Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Зимбабвегийн цэргийн эргэлтээс хойш Мугабэ анх удаа олны өмнө ил гарлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Африкийн Зимбабве улсыг 37 жил удирдсан манай дэлхийн хамгийн өндөр настай ерөнхийлөгч Роберт Мугабэ тус улсад үүсээд байгаа тодорхойгүй нөхцөл байдлын дараа анх удаа олны нүдэнд харагджээ.

Цэргийн эргэлтийг удирдаж байгаа гэгддэг Зимбабвегийн армийн генералтай гар барьж, инээмсэглэсэн гэрэл зургийг тус улсын хэвлэлүүд нийтэлсэн байна.

Өчигдөр Мугабэ хоригдож байгаа “Хөх дээвэрт” өргөөнөөсөө гарч төрийн ордонд очин армийн генерал Константино Чивенга болон Өмнөд Африкийн БНУ-аас ирсэн зуучлагч нартай уулзсан ажээ.

Уулзалтын үр дүнг хэвлэлүүд мэдээлээгүй байна. Зимбабвегийн 13 сая хүн ам тус улсын хувь заяа хааш эргэхийг чих тавин хүлээж байгаа юм.

1980 онд Зимбабвег Британий колоничлолоос чөлөөлсөн цагаас эхлэн улс орныг удирдсан Роберт Мугабэг армийнхан албан тушаалаасаа сайн дураар татгалзахыг шаардаж байгаа гэх мэдээлэл бий. Харин 93 настай ерөнхийлөгч энэ саналыг эсэргүүцсээр байгаа гэнэ.

Цэргийнхний гол зорилго нь Мугабэгийн эрх мэдлийг түүний 52 настай эхнэр Грэйст шилжүүлүүлэхгүй байх, оронд нь дэд ерөнхийлөгч асан 75 настай Эммерсон Мнангагваг ерөнхийлөгч болгох юм.

Мугабэ хэдийгээр дэлхий нийтэд Зимбабвегийн эдийн засгийг сүйрүүлж байгаа дарангуйлагч мэтээр харагддаг ч ихэнх Африкчуудын хувьд эрх чөлөөний тэмцлийн билэг тэмдэг болсон хүн.

Тиймээс Мугабэ амархан суудлаа өгчихгүй бололтой. Хэрвээ тэр армийнхны саналыг хүлээж авбал цус гаргалгүйгээр төрийн эрх шилжиж, Мугабэг Өмнөд Африкийн БНУ-д цагаачилж амьдарна гэсэн яриа гараад байна.

 

Эх сурвалж: Reuters