Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хаянхярваа МАН-ын даргад нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдлээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Монгол Ардын намын даргад нэр дэвшин өрсөлдөхөө өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр “МАН-ын 28 дугаар Их хурал болох гэж буйтай холбоотой намын даргын сунгаанд оролцох нэр дэвшигчдийн нэрс хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд гарч байна. Үүний дотор миний нэр багтаж байгаа.

Намайг “МАН-ын даргад өрсөлдөнө” гэж яриа гарснаас хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн байдлаар хандаж байгаа нь ажиглагдаж байна.

Тиймээс өнөөдөр би намын нийт гишүүд, дэмжигчидээ хандаж, МАН-ын 28 дугаар Их хурлаас МАН-ын даргад нэрээ дэвшүүлнэ гэдгээ албан ёсоор зарлаж байна.

Намын даргад өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийг шударга, тэгш мэдээллээр хангаж ажиллахыг хэвлэл мэдээллийнхэн та бүхнээс хүсч байна” гэсэн юм.

Үүний дараа сэтгүүлчид сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа. 

-Дарга болохын тулд мөнгө төгрөг тараах гэх мэтчилэн үйлдлүүд гардаг. Намын даргын сунгаа хэр шударга явна гэж та бодож байна вэ? 

-Миний хувьд МАН-ын даргын сонгууль шударга болно гэдэгт итгэлтэй байгаа. Гадуур янз бүрийн яриа явж байгаа. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллээс харахад надтай холбоотой гэгээтэй мэдээлэл их хурдан алга болж байна.

Харин сөрөг талдаа байвал мөн л хурдан түгж байх жишээтэй. Иймэрхүү асуудал байгаа учраас би хэвлэл мэдээллийнхнийг тэгш байдлаар хангаж өгөхийг хүсч байгаа юм. МАН-ын гишүүд өөрсдөө сайтар шүүн тунгааж шударгаар намын даргаа сонгоно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. 

-Та аль фракци, бүлэглэлээс нэр дэвшиж байгаа вэ? 

-Би өнөөдрийг хүртэл ямар нэгэн фракци, бүлэглэлд харьяалагдаж байгаагүй. Анх удаа орон нутгаас улс төрд орохдоо Н.Энхбаяр гэдэг хүнийг байхад нэр дэвшиж орж ирсэн. Дараа нь Сү.Батболд гэдэг хүний үед Сангийн сайдад нэр дэвшиж байв.

М.Энхболдын үед УИХ дахь МАН-ын бүлгийн дарга болж анх удаагаа намын Удирдах зөвлөлд орсон. Ийм намтартай. Надад ямар нэгэн бүлэглэлийн эрх ашиг байхгүй. Монгол Ардын намын эрх ашгийг багтаасан Монголын эрх ашиг гэж байгаа гэдгийг хэлмээр байна.

-Эв түнжин тааруухан байгаа намынхнаа нэгтгэхийн тулд та юу хийх вэ? 

-Бидний хамгийн том асуудал бол өнөөдөр үүсчихээд байгаа намын талцал. Цаашдаа Монгол Ардын намын дарга, Засгийн газрын асуудлыг тусад нь байлгаж, Засаг нь засгийнхаа, нам нь намынхаа ажлыг сайн хийдэг байвал энэ талцал хуваагдлыг цэглэхэд дэмжлэг болно гэж харж байгаа.