Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Пакистан улс 1,700 жилийн настай, нойрсож буй Буддагийн дүрийг нийтэд үзүүлж эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Пакистанаас олддог эртний Буддын шашны дурсгалууд

Пакистан улс тус улсын нутаг дэвсгэрээс олдсон 1,700 жилийн настай, нойрсож буй Буддагийн хөшөөний үлдэгдлийг олон нийтэд дэлгэжээ.

Ингэснээрээ Исламын хатуу ёс уламжлалтай Пакистанд шашин хоорондын харилцааг зөөлрүүлж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилготой гэнэ.

Уг дурсгалыг эртний Буддизмийн соёлын бүтээлүүд арвин илэрдэг Хибер Пахтунхва мужаас 1929 онд олж байжээ. Үүнээс 88 жилийн дараа малтлагыг дахин сэргээснээр 14 метр өндөр чулуун Будда бүрэн ил гарсан байна.

Энэ бүс нутаг 2,300 жилийн өмнө оршиж байсан Маурийн хаан Ашокийн захиргаанд байхдаа Буддизмийн томоохон төв байжээ.

Пакистан улсад Исламын бус шашинтай цөөнхийг хүчтэй хавчин гадуурхаж, засгийн газар нь Исламын бус соёлын өвүүдийг хүлээн зөвшөөрөхдөө дургүй байсаар ирсэн юм.

Гэвч сүүлийн жилүүдэд энэ байдал өөрчлөгдөж эхэлж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард тус улсын ерөнхий сайд Наваз Шариф Пунжаб муж дахь Хинду сүм хийдийг сэргээн засварлахаа амлаж байв.

Нээлтийн ажиллагаанд оролцсон сөрөг хүчний улс төрч Имран Хан хэдийгээр Исламын консерватив үзэлтэн боловч Буддын соёлын өвийг хамгаалж, аялал жуулчлалыг хөгжүүлэхийн чухлыг онцолсон байна.

Саяхан Пакистаны нийслэл Исламабад хотод Буддын дурсгалыг сэргээж, үзүүлэхийг эсэргүүцсэн цуглаан болсон. Имран Хан үүнийг “Энэ бол цөөнхийн үзэл санаа. Пакистаны ард иргэдийн олонх нь үүнийг сэргээхийн талд байгаа” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian