Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

С.Жавхлан гишүүн "Манай Монгол мандана" төслийг орон даяар хэрэгжүүлэхээ зарлалаа

Т.Саран, iKon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн С.Жавхлан үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хөдөлгөөн өрнүүлэх "Манай Монгол мандана" төслийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих "Манай Монгол мандана" төсөл 21 аймаг, бүх дүүргүүдэд хэрэгжинэ. Төсөл "Өөрсдийн хийснээ хүрт, өөрсдийн оёсноо өмс, эс тэгвээс бусдын идэш болно" гэсэн уриатай. Төслийн үзэл санааг танилцуулъя. Үндэсний үйлдвэрлэл гэдэг нь зөвхөн гар урлалыг хэлэхгүй.

Монгол хүний гараар бүтээгдэж байгаа бүх зүйл үндэсний үйлдвэрлэлд багтана. Үүнийг маш өргөн далайцтай хөдөлгөж чадвал үр дүнтэй бөгөөд өнөөгийн нийгэмд тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг даван туулахад тустай. 
Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоогоо мэдэхгүй, хэрэглэгчээ мэдэхгүй байна. Хэрэглэгчид тэнд тийм зүйл үйлдвэрлэгдээд байна гэдгийг мэдэхгүй байгаад байгаа. Энэ асуудлыг хэрэглэгчидтэй холбож өгөх гүүр нь Төр байх ёстой. Миний хувьд өнөөдөр ийм л цогц зүйлүүдийг боловсруулж ярьж байна. Би төслөө Засгийн газар УИХ-ын түвшинд хүргүүлсэн.

Энэхүү төслөө 90 хоногийн хугацаатай гэж төсөөлж байгаа. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгнээс хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хүртэлх энэ хоорон дахь хугацаанд Ерөнхийлөгч, Их хурал, Засгийн газар хамтраад Монгол орон даяар хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй. 

Нэгдүгээрт Монголчууд өөрсдийнхөө юмыг өөрсдөө хэрэглэж занших тэр сайхан эхлэлийг тавина. Хоёрдугаарт сар шинээр Монгол ахан дүүс минь өөр хоорондоо хэрэгтэй, хэрэггүй бараа солилцох биш хэн нэгний оруулж ирж байгаа бүтээгдэхүүнийг баталгаатай үгүйг нь мэдэхгүй хэрэглэхгүй болно.

Хүн ам соёл уламжлал бүх зүйлтэйгээ дасан зохицсон, чанартай бүтээгдэхүүнийг бид хэрэглэх учиртай. Нэг удаа ч гэсэн Чингис хааныхаа зурагтай мөнгөө эх орондоо аваад үлдчихье. 

Баяр болгоноор Чингис хааны маань дүртэй мөнгө гадны мөнгөн тэмдэгтэд хувирч гадагшаа урсдаг. Ийм учраас дотоодын хямрал улам нүүрлээд байгаа. Монгол төгрөгийн нэр хүнд унаад байна. Гэтэл Үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. 

Монгол хүн төгрөгөө аварч үлдэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хөдөлгөөнд Монголын бүх хүмүүсийг уриалж байна" гэлээ.