Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Сицилийн мафийн “боссуудын босс” Тото Риина 87 насандаа таалал төгслөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Сицилийн мафийн түүхэнд хамгийн аймшигтай загалмайлсан эцгүүдийн нэгт тооцогддог байсан Тото Риина өнөөдөр өглөө хорт хавдрын улмаас нас барсныг Италийн хэвлэлүүд мэдээлжээ.

Тэрээр нийт 150 гаруй аллагын хэрэгт буруутгагдаж, насаараа хоригдох 26 удаагийн ял авсан байжээ. Хоёр удаа хагалгаанд орсны дараа түүний бие  эрчимтэй муудсаар ийнхүү өнөөдөр шоронгийн эмнэлэгт амьсгал хураасан байна.

Тото Риина өчигдөр буюу Пүрэв гарагт 87 нас хүрээд байжээ.

Харгис хэрцгийгээрээ алдаршиж, “Араатан” хочтой болсон Риина 1970-аад онд Сицилийн хамгийн том мафи Коза Нострагийн удирдлагыг авсан цагаасаа хойш хэдэн арван жил гэмт хэргийн ертөнцийг ноёлж байсан юм.

1987 онд 300 гаруй дээрэмчнийг зоригтойгоор шийтгэсэн шүүгч Жиованни Фалконе, Пауло Борселлино нарыг 1992 онд мафийнхан хөнөөсөн нь түүний тушаалаар алагдсан хамгийн өндөр албан тушаалтнууд байв.

Тэр бас мафийн нууцыг задруулахыг нь зогсоохын тулд нэгэн гишүүнийхээ 13 настай хүүг барьцаалж, дараа нь боомилж алаад цогцсыг нь хүчилд уусгаж байсан гэдэг.

Өчигдөр гэр бүлийнхэн нь Италийн эрүүлийг хамгаалах яамнаас зөвшөөрөл авч, Риинаг шоронд сүүлчийн удаа эргэжээ. Өндөр настай хоригдол өнгөрсөн долдугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар суллагдах хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй юм.

Энэ оны эхээр Риина “юунд ч харамсахгүй байна…Тэд намайг хэзээ ч зогсоож чадахгүй, бүр 3,000 жил шоронд хорьсон ч чадахгүй” гэж ярьж байгааг чагнах хэрэгслээр бичиж авсан нь энэ шийдвэрт нөлөөлсөн байна.

Риина ядуу тариачны хүү болж, 1930 оны арваннэгдүгээр сарын 16-нд Палермогийн ойролцоох Корлеоне тосгонд төрсөн юм.

Сүүлд Фрэнсис Форд Кополлагийн “Загалмайлсан эцэг” киноны ачаар энэ нэр дэлхийд алдаршсан байна. 1943 онд түүний эцэг, эрэгтэй дүү хоёр нь Америкчуудын хаясан дэлбэрээгүй бөмбөгнөөс дарийг нь салгаж авах гэж байгаад осолдож амиа алджээ. Рийна 19 насандаа анх удаа хүн алсан гэдэг.

Эхлээд босс Лучиано Лэггиогийн цэрэг болж, 1969 оноос анхны Корлеонегийн бүлгийг удирдаж явсаар сүүлд бүх мафийг гартаа оруулсан байна. Тэрээр бараг 25 жил Сицилиэс гаралгүйгээр цагдаа нарт баригдалгүй ажиллаж чадсан гэдэг. Олон дээрэмчин түүний аллагыг шүүхийн өмнө гэрчилснээр насаар хоригдох ялын тоо нь нэмэгдэж байжээ.

Риина өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгсөн 11 хүнээ захиалж алуулсан гэдэг. Эцэст нь түүнийг өрсөлдөгчдийнх нь өгсөн мэдээллээр 1993 онд баривчилж чаджээ.

 

Эх сурвалж: Japan Times