Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Зээлийн хүү бууруулах асуудлаар ЭДИЙН ЗАСАГЧИД юу хэлэв?

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 11 сарын 20
iKon.MN

Банкны зээлийг хүүгийн дээд хэмжээг хуулиар тогтоох гэж буйтай холбоотой эдийн засагчдын байр суурийг сонслоо. Тэд зээлийн хүүг бууруулахад хийх ёстой алхмуудыг тодорхойлсон юм. 

СЭЗИС-ийн доктор, профессор Б.Батсүх: Нийлүүлэлтийн арга хэмжээг авах тал дээр анхаарах нь механизмын хувьд зөв болно
 

-Сүүлийн үед банкны зээлийн хүүгийн хувь хэмжээнд хуулиар дээд хязгаар тогтоох асуудал яригдаж эхэллээ. Зээлийн хүүг захиргаадлын аргаар тогтоох нь зөв үү, хэр оновчтой арга хэмжээ вэ?

-Эдийн засагт үүнийг “үнийн тааз” тогтоох үйлдэл гэдэг. Хэрэглэгчид зориулж, зах зээлийн үнийг бууруулж байгаа төрийн зохицуулалтын нэг хэлбэр юм. Ингэснээр зээлийн хүү буурч, эрэлт ихэсэх ба энэ хүүгийн түвшинд хийгдэх зээлийн нийлүүлэлт багасч, зах зээл дээр “зээлийн хомсдол” үүсдэг. Тухайн тогтоосон хүүгээр зээлийн материалыг хурдан бүрдүүлэх, эсвэл “банкинд нөлөөтэй” хувь хүн, аж ахуйн нэгжүүд зээл авч чадах боловч, зээлийн материалын хувьд “банкны хүнд сурталд өртөх” жирийн аж ахуйн нэгж, хувь хүний хувьд зээл олдохгүй.

Тиймээс төрийн оролцооны муу үр дагавартай ийм арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зээлийн зах зээлийг урт хугацаандаа гажуудуулах талтай тул буруу арга хэмээн үзэж байна.

-Эдийн засагт ямар үр дагавар үүсгэх вэ?

-Тус арга хэмжээний үр дүнд үүссэн зээлийн зах зээлийн хомсдол нь банкны системийн гадуур “илүү өндөр хүүтэй” өөр нэг далд зээлийн бизнес хөгжих үндсэн нөхцөлийг бүрдүүлэх болно. Тухайлбал, банк бус санхүүгийн байгууллагын хүү банкнаас даруй 2 дахин шахуу ихээр тогтоохоор тусгасан нь банкны бизнес наад зах нь энэ төрөл рүү шилжих болно. Эсвэл хадгаламж зээлийн хоршооны төрөл рүү шилжинэ. Энэ тохиолдолд жижиг аж ахуйн нэгж, иргэд илүү өндөр хүүтэй зээлийн зах зээлээс санхүүжилт олох шаардлагатай тулгарна. Нөгөө талаас өндөр хүүтэй хадгаламж татсан арилжааны банкууд үйл ажиллагаа явуулах орон зай хумигдана.

Зээлийн нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, зээлийн зах зээлийн хүүг бууруулах нийлүүлэлтийн арга хэмжээг авах тал дээр анхаарах нь механизмын хувьд зөв болно.

Ард Кредит ББСБ-ын Гүйцэтгэх захирал Ч.Ганзориг: Төсвийн хяналтгүй зарцуулалтыг хазаарлаж, хяналт, сахилга батыг сайжруулах шаардлагатай
 

-Сүүлийн үед банкны зээлийн хүүгийн хувь хэмжээнд хуулиар дээд хязгаар тогтоох асуудал яригдаж эхэллээ. Зээлийн хүүг захиргаадлын аргаар тогтоох нь зөв үү, хэр оновчтой арга хэмжээ вэ?

-Зээлийн хүүг бууруулах асуудлаар улс төрч, банкны салбарынхан янз бүрийн байр суурь илэрхийлж, зарим нь тодорхой алхмууд хийж эхэлснийг зөв гэж харж байна. Гэхдээ зах зээлийн эдийн засагтай, ардчилсан, чөлөөт нийгэмд амьдарч байгаа гэдэг утгаараа хууль гаргаж, захиргаадалтын аргаар зэх зээлд хөндлөнгөөс нөлөөлөх нь хэзээ ч сайн үр дүн авчирдаггүй гэдгийг бодох хэрэгтэй.

Эхлээд эдийн засаг, улс төрийн тогтвортой байдал бий болж, эрсдлүүд буурах хэрэгтэй. Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжрах хэрэгтэй. Төсвийн хяналтгүй зарцуулалтыг хазаарлаж, хяналт, сахилга батыг сайжруулж, татварын мөнгөний зарцуулалтыг хариуцлагажуулах хэрэгтэй. Тэгвэл Монголбанк бодлогын хүүгээ бууруулна, төгрөгийн ханш тогтвортой болно. Монгол Улсын эрдлийн түвшин буурна. Тэгсэн цагт санхүүгийн байгууллагууд зах зээлийн жамаараа хүүгээ бууруулах нь тодорхой. Дээрээс нь Засгийн газрын бонд нэрээр 15 хувийн эх үүсвэрийг татаж авдгаа хязгаарлаж байж, тэр мөнгө банкнаас хувийн хэвшлийн бизнест очих боломж бүрдэнэ. 

Ийм тогтворгүй эдийн засагт, төгрөгийн ханш нь хэдхэн жилийн дотор 50-60 хувь унаж байхад зээлийн хүү өдий зэрэгтэй байгаа нь их юм гэж бодож байна.

-Хүүг хүчээр буулгах шийдвэр гарвал эдийн засагт ямар үр дагавар үүсгэх вэ?

-Миний бодлоор зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох хууль гараад эхэндээ олон хүн алга ташиж, улс төрчид мундаг зүйл хийсэн гэж ярих байх. Дунд болон урт хугацаандаа энэ нь харин эсрэг үр дүнд хүрч, нийгэм, эдийн засагт нөхөж баршгүй гарз хохирол авчирна. Энэ хуулийн үр дүнд олон жижиг бизнес зогсож, далд эдийн засаг цэцэглэн ажилгүйдэл нэмэгдэхээс гадна Монгол Улсын олон улсын үнэлэмж үлэмж хэмжээгээр унах аюултай. Мөн хууль бус зээл өгдөг хүмүүс маш ихээр гарч ирэх бөгөөд санхүүгийн салбарт авлигал хээл хахууль нүүрлэх эрсдэлтэй.

Хас банкны Гүйцэтгэх захирал М.Болд: Өнөөдөр Монголд мөнгөн хөрөнгө үнэтэй байна
 

-Сүүлийн үед банкны зээлийн хүүгийн хувь хэмжээнд хуулиар дээд хязгаар тогтоох асуудал яригдаж эхэллээ. Зээлийн хүүг захиргаадлын аргаар тогтоох нь зөв үү, хэр оновчтой арга хэмжээ вэ?

-Зээлийн хүү хадгаламжийн хүүгээр тодорхойлогдож байна. Хадгаламж гэдэг нь иргэд, компаниудын мөнгөн хөрөнгө. Өнөөдөр Монголд мөнгөн хөрөнгө тийм л үнэтэй байна гэсэн үг.

Хувь хүн, компанийн хөрөнгө янз бүрийн хэлбэртэй байна. Тухайлбал бэлэн мөнгө, хувьцаа, приус машин, орон байр, зуслангийн байшин гэх мэт. Хүүн дээр хязгаарлалт тогтоох гэж байгаа бол энэ олон хөрөнгийн хэлбэрт үнэ тогтоох гэж буйтай адилхан гэж би хувьдаа үзнэ. Товчхондоо үнэ тогтоодог эдийн засаг, нийгмийн тогтолцоо руу эргэж буцах үзэгдэл, оролдлого явж байна гэж харж байгаа.

Өндөр хүү бол учир шалтгаан биш үр дагавар. Эдийн засаг, нийгэм, банк санхүүгийн тогтолцоо хүссэн хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа учраас мөнгө үнэтэй болоод байна. Тэгэхээр учир шалтгаантай нь биш үр дагавартай нь тэмцэх гэж зүтгэх нь учир утгагүй зүйл.

-Эдийн засагт ямар үр дагавар үүсгэх вэ?

-Зээлийн хүүд хязгаар тогтооно гэдэг нь хадгаламжийн хүүд хязгаар тогтоохтой адилхан. Банкны хөрөнгийн 90 хувь нь иргэд, компани, төр засгийн хадгаламжаас бүрддэг. Иргэд, компаниуд хүүгийн орлого олох гэж банканд мөнгөө хадгалуулдаг. Хүүгээс олох орлого нь багасахаар мөнгөн хөрөнгөө банкнаас эргүүлж татах үзэгдэл газар авна. Банкнаас татсан мөнгөн хөрөнгө сүүдрийн эдийн засгаар эргэлдэх, татвараас зайлсхийх, үүний улмаас төсвийн болон татварын орлого буурах, зээлийн үйлчилгээ хумигдах үзэгдэл гарна. Нөгөөтэйгүүр банкны зардал нэмэгдээд ашиг буурч байгаа учраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол буурна. Тэгэхээр банкны салбараа татаж унагана гэсэн үг л дээ.

Зээлийн олдоц нэмэгдэх биш эсрэгээрээ саарах, хумигдах, мөнгөний эргэлт хяналтаас гадуур гарах үзэгдлийг хөөрөгдөх байх гэж харж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.