Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Зимбабве улсын тэргүүн хатагтайн СЭХЭЛТ ба УНАЛТ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хоёр хоногийн өмнө Зимбабве улсын нийслэлд цэргийнхэн эргэлт хийж, 93 настай ерөнхийлөгч Роберт Мугабэг гэр бүлийнх нь хамт гэрийн хорионд оруулсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Энэ явдлыг ерөнхийлөгчийн гэргий Грэйс Мугабэгийн улс төрийн амбиц хэтэрснээс үүдэлтэй гэж ажиглагчид тайлбарлаж байгаа юм. Грэйс хатагтай ирэх жил болох Зимбабвегийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, өндөр настай нөхрийнхөө албыг залгамжлах их хүсэлтэй байгаа.

Түүнд дэд ерөнхийлөгч Эммерсон Мнангагва саад болж байсан тул нөхрөө ятгасаар эцэст нь албан тушаалаас нь огцруулж, намаас нь хөөлгөсөн юм.

Өнгөрсөн зун тэр бас Өмнөд Африкийн Иоханнесбург хотод хүүтэйгээ уулзаж байсан залуу модель бүсгүйг зодож танхайрсныхаа дараа дипломат халдашгүй эрхэнд дулдуйдан шийтгэлгүйгээр мултарч байв.

Түүнийг тухайн үед “шоппинг” хийхээр хөрш Өмнөд Африкт очоод байсан гэдэг. Эдийн засаг нь шалдаа буусан Зимбабвегийн тэргүүн хатагтай брэнд хөөцөлддөг нэгэн тул иргэд нь Гучи (Gucci) Грэйс гэж хочилдог ажээ. Бас “Тэргүүн дэлгүүр хэсэгч” гэж нэрлэх нь бий.

Грэйс Мугабэ тэргүүн хатагтай болсныхоо дараа 2 хүү, нэг охин төрүүлсэн юм.

Амьдрахын төлөө зүтгэж явсан ганц бие эмэгтэйгээс Зимбабвегийн хамгийн хүчирхэг эмэгтэй болсон түүх нь сонирхолтой.

1990-ээд оны эхээр Грэйс ерөнхийлөгчийн ордонд бичээчээр ажилд орсон байна. Ажилд орсон цагаас нь эхлэн ерөнхийлөгч Мугабэ түүнийг эргүүлж эхэлжээ.

Гэвч тэдэнд хоёр том асуудал байсны нэг нь тэд 40 насны зөрүүтэй, хоёрт Мугабэ эхнэртэй байлаа. Ерөнхийлөгчийн эхнэр Сэлли Мугабэ тэр үед хорт хавдар туссан, эмчилгээгүй болоод байсан юм.

Гэхдээ өмнөх тэргүүн хатагтай хувь заяатайгаа эвлэрч, ерөнхийлөгчөөс өөрийн хүсэлтээр салж, Грэйст зай тавьж өгсөн гэнэ.

Сэлли Мугабэ 1992 онд нас барж, 1996 онд ерөнхийлөгч Грэйстэй нижгэр хурим хийн нэг гэрт оржээ. Тэдний хуриманд 40,000 хүн уригдсаны дотор Нелсон Мандела байлаа. Хуримлах үедээ тэд хоёр хүүхэдтэй болоод байсан ба дараа жил нь гурав дахь хүүхдээ төрүүлсэн юм.

Эхэндээ Грэйс Сэллигийн сүүдрээс гардаггүй, даруухан эмэгтэй байв. Улс төр түүнд ямар ч хамаагүй, харин дэлгүүр хэсэж, наймаа хийх хачин дуртай байсан гэнэ.

Ferragamo брэндийн өндөр өсгийтийн хорхойтой тэргүүн хатагтайг ард иргэд нь “Gucci” гэж хочилдог болсон нь ийм учиртай.

Тэр Парист нэг удаа дэлгүүр хэсэхдээ $100,000 үрж байсан гэдэг. Сүүл сүүлдээ Грэйс эрх мэдэлд улам дурлах болж, зан ааш нь эвдэрч эхэлсэн юм. 2009 онд тэр Хонг Конгод дэлгүүр хэсэж явахдаа зургийг нь авсан Британий гэрэл зурагчинг бие хамгаалагчдаараа хөөлгөн бариулж, өөрийн гараар нүүрэнд нь олон удаа цохиж байсан гэдэг.

Иймэрхүү явдал Сингапур, Малайзад хэд хэд давтагдсанаас сүүлийнх нь дээр дурдсан Өмнөд Африкийн хэрэг явдал байв. Тэргүүн хатагтай энэ хугацаанд хувийн бизнесээ цэцэглүүлж, хэд хэдэн уул уурхайн бизнес эхлүүлсэн нь бүгд бүтэлгүйтжээ. Тэр бас цагаан арьстнуудын эзэмшиж байгаад засгийн газарт алдсан таван фермийг эзэмшиж, сүүний үйлдвэрлэлийн вант улстай болсон юм.

2014 оноос Грэйс өөрийгөө ерөнхийлөгчийг залгамжлах хүн гэдгээ аажим аажмаар танилцуулж эхэлсэн байна.

Тэр эрх баригч намын эмэгтэйчүүдийн байгууллагыг тэргүүлж, намын удирдах зөвлөлд сонгогджээ. Зимбабвегийн их сургуульд ердөө гурван сар бүртгэлтэй явсныхаа дараа тэргүүн хатагтай докторын цол хүртсэн нь боловсролын түвшнийг нь огцом өөд татсан хэрэг байв.

Гэхдээ түүний дипломын ажлыг одоо болтол нийтэд ил гаргаагүй гэдэг. Дараа нь тэр эрх баригч нам дотрох залуу лидерүүдийн фракцийг байгуулж, Generation 40 буюу 40-өөд настнуудыг улс орны удирдлагад нэвтрүүлэхийн төлөө тэмцэж эхэлсэн байна.

Харин сүүлд түүнтэй Мугабэг залгамжлахаар өрсөлдөж, албан тушаалаасаа зайлуулагдсан Мнангагва нь 1970-аад оны үед партизаны дайнд оролцож явсан ахмад үеийн төлөөлөл юм.

Энэ бүхний эцэст арми, цэргийнхэн дотор нэр хүндтэй, 75 настай ахмад дайчин Мнангагва Грэйс хатагтайн амбицийг дарахын тулд Зимбабвед төрийн эргэлт хийгээд байна. Ерөнхийлөгч Мугабэ болон тэргүүн хатагтай Грэйс нарын хувь заяа яасан нь одоо болтол тодорхойгүй байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian