Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Роберт Мугабэ огцрох өргөдлөө бичиж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Зимбабве улсын 93 настай ерөнхийлөгч Роберт Мугабэ сайн дураар огцрох тохиролцоонд хүрч, өргөдлөө бичиж эхэлснийг CNN суваг засгийн газрын эх сурвалжаас авснаа дамжууллаа.

Өнгөрсөн долоо хоногт нийслэл Хараре хотыг мэдэлдээ оруулсан генералуудтай Мугабэ олон хоног хэлэлцсэний үр дүнд ийм шийдэлд хүрсэн байна.

Тохиролцооны хүрээнд Мугабэ болон түүний эхнэр Грэйс нарын халдашгүй байдлыг армийнхан баталгаажуулахаар болжээ. Бас түүний хувийн өмч хөрөнгөнд гар хүрэхгүй гэсэн баталгаа өгсөн гэнэ. Өчигдөр Мугабэ үндэсний телевизээр ард иргэддээ хандаж үг хэлэхдээ уншихаар бэлдсэн үгнээсээ зөрж, огцрох талаар дурдаагүй өнгөрсөн нь Зимбабвед төдийгүй дэлхий нийтэд гэнэтийн явдал болсон юм.

Эрх баригч ZANU-PF нам өчигдөр өглөө Мугабэг намын даргын суудлаас чөлөөлснөө зарлаж, түүнд сайн дураараа огцрох 24 цагийн хугацаа өгсөн. Мугабэ огцрох өргөдлөө Зимбабвегийн парламентийн даргад гардуулснаар албан ёсны хүсэлтэд тооцогдох юм.

 

Эх сурвалж: CNN