Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Даваасүрэн: Б.Хурц муу муухай зүйлийг тээгээд БНСУ руу явчихаж болохгүй

Т.Саран, iKon.mn
2017 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Их мөнгөнд холбогдчихоод мэлзээд байгаа асуудлыг ингээд өнгөрөөж болохгүй. Их хурлын түвшинд ярьдаг байх ёстой. Өчигдрийн болсон үйл явдалд маш олон иргэд дургүйцлээ илэрхийлж байна. 

Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлаар нийтийн сонсголыг явуулах нь зөв. Муу муухай зүйлийг тээгээд Б.Хурц БНСУ руу явчихаж болохгүй. 

Хэний нэрийг зарлачихна гээд айгаад байгаа юм бэ? Хуулийг тойроод яваад байвал төр цэвэршихгүй. Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний асуудлыг Их хурлын дарга анхааралдаа аваач" гэв. 

Хэлэлцэх хуульгүй болчихлоо гээд Банкны хуулийг яаран оруулж ирж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Хэлэлцэх хуульгүй болчихлоо гээд Банкны салбарын чухал хуулийг яаран оруулж ирж байгаа нь хууль бус. Банкны тухай хуульд олон өөрчлөлт орохоор байна.

Бараг 50 хувьд нь нэмэлт өөрчлөлт оруулахаар байгаа. Банкны зээлийн хүүгийн дээд хэмжээг Монголбанк тогтооно гэсэн байж болшгүй асуудал оруулж ирж байгаа. Тиймээс энэ асуудлыг өргөн хүрээнд судалж байж хэлэлцүүлэх ёстой. Хойшлуулах санал гаргаж байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнбатын гаргасан Банкны тухай хуулийг хэлэлцэхийг хойшлуулах горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Ингээд Банкны тухай хуулийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр болж УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцуулгыг хийлээ.