Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Ганзориг: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулбал ХҮҮ БУУРНА

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

"Ард Кредит” ББСБ-ын Гүйцэтгэх захирал Ч.Ганзоригоос зээлийн хүүгийн дээд хэмжээг хуулиар тогтоох асуудал болон эдийн засагт үзүүлэх үр нөлөөний талаар тодрууллаа.

-Зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуулиар тогтоох асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Зээлийн хүүг бууруулах асуудлаар улс төрч, банкны салбарынхан янз бүрийн байр суурь илэрхийлж, зарим нь тодорхой алхмууд хийж эхэлснийг зөв гэж харж байна. Гэхдээ зах зээлийн эдийн засагтай, ардчилсан, чөлөөт нийгэмд амьдарч байгаа гэдэг утгаараа хууль гаргаж, захиргаадалтын аргаар зэх зээлд хөндлөнгөөс нөлөөлөх нь хэзээ ч сайн үр дүн авчирдаггүй гэдгийг бодох хэрэгтэй.

Миний бодлоор зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох хууль гараад эхэндээ олон хүн алга ташиж, улс төрчид мундаг зүйл хийсэн гэж ярих байх. Дунд болон урт хугацаандаа энэ нь харин эсрэг үр дүнд хүрч, нийгэм, эдийн засагт нөхөж баршгүй гарз хохирол авчирна. Энэ хуулийн үр дүнд олон жижиг бизнес зогсож, далд эдийн засаг цэцэглэн ажилгүйдэл нэмэгдэхээс гадна Монгол Улсын олон улсын үнэлэмж үлэмж хэмжээгээр унах аюултай. Мөн хууль бус зээл өгдөг хүмүүс маш ихээр гарч ирэх бөгөөд санхүүгийн салбарт авлигал хээл хахууль нүүрлэх эрсдэлтэй.

-“Ард Кредит” бол Банк Бус Санхүүгийн Байгууллага. Хэрэв зээлийн хүүгийн дээд хэмжээг жилийн 35 хувь болгож тогтоовол таны бизнест сөрөг нөлөө нь юу байх бол?

-Манайх бизнесийн зээлээ хамгийн дээд тал нь жилийн 27 хувиар л өгч байгаа. Энэ хууль манай байгууллагад шууд нөлөөлөхөөргүй харагдаж байна. Богино хугацаандаа бараг манайд ашигтай гэж үзэж байна. Гэхдээ том зургаар нь харвал энэ хууль санхүүгийн салбартаа болон эдийн засагтаа муу нөлөө үзүүлнэ.

-Танайх зээлийнхээ хүүг яагаад харьцангуй бага байлгаж чадаж байна?

-Бид юун түрүүнд илүү олон харилцагчтай, сайн бизнесүүдийг санхүүжүүлж, олон хүнд хүрч ажиллахыг эрмэлздэг. Зээлийн хүүгээ нэмэх биш өөрсдийн эх үүсвэрийн болон үйл ажиллагааны зардлаа аль болох бага түвшинд барин ажиллах нь чухал. Бид гаднаас бага хүүтэй санхүүжилт босгох тал дээр анхаарч ажиллаж байна.

-Зээлийн хүүг бууруулах үр дүнтэй арга нь юу вэ?

-Эдийн засаг, улс төрийн тогтвортой байдал бий болж, эрсдлүүд буурах хэрэгтэй. Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжрах хэрэгтэй. Төсвийн хяналтгүй зарцуулалтыг хазаарлаж, хяналт, сахилга батыг сайжруулж, татварын мөнгөний зарцуулалтыг хариуцлагажуулах хэрэгтэй. Тэгвэл Монголбанк бодлогын хүүгээ бууруулна, төгрөгийн ханш тогтвортой болно. Монгол Улсын эрдлийн түвшин буурна. Тэгсэн цагт санхүүгийн байгууллагууд зах зээлийн жамаараа хүүгээ бууруулах нь тодорхой. Дээрээс нь Засгийн Газрын бонд нэрээр 15 хувийн эх үүсвэрийг татаж авдгаа хязгаарлаж байж, тэр мөнгө банкнаас хувийн хэвшлийн бизнест очих боломж бүрдэнэ.  

Ийм тогтворгүй эдийн засагт, төгрөгийн ханш нь хэдхэн жилийн дотор 50-60 хувь унаж байхад зээлийн хүү өдий зэрэгтэй байгаа нь их юм гэж бодож байна.

-Гаднаас бага хүүтэй санхүүжилт татахад анхаарч ажилладаг гэлээ. Монгол Улсын зээлжих зэрэглэл санхүүжилтийн өртгийг хэр өсгөж байна?

ээлжих зэрэглэл муудах нь маш их сөрөг нөлөө үзүүлдэг. 2011 онд эдийн засаг сайн байхад Монголд 7-8 хувьтай хөрөнгө оруулалт хийдэг байсан санхүүжүүлэгчид өнөөдөр 12 хувиар зээл өгч байна. Энэ нь хатуу валют буюу ам.доллар, еврогийн зээл шүү дээ.

Бид 12 хувиар зээлээр авсан валютаа төгрөг болгоно. Тэгэхээр өөрсдөө ханшийн эрсдэл хүлээж байна гэсэн үг. Төгрөгийн ханш 10 хувь унахад л хүү нь 22 хувь болох жишээтэй. Дээр нь бид үйл ажиллагааны зардал, эрсдэл, бага зэргийн ашиг нэмэхэд л хүү 30 хувь гараад явчихдаг.

ББСБ-ууд банкийг бодвол хадгаламж татах боломжгүй байдаг. Тиймээс зөвхөн өөрийн хөрөнгө болон гаднаас авсан зээлээр л үйл ажиллагаагаа явуулах боломжтой. Хүүг бууруулъя гэвэл жижиг банк, санхүүгийн байгууллагын үйлчилгээний нэр төрлийг олшруулах хэрэгтэй. Санхүүгийн Зохицуулах Хорооноос тавьсан хэт хатуудсан зарим шалгуураа суллах хэрэгтэй. Тэгж байж бид өөр төрлийн эх үүсвэртэй болж, зөвхөн зээлийн хүүгээс хамааралтай байхаа болино. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.