Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ: Монгол Улсын ЗГ хүүхдийн эрхийн тухай шийдвэрээсээ ухрахгүй байхыг зөвлөлөө

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 11 сарын 20
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

НҮБ-ын Хүүхдийг Ивээх Сан болон хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг үндэсний ТББ-уудын сүлжээ Дэлхийн Хүүхдийн Өдрийг өнөөдөр дэлхий даяар тэмдэглэж байна. 

Энэ өдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан бөгөөд энэ жилээс эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар тус сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгджээ. 

Хүүхдийн өдрийг тохиолдуулан 2017 онд НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хорооноос Монгол Улсын Засгийн Газарт хүргүүлсэн дүгнэлт зөвлөмжийг өнөөдөр танилцууллаа.


Монгол Улсын Засгийн Газар НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцын хэрэгжилтийн 5 дугаар тайлан илтгэлээ 2015 оны 4 дүгээр сард НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд илгээн хэлэлцүүлсэн билээ. Энэхүү тайлантай холбогдуулан Монгол Улсад хүүхдийн эрхийн хэрэгжилт ямар байдалд байгаа талаар нэмэлт мэдээлэл өгөх ТББ-уудын болон хүүхдийн сүүдрийн илтгэл гарсан юм. 

2017 оны 6 дугаар сард НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос тус илтгэлийг хэлэлцэж, конвенцын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газарт дүгнэлт зөвлөмжөө ирүүлснийг танилцууллаа. 

Конвенцын уялдаа бүхий харилцан хамааралт байдлыг анхааран ажиллахыг сануулж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхдийг Ивээх Сангийн хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмон "Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой олон төрийн бус байгууллага /ТББ/ үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаар тайланд нийтдээ 50 ТББ байгууллага бүхий 5 үндэсний сүлжээ байгууллага оролцож байна.

Мөн "Дэлхийн Зөн Монгол" хүүхдийг ивээх олон улсын байгууллага оролцож байгаа. Хүүхдийн эрхтэй холбоотой олон асуудал байна. Тухайлбал, хүүхдийг хурдан морь унуулах асуудал юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөр эрхлэх насны доод хэмжээний талаар 138 дугаар конвенц, мөн хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах тухай 138 дугаар конвенц байдаг.

Манайх эдгээр конвенцийн хэрэгжилтийг хангах шаардлагатай байна. Мөн Засгийн Газар хүүхдийн эрхтэй холбоотойгоор өмнө нь гаргасан шийдвэрээсээ ухрахыг байхыг зөвлөмжид тусгасан. Өөрөө хэлбэл, хөдөлмөрийн сайдын насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтад заасанчлан жил бүр 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-ний хооронд хурдан морь, уяа сунгаа, үсэргээ, уралдаанд хүүхдийг оруулахгүй гэдэг зүйл заалтаа барихыг хүсч байгаа юм. Ийнхүү хүүхдийн амь насанд аюул учруулсан этгээдэд хариуцлага тооцохыг хорооноос зөвлөсөн" гэлээ.

Мөн НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газрыг энэхүү дүгнэлт зөвлөмжийн ач холбогдлыг ойлгон, конвенцын бүх зүйл заалтын уялдаа бүхий, салшгүй, харилцан хамааралт байдлыг анхааран ажиллахыг сануулж байгаа юм.

Ялангуяа хөрөнгө нөөцийн хуваарилалт, хүүхдийн эрх ба бизнесийн салбар, ялгаварлан гадуурхахгүй байх, гэр бүлийн орчин, байгаль орчин ба эрүүл мэнд, мөн хүүхдээр морь унуулах, хүнд хөдөлмөр эрхлүүлэх зэрэг эдийн засгийн мөлжлөгийн эсрэг чиглэлээр хүүхдийн эрхийг хангаж, хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээг яаралтай авахыг НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо шаардаж буйгаа энэ үеэр илэрхийллээ.

Мөн энэ үеэр хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө өгч буй агаарын бохирдлын тухай судалгаа, мэдээллийг танилцуулсан юм.

Хүүхэд бүрэлдсэн мөчөөс эхлэн утаагаар хорддогийг дэлхийн олон судалгаа нотолсон

 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангаас Дэлхийн Хүүхдийн Өдрийг танилцуулах хүрээнд Монголын хүүхэд багачуудын эрүүл мэндэд заналхийлж буй агаарын бохирдлын асуудалд дахин олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж буй юм. Хүүхэд эхийн хэвлийд дөнгөж бүрэлдсэн мөчөөс эхлэн утаагаар хорддогийг дэлхийн олон судалгаа нотолдог байна.

Монгол Улсад өвлийн улиралд дутуу төрөлт, үр зулбалт 5 дахин нэмэгддэг гэх судалгаа байдаг аж. Түүнчлэн өвлийн улиралд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг 6 дахин нэмэгддэг. Мөн бронхит болон астма хүүхдүүдийн дунд нэмэгдэж байгаа нь тэдний сурах, хөгжих боломжийг хязгаарлахад хүргэдэг байна. 

Үүгээр зогсохгүй утаа нь эхийн хэвлийд байгаа хүүхдийн тархины хөгжилд нөлөөлж, яваандаа сэтгэцийн болон зан төлөвийн өөрчлөлтөд оруулах эрсдэлтэйг олон улсын эрдэмтэд нотолсоор байна. Тиймээс агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухлыг Хүүхдийг Ивээх Сангаас Дэлхийн Хүүхдийн Өдөр онцолсон юм.