Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сүмо ба үндэсний бөх

Б.Мөнхзул, Үндэсний шуудан
2017 оны 11 сарын 21
Үндэсний шуудан
Зураг зураг

Японы мэргэжлийн сүмогийн энэ цагийн хамгийн хүчтэй бөхчүүдийн нэг 70 дахь аварга Харүмафүжи өнөөдрийн байдлаар тун хэцүү байдалд орчхоод байгаа. Хэдийгээр ах хүн, аварга хүний ёсоор сургаал айлдсан гэх боловч сүмогийн дэг жаяг хатуу, дээрээс нь цөөн тооны сүмогийн зүтгэлтний нөлөөгөөр мэргэжлийн сүмод ес түрүүлсэн Харүмафүжи аваргыг зодог тайлах хэмжээнд хүртэл нь шахах төлөвлөгөө боловсруулж буй гэх.

Сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг зодог тайлуулсан аргаа энэ удаа Харүмафүжи аваргад хэрэглэх нь гэх нь ч байна. Гэхдээ юм учиртай, сум гичиртэй гэдэг. Уг нь бол улсын заан Р.Даваанямын хүү Д.Бямбадоржоос ийм зан гарахааргүй гэдгийг түүний ойр дотнынхон хэлдэг, ярьдаг. 

Мэдэх нэг нь дэндүү сайн мэднэ. Мэдээж эр хүн л болсон хойно хааяа нэг гар зөрүүлэх тохиолдол гаралгүй яах вэ. Ямар ч байсан тэр тэвчээртэй хүн. Гэвч тэр их тэвчээр нь энэ үед хаачив. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг Такаинова Д.Баасандорж ч зүгээр байгаагүй биз.

Японы хэвлэл мэдээллээр голдуу Харүмафүжи аваргыг буруутан болгож харагдуулах гэсэн нийтлэл, мэдээ гарч байна. Энэ бүхэн нь нэгэн цагт сүмогийн дэвжээнд өөрийгөө мэдрүүлж явсан Таканохана аваргын захиас гэлтэй. Харүмафүжи аваргыг зодог тайлуулах хүсэл Таканохана тэргүүтэн хэдэн оякатад байх шиг. “Daily sport Japan”, “Nikkan Sports” зэрэг хэвлэлийн эх сурвалжийг дурдан Itoim.mn сайтад өгүүлснээр хоёр монгол сүмочийн гол буруутан нь Такаинова Д.Баасандорж аж.

 

Мань эр сархад хүртэн халамцахдаа “Би Хакүхо аваргыг давсан, Та нарын үе дууссан” хэмээн овлигогүйтэж. Энэ яриа аваргын чихэнд хүрч Хакүхо нутгийн дүүгээ зэмлэхэд түүнийг нь Такаинова үл тоожээ. Үүнд нь эгдүүцсэн Харүмафүжи аварга уурлахдаа тархин дундуур нь буулгаад авчээ. Гол нь пивоны шилээр цохисон, цохиогүй гэх гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй байгаа юм. Бас Такаиноваг өөрийн багш Таканоханагийн  захиалгаар баашилж, хэргийг хүндрүүлсэн гэх мэдээлэл ч байна. Нэгэнт болоод өнгөрч буй хэрэг. Сүмогийн холбоо ч 2017 оны кюүшюү башёг дууссаны дараа хэргийг нэг тийш нь шийдэж, арга хэмжээ авахаа мэдэгдсэн.

Одоо хүн бүр Харүмафүжид ямар шийтгэл оноох бол гэдгийг харж, хүлээж байгаа. Японы сүмо эртнээс маш хатуу, чанга дэг жаягтай явж ирсэн. Даваа наймаалцах, зодоон цохион, мөрийтэй тоглоом гэх мэт ёс бус үйлдлийг хөхиүлэн дэмждэггүйгээрээ мэргэжлийн спортод нэр хүндтэй. Дотоод, гадаад гэлтгүй ёс бус үйлдэл гаргасан бүх сүмочид хариуцлага тооцож, зохих шийтгэлийг нь оноодог. Ёс бус үйлдэл гаргасныхаа балгаар сүмогийн дэвжээг орхисон сүмоч цөөнгүй бий.

Түүний нэг нь мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү. Бусдыг цохисон, гэмтэл учруулсан, сүмогийн холбооноос зохион байгуулсан ажилд санаатай оролцоогүй, ядаж байхад хөлбөмбөг тоглоно, башё дуусах бүрд эх орон руугаа буцдаг гэх мэт олон шалтаг, шалтгаан нь түүнийг зодог тайлах хэмжээнд хүргэсэн. Гэхдээ аваргуудын энэхүү үйлдлээрээ аваргуудын хийсэн үйлдлийг зөвтгөх гэсэнгүй.

Ер нь бол тухайн орны үндэсний ёс заншил, соёлыг сурталчлан энэхүү спортоор нь хичээллэж амжилт гарган, алдрын зэрэгт хүрсэн бол ёсыг нь дагах ёстой. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг мэргэн үг бий. Р.Даваанямын хүү Харүмафүжи Бямбадорж, Д.Долгорсүрэнгийн хүү Асашёорюү Дагвадорж н­арыг хэн ч мэдэхгүй, танихгүй байхад Японы сүмо тэднийг дэлхийд таниулсан. Тэр утгаараа даруулга­тай байх ёстой байсан биз.

Хэдийгээр өндөр цолонд хүрсэн байлаа ч хаана, хэзээ, ямар авир гаргахаа аварга хүн мэддэг байх нь зүйн хэрэг. Товчхондоо бол өөрийгөө хянаж сурах хэрэгтэй. Харүмафүжи үндсэрхэг үзэлтэй нэгэн. Япончууд Харүмафүжи аваргад дэвжээ санал болгож, иргэншлээ солих хүсэлт тавьж л байсан. Гэвч тэр “үгүй” гэдэг хариулт өгсөн. Энэ цагаас хойш япончууд Харүмафүжи аваргыг хяхан, хавчих болж, үйлдэл бүрийг нь анхааралтай ажиглаж байв. Даанч өнөөдрийг хүртэл сүмод аварга хүн шиг барилдахгүй байна гэхээс өөр шалтаг олдоогүй.

Харин энэ удаа тэдэнд том өгөөш олдлоо. Тэр өгөөш нь Такаинова Баасандорж байж таарав. Нэгэнт танхайн хэрэг хийсэн учраас Харүмафүжи аварга шийтгэл хүлээхдээ л хүлээнэ. Гэхдээ сүмог орхих уу, эсвэл их хэмжээний торгууль төлөх үү гэдэг нь кюүшюү башё дууссаны дараа тодорхой болох биз. Японы сүмогийн холбоо даварсан бөхчүүдэд хамгийн сайн даруулга болдог. Тэр утгаараа бөхчүүд нь өндөр дэг жаягт суралцсан, ёс зүй ч сайтай.

Аварга болон өөрөөсөө дээгүүр цолтой, ахмад хүнийг хүндлэх, барилдаантай сард бөхөөс өөр зүйлд анхаарал хандуулдаггүй гэх мэт авах чанар тэдэнд их бий. Тэгвэл арлын орны үндэсний спортын ёс суртахуун, хүмүүжил, чанга хатуу дэг жаягийг бид эх орондоо, тэр тусмаа бидний бахархал болсон үндэсний бөхөд нутагшуулмаар байна. Монгол түмний хайр хүндлэлийг хүлээсэн бөхчүүд нь дур зоргоороо авирлаж, хүссэн газартаа, хүссэн үедээ, хүссэн аашаа гаргадаг болжээ. Түүнийг нь бид халаглаад л өнгөрдөг.

Харин арга хэмжээ авах боломж алга. Уг нь бол Монголын үндэсний бөхийн холбоо гэж бөхчүүдийг хариуцдаг байгууллага бий. Гэвч холбоогоо тоодог, удирдлагуудынхаа үгийг дагадаг бөх манайд тун цөөн бололтой. Ширүүхэн шүүмжилбэл бариад зодох нь холгүй аашлах нь энүүхэнд. Ахмад бөхөө хайрлах, хүндлэх гэдэг манай үндэсний бөхөд бараг л орхигдсон асуудал. Ялангуяа өнөөгийн нийгэмд 1990-ээд оноос өмнө арай ч одоогийнх шиг байгаагүй гэдэг. Харин өнөөдрийн хувьд нэгнээ хүндлэх ёс гэж огт алга.

Даруулгагүй бөхийн тоо нэмэгдсэн ч тэднийг дарах байгууллага даанч алга. Бөхийн холбооны шийтгэлийг тоохгүй, зарга үүсгэх маягтай. Японы сүмод ийм авир гаргасан бол өнөөдөр үндэсний бөхөд од болон гялалзаж яваа бөхчүүд хэдийнээ хөөгдсөн байх биз. Ямартай ч олны өмнө элдэв ааш араншин гаргадаг бөхчүүдэд томоохон сануулга өгөх цаг нь болжээ. 

БӨХЧҮҮД МИНЬ ТҮМНИЙ ӨМНӨ ИЧИХ НҮҮРТЭЙ БАЙ

Ард түмэн үндэсний бөхөөрөө бахархаж, бөхчүүдээ хайрлан хүндлэх дээд зэргийн ёстой. Тэр ч утгаараа бөхчүүддээ хир халдаахгүй өдийг хүрчээ. Харин ард түмний хайранд умбасан бөхчүүд өнөөдөр уруугаа ургасан мод шиг ааш гаргах нь энүүхэнд. Таныг ард түмэн хайрлаж байна, эрхэм аварга, арслан, гарьд, заан, харцага, начин бөхөө. Тиймээс ядаж тэдний өмнө ичих нүүртэй бай.

Наадам болохоор тохироо хийх гэж хуруу гараа гозолзуулна, эсвэл өвгөн болсон бөхийг сүрдүүлэн зодох гэж айлгана. Цаашлаад өөрийнх нь хүслээр бөхийн барилдааныг шийдэхгүй бол зодог тайлна гэж айлгах. Унасан атлаа унаагүй гэж гүрийх. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр эвтэй, эвгүй үйлдэл гаргах. Элдэв дээдийн үг хэрэглэх. Энэ бүхэн өнөөдөр бидний хүндэтгэн дээдэлдэг үндэсний бөхөд нэвт шувт шингэжээ. Гэхдээ бол дөнгөж наад захын жишээ.

Өнөөдөр шөнийн цэнгээний газрын хамгаалагч нарын олонх нь бөх байна. Бөхчүүд хүн зодож танхайрч байна. Бас тэд хар тамхи, залилангийн хэрэг хийж байна. Гэвч тэдэнд тооцох хариуцлага гэж алга. Өнөөх бахархлыг минь тэр бөхчүүд хаана, хэзээ гээчхэв. Бөхчүүдийн хэлж, ярьж байгаа үг, хийж буй үйлдэл бүхнээс өнөөдрийн залуус үлгэр дуурайлал авч байна. Ялангуяа төрийн наадамд түрүүлж, үзүүрлэсэн, эсвэл цол авсан бөхчүүд шиг байхыг залуучууд эрмэлздэг болсон ч тэдний овилгогүй зан бөхөд хайртай үзэгчдээ үргээх нь.

Нөгөө үндэсний ёс заншил, өвөг дээдсээ хүндлэх, ахмад бөхөө хайрлах ухааныг өнөөдрийн хүчтэнүүд уландаа гишгэж байна. Мэдээж үүнд бүгдийг нь хамаатуулж болохгүй. “Монгол бахархлын өдөр”-өөр Бөхийн өргөөнд зодоглосон 128 бөхөө манлайлсан хүчтэн улсын арслан Э.Оюунболд нь түмний өмнө зохисгүй авир гаргасанд олон хүн эгдүүцсэн. Тэр 20-хон насандаа төрийн наадамд түрүүлж түмэн олны хайр хүндэтгэлийг хүлээсэн.

Харамсалтай нь, гаргаж буй авираараа тэр бусдын дургүйг хүргэв. Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цогтбаатар хэлэхдээ “Хөлийн цэцүүд шийдвэр гаргасан бол түүнийг нь биелүүлэх ёстой. Хэрвээ тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд барилдаанаас хасах дүрэмтэй. Цаашлаад жаяг дэгийн багийнхан хуралдаж барилдах эрхийг нь хязгаарлаж болно” хэмээн ярьсан байдаг. 

МӨНГӨ ҮНДЭСНИЙ БАХАРХЛААС ҮНЭТЭЙ ЮҮ

Хоёрхон хоногийн өмнө “Монгол бахархлын өдөр” тохиов. Энэ нь Үндэсний баяр наадам, Цагаан сарын дараа орохуйц томоохон хэмжээний баяр. 

Жил бүр үндэсний бөхийн томчууд буюу бидний хайрладаг аварга, арслан, гарьд, заан, харцага, начин цолтнууд уран барилдаанаараа гайхуулдаг. Яах гэж ийм цолонд хүрснээ харуулдаг. 

Тэдний уран барилдааныг үзэх гэж сонирхогчид Монгол бөхийн өргөөг дүүргэдэг. Харамсалтай нь, энэ жил тийм зүйл болсонгүй. Хятадууд Өвөрмонголын Ордос хотноо өндөр шагналтай “Алтан бүс”-ний төлөөх барилдаанаа энэ удаа Монголын “Монгол бахархлын өдөр”-тэй давхцуулав. Бодлогоор уу, эсвэл санаандгүй ингэж таарав уу, бүү мэд. Өвөрлөгч ахан дүүс хэзээ, ямар барилдаанаа зохион байгуулах нь тэдний л хэрэг.

Гагцхүү Монголын аварга, арслан тэргүүтэй хүчтэнүүд мөнгөний төлөө өвөрлөгч орныг зорьсонд бөх сонирхогчид эмзэглэж байгаа юм. Түрүүлсэн бөх 30 сая төгрөг. Уг нь бол шальтай их мөнгө биш. Улсын баяр наадмаар бөхчүүд нутгийн ах нар болон бизнесменүүдийн дэмжлэгээр цолонд хүрдэг болоод удсан. Тийнхүү авсан цолыг нутгийнхан нь дахиад мялаана. Ингэхдээ үнэтэй машин, их хэмжээний мөнгө, байр, таван хошуу мал зэргийг өгдөг.

Үүгээр бол тэд их спортоор тив, дэлхийн аварга, олимпт амжилт гаргасан тамирчдаас илүү баян мэт. Дээрээс нь Монголын томоохон компаниуд үндэсний бөхчүүдээ ивээн тэтгэж, тэднийг брэндээ болгон цалинжуулдаг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Үүнээс гадна Монголд болж буй барилдааны шагналын сан бас тийм ч муу биш аж. Нэг барилдаанд оролцоод түрүүлсэн бөх дор хаяж 2-3 сая төгрөг авч байна. Үүний зэрэгцээ давсан давааныхаа тоогоор бай шагнал авдаг.

Монголын үндэсний бөхийн холбооноос сард улсын цолтой бөхчүүд оролцох 4-5 барилдаан зохион байгуулж байна. Ийм байтал манай бөхчүүдийн нүдэнд мөнгөнөөс илүү зүйл харагдахаа больсон юм болов уу. Нэр хүнд, алдар нэр, эх орон, монгол үндэсний бахархлаас илүү мөнгийг эрхэм болгосон бөхчүүддээ яах вэ. Өмнөх  гурван барилдаанд нь дараалан түрүүлсэн манай бөхчүүд алтан бүсийг, 30 сая төгрөгтэй нь авах зорилго өвөртөлсөн ч энэ удаа бүтсэнгүй.

Өвөрлөгч орны хүчтэнүүд Ар Монголоос ирэх бөхчүүдэд “гэнэтийн бэлэг” барьж, ганзага хоосон буцаалаа. Харин алтан бүс, мөнгөний төлөө явсан манай арслан, гарьд, заан тэргүүтэн бөхөд хайртай ард түмнийхээ дунд нэр хүндээ алдахын дээдээр алдав. Яах гэж бид тэднийг харж даган баясаж, тэднээр бахархдаг вэ. Тэд монгол бөхийн аварга, арслангууд учраас л тэр. Гэвч одоо манай бөхчүүдийн нүдэнд мөнгөнөөс өөр зүйл харагдахаа больж.

Төрийнхөө наадмын давааг хүртэл мөнгөөр үнэлж гутаадаг болсон нь үнэн аж. Сүмод давааны найраа хийсэн бөхийг хөөдөг. Харин манайд барилдсаар л байна. Ядаж л барилдах эрхийг нь тодорхой хугацаанд хасах, цаашлаад цолыг нь хураах ёстой мэт санагдана. 

Зураг