Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Хятадад баривчлагдаад байсан Америк залуусыг суллуулсандаа харамсав

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Саяхан АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн тамирчин гурван залуу Хятадад байхдаа дэлгүүрээс бараа хулгайлсан хэрэгт холбогдож баривчлагдсан юм.

ЛиАнжело Болл, Коди Райли, Жэйлен Хилл нар Ханьжоу хотын Luis Vuitton брэндийн дэлгүүрээс бараа хулгайлсан хэргээр энэ сарын эхээр саатуулагдаад байв. Тухайн үед АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Бээжинд айлчилж байсан ба гурван залууг суллуулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Тэд АНУ-д эргэж ирснийхээ дараа хэвлэлийн хурал хийж, уучлал гуйн, ерөнхийлөгчийн тусламжинд талархаж байгаагаа хэлж байжээ. Тэд мөн Хятадын засгийн газарт баярласнаа илэрхийлсэн юм.

Гэтэл тэдний нэг болох Боллын аав, хэвлэлд дуулиантай мэдэгдэл хийдгээрээ алдартай ЛаВар Болл ESPN сувагт ярихдаа Трампын тусыг угүйсгэжээ.

 

Баасан гарагт спортын сувгаар ярихдаа ЛаВар “Тэр тэнд юу хийсэн юм бэ? Хүн бүр түүнийг надад тусалсан мэтээр харуулахыг хичээж байна” гэж Трампын тухай ярьсан байна. Тэр бас “Би Лос Анжелесынх. Энд нэг залуу нүдний шил авч гарахаас долоон дор зөндөө юмтай би тааралдаж байна” гэж хүүгээ өмгөөлжээ.

Түүний үг Дональд Трампыг ихэд гомдоосон бололтой. Тэр Ням гарагт твиттер хуудсандаа “Сагсан бөмбөгчин гурван залуу Хятадад олон жил хоригдохоос аврагдаад байхад ЛиАнжелогийн аав ЛаВар хүүгийнх нь төлөө гаргасан миний зүтгэлийг үгүйсгэж, дэлгүүрээс хулгай хийхийг том асуудал биш гэлээ. Би тэднийг шоронд нь үлдээдэг байж!” хэмээн бичжээ.

ЛиАнжелогийн том ах Лонзо нь Лос Анжеле Лэйкерс багт сагсан бөмбөгийн гараагаа амжилттай эхлүүлж, олны танил болсон тул дүү нь Хятадад хулгайд холбогдсон явдал Америкчуудын анхаарлыг ихээр татаж байсан юм.

 

Эх сурвалж: AFP