Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлэнгэ аймгийн Мандал суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Т.Саран, iKon.mn
2017 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Сэлэнгэ аймгийн Мандал суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар нараар ахлуулсан ажлын хэсэг хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа юм.

Харин өнөөдөр Улсын Онцгой комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр тэргүүтэй шуурхай бүлэг тус суманд ажиллаж, сумын Онцгой комиссыг хуралдуулан үүрэг чиглэл өглөө.

Сэлэнгэ аймгийн Мандал сум нь 26,880 хүн амтай, 586 аж ахуйн нэгжтэй, авто болон төмөр замаар Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагтай холбогддог. Мөн тус сумын төвд 23 мянга гаруй мал, 1,000 гаруй гахайтай. Үүнээс өнөөдрийн байдлаар шүлхий өвчнөөр өвчилсөн 9 өрхийн 53 үхрийг зориудаар устгаад байгаа бөгөөд вакцинжуулалтын ажлыг явуулж эхлээд байна.

 

Тиймээс Улсын Онцгой комиссоос Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 263, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 263, 312, 264 дүгээр галт тэрэг, Улаанбаатар-Зүүнхараа-Дархан чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зогсоохгүй явуулах, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 282 дугаар галт тэргийг замын өртөөнүүдэд зогсоохгүйгээр явуулах шийдвэрийг гаргасан. 

 Мөн БСШУСЯ-тай хамтран цэцэрлэг, сургуулийн хичээлийг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэрийг гаргалаа. Харин шүлхий өвчин гарсан шалтгаан нөхцлийг яаралтай тогтоохыг Тагнуул, цагдаагийн газруудад үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.