Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Ундарга: Орос, Монголын хил дээр боловсронгуй дохиоллын системтэй болгох зорилготой сурч байна

С.Бадрал, iKon.mn
2017 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Кибернетик Монгол орны хилийг хамгаалахад хэрхэн туслах вэ, Москва хотод амьдрахын сайн болон сөрөг байдлын талаар юу гэж боддог, ирээдүйгээ хэрхэн бүтээх талаар ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургууль /РУДН/-ийн оюутан, инженер, офицер Н.Ундаргатай ярилцлаа.

- ОХУ-д ирж суралцах хүсэл танд хэрхэн төрсөн бэ?

- Би Москва руу шууд ирээгүйгээ шулуухан хэлье. Эхлээд би Калининград хотын хилийн их сургуулийг төгсгөөд, дараа нь Монгол, Хятадын хил дээр  алба хаасан. Дараа нь Москвагийн Улс түмний найрамдлын их сургуульд суралцахаар ирсэн. Мэргэжлийнхээ ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх Хил хамгаалалтыг боловсронгуй болгох эрмэлзэл маань РУДН-д суралцахад нөлөөлсөн.

- Москва юугаараа таалагдсан бэ?

Өмнө нь Монголоос Калининград хот руу нисэхдээ нэг биш удаа ОХУ-ын нийслэлээр дамжин өнгөрдөг байлаа. Олон найзуудтайгаа  танилцаж тэгээд л энд элсэхээр  шийдсэн юм. Одоогоор өөрийн мэргэжлийнхээ дагуу РУДН-ийн инженерийн академид суралцаж байна. 

Энэ сургуульд элссэн нь энгийн зүйл байгаагүй ээ. Эх орныхоо хил хамгаалалтыг илүү үр ашигтай болгох гэж шинэ техникийг судлахаар тусгайлан ирсэн юм.

- Москвагийн амьдрал танд ямар санагдаж байна вэ ? 

- Энд амьдралын хэмнэл нь их хурдан. Гэхдээ энэ чинь сайн зүйл. Яагаад гэвэл би ч өөрөө дагаад хурдсаж байна. Илүү тайван амгалан газар луу шилжээд очиход бүх юмыг хурдан хурдан хийж ажлын бүтээмж дээшилнэ. Энд хүмүүс нь таалагддаг. Мэдээж энд стрессээсээ болоод ааш муутай бүр хорон хүмүүс тааралддаг.  Гэвч яах ч аргагүй шүү дээ... Гол нь би улам л дасаад байгаа.  Москвад эхнэр, охинтойгоо амьдарч байна. Хичээлдээ яваад л, гэр бүлтэйгээ хамт амьдарч, ажлаа хийж байна. (ЭСЯ-нд ажилладаг) энэ л аз жаргал юм. 

- Хоёр жилийн хугацаанд ямар зүйлсийг сурч авсан бэ? 

- Би РУДН-ийн кибернетик болон мехатроникийн тэнхимд суралцдаг. Миний  диссертацийн удирдагч багш ЗХУ ын /хуучнаар/ Кибернетикийн шинжлэх ухааныг үүсгэн байгуулагч, зөвлөлтийн кибернетикийн хамгийн хүндтэй эрдэмтэн Константин Александрович Пупков юм. Би өөрөө дохиолол хамгааллын инженер мэргэжилтэй бөгөөд саяханаас кибернетик болон програмчлалыг судлаж эхэлж байна.  Маш сонирхолтой санагддаг.

- Ямар учраас танд эдгээр мэдлэгүүд хэрэгтэй юм бэ?

- Хамгийн гол зорилго маань Орос, Монголын хил дээр дохиоллын системийг боловсронгуйгаар зохион байгуулах явдал юм. Тодруулбал, Тувагийн хил дээр. Би өөрөө хилчин хүн, хилийн цэргийн ахлах дэслэгч цолтой. Тэнд, баруун хил дээр уур амьсгал газарзүйн тогтоц хэцүү, хилийн цагийн байдал хүнд учраас мэргэжил нэгт нөхдөд маань амаргүй байдаг. Харин хилийн нөгөө талд амьдардаг хөршүүд маань ихэвчлэн мал хулгайлдаг. Энэ байдлыг бууруулахыг л бодож байна 

- Таны байгуулах дохиоллын систем үүнд хэрхэн туслах вэ?

- Хилийн цагийн байдлыг цаг тухайд нь хянаж, хилчдийг цаг тухайд нь мэдээллээр хангахад.  Өөрөөр хэлбэл хэн нэгэн хил зөрчихөд дохиоллын системээр дамжин өнгөрөх шаардлагатай болно. Системээс дохио ирэхэд бодит байдлыг дохиоллын системийн тусламжтайгаар шууд харж хил зөрчигч мөн эсэх, тийм бол хэдэн хүн, зэвсэглэсэн эсэх үүнээс улбаалаад ямар хүч хэрэгсэл илгээж уг зөрчлийг зогсоох эсэх тухай богино хугацаанд оновчтой шийдвэр гаргахад тустай.

Зэрлэг амьтан эсвэл нэгэн төөрсөн хүүхэд санамсаргүй хил нэвтэрсэн тохиолдолд зэвсэглэсэн бүтэн бүлэг явуулалгүйгээр цөөн хүнтэй хилийн манаа явуулж болно. Үүгээрээ хүний хүч, санхүүгийн талаас бас хэмнэлт гаргаж болох ашигтай.

Товчхондоо хил хамгаалалтад хүний хөдөлмөр, оролцоог илүү хялбаршуулж ачааллыг багасгах гэж ойлгож болно.

- Гэхдээ хил зөрчигчдийг баривчлахад таны яриад байгаа систем ямар ч нөлөөгүй шүү дээ.

Ирээдүйд роботууд л баривчилж чадах байх даа. Хил зөрчигчийг барих робот бүтээхэд миний хувьд хол байна даа. Эхний ээлжинд одоогийн зорьж ирсэн санаагаа боловсруулаад, хэрэгжүүлнэ. Хил хамгаалалтын системийн шинэ санаа нэвтрүүлж чадвал Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газраас намайг бүрэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа. Одоогоор бичил загвараа бүтээж байна. 

- Оросын Холбооны Улсад суралцахыг хүсч байгаа оюутнуудад та юу гэж зөвлөх вэ?

- Суралцахын тулд гол нь сонгосон мэргэжилээ сонирхдог, дуртай байх хэрэгтэй юм.  Мөн хичээлээ ойлгох хэмжээнд хэл мэддэг байх нь чухал нөлөөтэй гэж бодож байна. Мэргэжлээ зөв сонгож, мэргэжилдээ дурлаад сайн ажиллахад бүх боломж энд бий гэж хэлье дээ.

- Та бүхний ажилд амжилт хүсье.