Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дүрвэж ирсэн Хойд Солонгосын цэргийн гэдэснээс 27 см урт туузан хорхой гарчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Хойд Солонгосоос Өмнөд Солонгос руу зугтаж ирсэн цэрэгт хоёр дахь удаагаа хагалгаа хийснээ эмч нар мэдээлжээ.

Зугтаж ирсэн эхний өдөр нь шууд таван цаг үргэлжилсэн хагалгаанд оруулж, цэргийн биенээс АК-47 бууны таван сум гаргасан юм. Тэгвэл өчигдөр 3.5 цаг үргэлжилсэн хагалгааг хоёр дахь удаагаа хийж, биенээс үлдсэн сумыг авч, гэмтсэн эдийг цэвэрлэсэн тухай Сувон хотын Ажоу эмнэлгийн эмч Ли Кок Жон ярьжээ.

Гэсэн ч цэргийн бие муу байгаа тул амьд үлдэх эсэхийг баттай хэлж чадахгүй гэж хэлсэн байна.

Цэргийн биед олон тооны шимэгч хорхой, түүн дотроо 27 см урт туузан хорхой илэрсэн нь хагалгааг хүндрүүлж байсныг Ли эмч сэтгүүлчдэд мэдээлжээ.

Энэ бүхэн Хойд Солонгост амьдрал ямар хүнд байгааг харуулж байна гэж тэр дүгнэсэн байна. “Ийм зүйл Өмнөд Солонгосчуудад маш ховор” гээд 20 гаруй жил эмчээр ажиллахдаа ийм урт хорхойг сурах бичгээс л харж байснаа Ли эмч ярьжээ.

Мөн цэргийн гэдэс дотроос боловсрогдоогүй хоол хүнс, голдуу эрдэнэ шиш гарсан байна. Эмч нар эдгээр шимэгч хорхойнууд болон бохирдлыг биенээс нь цэвэрлэсэн бөгөөд цаашид биеийн байдлаас хамаарч дахин хагалгаа хийж болзошгүй гэжээ.

Мөн Өмнөд Солонгосын армийнхан цэргийг зугтах үед Хойд Солонгосын тал гал нээсэн нь хоёр улсын дунд сахидаг гал зогсоох гэрээг зөрчсөн эсэхийг шалгаж байгаа гэнэ.

1950-1953 оны хооронд өрнөсөн Солонгосын дайны дараа DMZ буюу зэвсэггүй бүсийг байгуулж, гал зогсоох гэрээ байгуулсан юм. Талуудын хэлэлцээр хийдэг харуулын цэг Сөүлээс 56 км зайтай Панмунжонд ганцхан байдаг бөгөөд бусад хэсгийг нь битүү зэвсэглэж, хүн нэвтрэхэд маш хэцүү болгосон байдаг.

 

Эх сурвалж: Korea Times