутгийн бүх тогтворгүй байдал, мөргөлдөөнүүдийг зохион байгуулагч гэж нэрлэжээ.

Тиймээс Иран болон Хезболлахын мэдэгдэл нь Саудын Арабын уриалгын хариуд гаргаж байгаа алхам болж байна.

Сүүлийн өдрүүдэд Саудын Араб, Ираны зөрчил хурцдаад байгаа. Ираны дэмждэг Йемений нутгаас босогчид энэ сарын 4-нд Саудын нутаг руу баллистик пуужин харвасан юм. Мөн саяхан Ливаны суннит ислам шүтлэгтэй ерөнхий сайд Саад Харири гэнэт огцорсон нь Саудын Арабын зохион байгуулсан явууллага гэгдэж байна.

 

Эх сурвалж: Independent