Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Герман улс хүүхдэд зүүлгэсэн ухаалаг цагийг хурааж, устгахыг шаарджээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Германы харилцаа холбооны агентлаг Бундеснецагентур хүүхдүүдэд ухаалаг бугуйн цаг зүүлгэхийг хориглож, хураан авч устгахыг эцэг эхчүүдээс шаарджээ.

Тус байгууллагын мэдэгдэлд ухаалаг бугуйн цаг нь хүүхдүүдийг мөрдөх, чагнах хэрэгсэл болох боломжтойг илрүүлсэн гэсэн байна.

5-12 насныханд зориулсан хэд хэдэн төрлийн ухаалаг цагны микрофоныг алсаас идэвхжүүлж, хүүхдийн болон бусад хүмүүсийн яриаг чагнах боломжтой гэнэ.

Герман улсын хуулинд бусдыг зөвшөөрөлгүйгээр тагнах, чагнахыг хориглодог. Тус байгууллагын тэргүүн Иохен Хоманн “Бидний шалгалтаар зарим эцэг эхчүүд хүүхэддээ зүүлгэсэн бугуйн цагаар дамжуулан ангид багшийн ярьж байгааг чагнадаг нь илэрсэн” гэж хэвлэлд ярьжээ.

Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдээсээ хураасан ухаалаг бугуйн цагийг устгаж, устгасан баримтаа онлайнаар илгээхийг хүссэн байна. Ингэвэл эрх баригчид эцэг эхэд нь хууль бус төхөөрөмжийг устгасан гэсэн батламж өгөх гэнэ. Батламж авсан эцэг эхчүүд хууль бус ажиллагаа явуулаагүй гэгдэж, хуулийн өмнө буруутгагдахгүй ажээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард тэд бас нэг төрлийн хүүхэлдэйг устгах ажиллагаа явуулж байсан юм. Уг хүүхэлдэйг тагнуулын зэвсэг болгон ашиглах боломжтойг илрүүлж байв.

Ингэснээр тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдэд Германы зах зээлд бүтээгдэхүүн гаргахдаа бусдыг тагнах боломжийг хаасан байх шаардлага тулгарч байна. Хэрвээ энэ шаардлагыг хангаагүй бол дээрх хэлбэрийн цэвэрлэгээ хийгдэж, зах зээлээ алдах эрсдэлтэй ажээ.

 

Эх сурвалж: The Verge