Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улсад өнөөдрийн байдлаар ХДХВ-ийн халдвартай 249 хүн байна"

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах олон улсын өдөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд тохиодог билээ. Тиймээс энэ өдрийг угтаж Монгол Улсад болон дэлхий нийтийн ХДХВ, ДОХ-ын өнөөгийн байдлын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.

"Улсын хэмжээнд ДОХ-ыг илрүүлэх шинжилгээ, үйлчилгээ, эмчилгээ үнэ төлбөргүй байдаг"

ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны эмч Э.Эрдэнэтунгалаг "2016 онд бүртгэгдсэн нийт халдварт өвчний дотор бэлгийн замаар дамжих халдварын бүртгэгдсэн тохиолдол 30 орчим хувийг эзэлж байна. Мөн сүүлийн 5 жилийн дунджаас үзэхэд бэлгийн замаар дамжих халдварын бүртгэгдсэн тохиолдол нийт халдварын 30 хувийг эзэлдэг. 

Бэлгийн замаар дамжих халдвар дотор тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, хүний дархлал хомсдолын вирус гэсэн үндсэн 4 өвчлөл бүртгэгдэж байгаа.

2016 онд бүртгэгдсэн бэлгийн замаар дамжих халдвар нь 2015 онтой харьцуулахад буурсан. Энэ нь амьсгалын замаар дамжих халдварын тохиолдлын түвшин нэмэгдсэнтэй холбоотой.

2017 оны арваннэгдүгээр сарын 20-ны буюу өнөөдрийн байдлаар ХДХВ-ийн халдвартай гэж албан ёсоор бүртгэгдсэн 249 хүн байна, 25 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр халдвартай хүмүүсийн 56 орчим хувь нь 20-44 насныхан. Хүйсийн хувьд 80 орчим хувь нь эрэгтэйчүүд байна. 

Улсын хэмжээнд хүний дархлал хомсдолын вирусийн халдварыг илрүүлэх шинжилгээ, үйлчилгээ, эмчилгээ үнэ төлбөргүй байдаг. Хэрвээ өөрийгөө эрсдэлтэй алхамд орсон гэж үзвэл бэлгийн замаар дамжих халдварын шинжилгээ, үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагдах эрхтэй. Энэ нь хувь хүн өөрийн сайн дурын үндсэн дээр хамрагдах үйлчилгээ юм.

Дэлхий нийтээрээ гурван 90-ийн зарчмыг баримталдаг. Энэ нь нийт ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийн 90 хувийг илрүүлэх, илрүүлсэн хүмүүсийнхээ 90 хувийг эмчилгээнд хамруулах, эмчилгээнд хамруулсан хүмүүсийнхээ 90 хувийг хүний дархлал хомсдолын вирусийн ачааллыг бууруулах гэсэн зорилт юм.

Монгол Улсын хувьд энэхүү гурван 90-ийн зарчмаар тооцоолж үзээд ХДХВ-ийн тархалтын тооцооллоор 2017 онд 530 орчим хүн амьдрах боломжтой. Үүний 249 хүнийг нь илрүүлсэн гэдэг нь ХДХВ-ийн халдвартай байж болзошгүй хүмүүсийн 35 хувийг нь илрүүлсэн гэсэн үг юм. 

Нийт оношилсон хүмүүсийг өөрсдийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр ретровирусийн эсрэг эмчилгээнд хамруулж байгаа. 

Манай улсад 15-49 насны нөхөн үржихүйн эрэгтэй хүн амын 0.4-0.8 хувь нь эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог буюу бэлгийн цөөнх байх тооцоололтой байна" гэв.

"Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдах хэрэгтэй"

ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны эмч П.Түмэндэмбэрэл "Нийт хүн ам өнөөдөр өөрийгөө халдвартай гэдгээ мэдэхгүй байна. Шинжилгээ, үйлчилгээнд хамрагдахгүй байна. Тиймээс иргэд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд ороход түлхүү анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Манай тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа бүх газрууд иргэдийн нууцыг чанд хадгалж байгаа. 

Одоогоор Монголд ХДХВ-ийн халдвартай 13 ээжээс 19 хүүхэд төрөөд байна. Эдгээр хүүхдүүд бүгд шинжилгээгээр ХДХВ-ийн халдваргүй гэдэг нь ногтлогдсон" гэлээ.

"ХДХВ-ийн халдварын 80 хувийг бэлгийн цөөнх эрэгтэйчүүд эзэлж байна"
 
Гэрэл зургийг mpa.mn

Залуус эрүүл мэнд ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж "ХДХВ-ийн халдварын 80 хувь нь эрэгтэйчүүд, 20 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна гэж дээр дурдсан. 80 хувь эрэгтэйчүүдийнхээ ахиад 80 орчим хувийг нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд эзэлж байгаа. Бэлгийн цөөнх гэдэг нь ижил хүйстэн, трансжендер, биосексуал хүмүүсийн дундаас илэрсэн халдвар.

Манай байгууллага тухайн зорилтот бүлгийг илрүүлэх, эмчилгээнд хамруулах, эмчилгээг таслахгүй байх гэсэн зорилттой үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн хэмжээнд бэлгийн цөөнх эрэгтэйчүүдийг хамгийн эрсдэлтэй бүлэг хүн ам гэж үздэг. 

Ялангуяа, Азийн томоохон хотуудад ихэнх халдвар нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүдийн дунд байдаг. Эдгээр хүмүүсийг яагаад онцолж байна вэ гэхээр нийгэмд ялгаварлан гадуурхалт өндөр байна. Тухайн хүмүүсийг нийгэмд байж болохгүй гэсэн хуучинсаг хандлагаас болж тэднийг үйлчилгээнээс гадуур үлдээчихдэг. Эдгээр хүмүүс нь эмчид очихоосоо эмээх, эсвэл эмч нар тэднийг гадуурхах гэх мэт асуудал гарч ирдэг.

Тиймээс бид хүнийг ялгаварлан гадуурхах үзлээсээ салж, хүний онцлогийг хүлээн зөвшөөрч, адил тэгш хандвал эдгээр хүмүүст тохиолдож буй өвчлөл буурах юм" хэмээн ярилаа.