Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

WADA Оросын сэргээшийн эсрэг агентлагийн статусыг сэргээхээс татгалзлаа

Э.Мөнхзаяа
2017 оны 11 сарын 17
MorninigNews.mn
Зураг зураг

Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг буюу WADA Оросын допингийн эсрэг агентлаг (РУСАДА)-гийн эрхийг сэргээхгүй байхаар шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэр нь ОХУ ирэх онд Өмнөд Солонгосын Пёнчанд болох өвлийн олимпт оролцох асуудлыг мухардуулж байгаа юм. WADA-гийнхны тэмдэглэснээр РУСАДА-тай холбоотой шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Оросын спортын ажилтнуудын дунд “Макларены баримтаас гарсан дүгнэлтийг үг дуугүй хүлээн зөвшөөрсөн” хүн байхгүйтэй холбоотой гэнэ. РУСАДА нэлээд их ажил хийсэн ч энэ нь хангалттай биш гэж WADA үзжээ.

WADA-гийн хараат бус комиссоос Орост төрийн түвшинд сэргээш хэрэглэх систем байдаг, түүнийгээ нуудаг гэсэн баримт гаргаж тавьсан билээ. Энэхүү баримтыг дэлгэснээс хойш буюу 2015 оны арваннэгдүгээр сараас РУСАДА-гийн үйл ажиллагааг зогсоосон.

Үүний улмаас Оросын шигшээ баг тэр чигтээ Рио-де-Жанейрогийн паралимпад оролцож чадаагүй юм. Түүнчлэн Олимпын наадамд оролцох ёстой байсан тамирчдыг олон улсын спортын холбоод тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан.

WADA-гийн зөвлөлийн шийдвэр хэрхэн гарах талаар Германы сэтгүүлч Хайо Зеппельт хэдхэн хоногийн өмнө нийтлэл бичиж байв. Уг нийтлэлд РУСАДА-гийн эрхийг сэргээхгүй байх нь Оросын тамирчдыг ойрын хугацаанд буюу ирэх 2018 онд Өмнөд Солонгосын Пёнчанд болох олимп, паралимпийн наадамд оролцох асуудлыг мухардалд оруулна гэжээ.

Харин Оросын Олимпын хорооны дарга Александр Жуков Сөүлд болсон WADA-гийн зөвлөлийн хуралд суусан бөгөөд тэрбээр РУСАДА-гийн итгэмжлэлийг сэргээгээгүй нь Оросын “цэвэр" тамирчдыг тэмцээн уралдаанд оролцоход саад болохгүй гэж мэдэгджээ. “Энэ бол ямар нэгэн зохиомол саад юм. Гэхдээ Оросын “цэвэр" тамирчдыг ямар ч тэмцээнд оролцоход саад болохгүй.

Энэ л хамгийн чухал. WADA-гийн шийдвэрийг Олон улсын Олимпийн хорооны удахгүй гарах шийдвэртэй заавал холбох шаардлагагүй” гэж Жуков мэдэгджээ.

Ирэх арванхоёрдугаар сард Олон улсын Олимпын хороо Оросыг 2018 оны Олимпт оролцох боломжтой эсэхийг шийдвэрлэх юм. “РУСАДА-гийн эрхийг сэргээх, шигшээгийнхэн Олимпт оролцох нь хоёр өөр ойлголт. Нэг нь нөгөөтэйгөө огт хамааралгүй" хэмээн Оросын Шадар сайд Виталий Мутко ч мэдэгджээ. Гэхдээ РУСАДА-гийн эрхийг сэргээгээгүй нь Оросын паралимпийн тамирчдад асуудал үүсгэж болзошгүй гэдгийг Жуков хүлээн зөвшөөрсөн байна.

Төрөөс дэмждэг сэргээшийн систем байхгүй

WADA РУСАДА-гий эрхийг сэргээхгүй байх тухай шийдвэр гаргасны дараа Сөүлд очсон Оросын төлөөлөгчид сэргээш хэрэглэсэн баримтыг нуусан нь Оросын сэргээшийн эсрэг агентлагийн өмнөх удирдлагуудын хийсэн ажил гэж мэдэгджээ. Түүнчлэн “Харин бид улсаас дэмждэг сэргээшийн систем байдаг гэдгийг бүрэн үгүйсгэж байна" хэмээн Жуков мэдэгдсэн байна.

Оросын Спортын сайд Павел Колобковын хэлснээр "Оростой өөр харилцааг үүсгэж байна. Энэ нь ямар нэгэн шударга бус шүүлт болж байна” гэж мэдэгджээ.

WADA-гийн үзэж буйгаар Орос нь сэргээштэй холбоотой хоёр зүйл заалтыг зөвшөөрөөгүй гэнэ. Энэ нь төрөөс сэргээшийн эсрэг системд оролцдогоо хүлээн зөвшөөрөөгүй, WADA-гийн шинжээчдийг тэмдэглэсэн лабораторидоо оруулаагүй гэсэн хоёр зүйл байгаа аж. Харин Колобков “Энэ хоёр шаардлага нь улс төрийн шинжтэй байна” гэж хэлсэн байна.

WADA энэ сарын 10-нд Москвагийн сэргээшийн эсрэг лабораториос Оросын тамирчдын 2012 оны нэгдүгээр сараас 2015 оны наймдугаар cap хүртэлх сэргээшийн шинжилгээний бүх дүнг нэгтгэсэн мэдээллийн санг авсан гэж мэдээлсэн билээ. Тус агентлагийн тэмдэглэснээр эдгээр мэдээлэл нь Оросын засаг захиргаанд Макларены шалгалтын үр дүнд хүлээн зөвшөөрүүлэхэд дөхөм болно гэжээ.

Гэхдээ WADA яг ямар арга замаар мэдээллийн санг авсан тухайгаа мэдээлээгүй байна. “New York Times” сонины мэдээлснээр мэдээлэл бүхий цахим файлыг нэгэн мэдээлэгч явуулсан гэнэ. Түүнчлэн тус сонин энэхүү мэдээллийн санг Оросын тамирчдын сэргээшийн хэрэглээг шинээр нотолж, Оросыг шинэ шийтгэлд татах боломж болно гэж тэмдэглэжээ.

Макларены баримт

Өнгөрсөн оны тавдугаар сард Канадын хуульч Ричард Макларен Оросын тамирчдын сэргээшийн хэрэглээг мөрдөн шалгах WA-DA-гийн хараат бус комиссыг тэргүүлж эхэлсэн билээ. Ингээд зургаадугаар сард комиссын баримтын эхний хэсэг гарч, Орост 2011-2015 онд Оросын тамирчдын сэргээшийн шинжилгээний эерэг хариуг нуух бүхэл бүтэн систем байгуулагдсан гэж мэдээлжээ.

2016 оны арванхоёрдугаар сард танилцуулсан баримтын хоёрдугаар хэсэгт сэргээшийн дээжийн заль мэхэд Оросын мянга гаруй тамирчин оролцсон гэж баталсан байна. Үүнээс гадна сэргээшийн дээжийн луйварт Оросын Спортын сайд асан Виталий Муткогийн нэр ч дурдагдаж эхэлжээ.

Оросын төр засаг, спортынхон ч Макларены дүгнэлтийг ямар ч нотлох зүйлгүй, үндэслэлгүй гээд Оросын спортын имижийг унагах гэсэн оролдлого гэж тэмдэглэжээ.

WADA ч Москвагийн сэргээшийн эсрэг лаборатори сэргээшийн ихэнх дээжээ устгасан тул нотлох баримт хангалтгүй байна гэж үзжээ.

Зураг